Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Огноо:

,

Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нисэх онгоцны буудлаас Минск хотын Ялалтын талбайд хүрэлцэн ирж, амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Мөнхийн гал нь Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Ялалтын хөшөөний дэргэдэх дурсгалын бэлгэдэл юм.

Минск хотыг чөлөөлсний 17 жилийн ойгоор 1961 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ялалтын хөшөөний суурийн дэргэд Мөнхийн галыг байрлуулж, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Алексей Бурдейный асаасан.

Ялалтын хөшөө нь Беларусийн ард түмний дайны үеийн баатарлаг тэмцэл, Минск хотыг чөлөөлсөн үйл явдлыг дурсан хүндэтгэх зорилгоор бүтээгдсэн.

Хөшөөний оройд Ялалтын одонгийн дүрсийг байрлуулж, суурийн хэсэгт дайны түүх, баатруудын гавьяаг харуулсан уран баримлын дүрслэлүүдийг харуулсан.

Ялалтын талбай болон Мөнхийн гал нь Минск хотын аялал жуулчлалын чухал цэг юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд Найрамдах Зөвлөлийн дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга нар тус тус бараалхана.

Айлчлалын үеэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, спорт, магадлан итгэмжлэл, гааль, харилцаа холбоо зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд Минск хотноо “Монгол-Беларусийн бизнес форум”, “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” үндэсний урлагийн тоглолтыг толилуулна.

Монгол Улс, Беларусь Улстай 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулан, иргэдийн санал хүсэлт, сонирхсон асуултад шууд хариуллаа.

Засгийн газраас дэвшүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам” бодлогын хүрээнд эдийн засгийн чөлөөлөлт, хүний эрхийн чөлөөлөлт, амьдралын чанар болон ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг цахим чөлөөлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав. Тухайлбал, төрийн зардлыг бууруулж, иргэдийн орлогыг хамгаалах, Оюутолгойн өгөөжийг ард түмэнд хүртээх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, татварын болон тэтгэврийн реформ, 16 мянган өрхийг орон сууцаар хангах, төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх, боловсролын салбарт хөрөнгө оруулах, эмийн үнийн дарамтыг бууруулах, ногоон шилжилтийг эрчимжүүлэх зэрэг бодлогын зорилтыг танилцуулав.

Уулзалтад оролцсон иргэд нийслэлийн дахин төлөвлөлт, орон сууцны хүртээмж, олон жил шийдвэрлэгдээгүй барилга байгууламж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлтэй холбоотой асуудлуудыг хөндөж, холбогдох албаныханд санал хүсэлтээ уламжиллаа.

Дахин төлөвлөлт, Сэлбэ хотын бүтээн байгуулалтад тухайн хорооны иргэд хэрхэн хамрагдах, сонгон шалгаруулалтын шалгуурт тэнцэх боломжгүй иргэдэд ямар нөхцөл, боломж олгох, 20 орчим жил дуусаагүй, эзэнгүй орхигдсон барилга иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учирч буйг хэлж, уг асуудлыг шийдвэрлэхийг хүсэв.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 5 дугаар сургуулийн хашаа руу түрж барьсан барилга 10 гаруй жилийн турш шийдвэрлэгдээгүй байгааг иргэн Н.Даваахүү хөндөж, хууль тогтоомж, эрүүл, аюулгүй орчны шаардлагад нийцэхгүй барилгын асуудлыг шийдвэрлэхийг хүссэн юм. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 40, 50 мянгатын оршин суугчдын дахин төлөвлөлт, барилгын давхрын хязгаарлалт, соёлын өвд бүртгэхтэй холбоотой асуудал хөндөгдлөө. Иргэдийн зүгээс эдгээр асуудлыг хууль, журмын хүрээнд шийдвэрлэж, оршин суугчдын эрх ашгийг харгалзан үзэх шаардлагатайг илэрхийлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сэлбэ хотын бүтээн байгуулалтын хүрээнд 8,575 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд барилгын ажлын гүйцэтгэл 35 орчим хувьтай байгааг танилцууллаа.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах бодлогын хүрээнд хуваарилалтыг квотын зарчмаар, нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд нийт 43 байршилд ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль байгуулах боломжийг судлан, иргэдэд ээлтэй орчныг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. 40, 50 мянгатын бүсийн тоосгон барилгуудын дахин төлөвлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор хувийн хэвшлийн оролцоог хангах, барилгын давхрын хязгаарлалтыг дахин нягтлан үзэх чиглэлээр зураг төслийн бэлтгэл ажил хийсэн талаар мэдээлэв. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй барилга байгууламжийн асуудлыг судалж, эрсдэлийг бууруулах, шаардлагатай арга хэмжээ авах чиглэлээр баг гарган ажиллахаа илэрхийлээ.

Уулзалтын төгсгөлд иргэдийн санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн ажиллахаа илэрхийлэв. Нийслэлийн иргэн та бүхэн “Хотын дарга сонсож байна 150150” тусгай дугаарт санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэх боломжтойг хэллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт13 цагын өмнө

“Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо

Цаг үе13 цаг 3 минут

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжи...

Шударга мэдээ13 цаг 9 минут

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нэ...

Улстөр нийгэм13 цаг 29 минут

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргө...

Улстөр нийгэм13 цаг 44 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал ...

Урлаг спорт14 цаг 3 минут

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ...

Улстөр нийгэм14 цаг 8 минут

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаа...

Урлаг спорт2026/10/23

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт болл...

Шударга мэдээ2026/10/23

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Улстөр нийгэм2026/10/23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч ба...

Санал болгох