Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Наадамчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.
2020 оны 07 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.
2020 оны 7 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 16, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Цаг үе
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Цаг үе
Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ
Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран баяр наадмын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын хяналтын 171 улсын байцаагч өнгөрөгч зургадугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 15-ны өдрийг хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж хамтран гүйцэтгэж байна.
Хяналт шалгалтад улсын болон аймгийн баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хамруулж, гарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар болсон.
Цаг үе
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.