Улстөр нийгэм
Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав.
Засгийн газрын хуралдаанаас:
- Нийслэл, аймгийн төв, суурин газрын хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд зориулж мал, мах бэлтгэх, 20 мянган тонноос багагүй хэмжээний махны нөөц бүрдүүлэх
- Мал, махны экспортыг бүх хэлбэрээр дэмжих, нэмэгдүүлэх
- Отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгад хамруулах, тууврын замд хяналт тавих
- Байгаль, цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлийн талаархи урьдчилан сэргийлэх мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай хүргэж байх
- Малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх график гаргах, жирэмсэн, 0-5 насны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байнгын хяналтад байлгах зэргийг бүх сайд, холбогдох агентлагуудын дарга нарт даалгав.
Мөн:
- Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих
- Аймаг, нийслэл, сум, дүүрэг бүр аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг заасан хэмжээнд бүрдүүлэх
- Малчид, мал бүхий иргэдийг өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан хадлан, гар тэжээл бэлтгүүлэх
- Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн улсын хилийн зурвас газрын ойролцоо хадлан бэлтгэх талбайг говийн бүсийн болон хадлангийн нөөц багатай аймгуудад ашиглуулах, дэмжлэг үзүүлэх
- Улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газарт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тоог урьдчилан гаргах, холбогдох төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авч гэрээний дагуу өвөлжүүлж, хаваржуулахдаа газар нутгийн маргаан гаргахгүй байх
- Отроор өвөлжих, хаваржих малчдыг эрүүл мэндийн даатгалд заавал хамруулах
- Малчин өрхийн талаархи мэдээллийг аймаг хоорондоо солилцож, отроор яваа үед нь тухайн орон нутаг эмнэлгийн тусламж /ялангуяа яаралтай тусламж/ үзүүлэх бэлтгэлээ хангахад нь дэмжлэг үзүүлэх зэргийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Зуншлагын байдал
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны танилцуулгаас үзвэл 2020 оны 07 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд зуншлага сайн, 40 хувьд дунд, 20 гаруй хувьд тааруу. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх, Төв, Дорноговь аймгийн зарим нутгаар муу байна. Үүнтэй холбоотойгоор отор нүүдэл ихсэх хандлагатай болжээ.
Тухайлбал Дундговь аймгаас 1331 малчин өрх нэг сая гаруй толгой малтайгаа Хэнтий, Сүхбаатар, Улаанбаатар, Булган, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймагт оторлож байгаа мэдээ иржээ. Өнгөрсөн өвөл олон жилийн дунджаас их цас орсноос өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Архангай, Хөвсгөл, Булган, Хэнтий, Өвөрхангай, Завхан аймагт нийт нэг сая мал хорогдсон. Энэ нь улсын хэмжээний нийт хорогдлын 86 хувийг эзэлж байна.
Мал, мах бэлтгэл
Манай улсын нийт хүн амын 2020 оны хүнсний хэрэгцээнд 116 мянга гаруй тонн мах шаардлагатай. Хүн амын бодит хэрэглээ, хүнсний зориулалтаар төхөөрөх малын тоонд үндэслэн тооцоход 354 мянга гаруй тонн мах дотоодын зах зээлд нийлүүлэх нөөцтэй гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзжээ. 2019 онд 11 мянга гаруй тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд энэ оны долоодугаар сарын байдлаар 10 мянга орчим тонныг нь худалдан борлуулаад байна.
Бэлчээрийн усан хангамж
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 21 аймгийн 241 суманд 582 худаг шинээр, 184 худаг сэргээн засварлах, 126 булаг, шанд тохижуулах, 9 хөв цөөрөм, 10 худагт сэргээгдэх эрчим хүчээр ажиллах ус өргүүр суурилуулах ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Үүнд улсын болон орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрөөс 10 тэрбум гаруй төгрөг зарцуулж байна.
Улстөр нийгэм
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Нэгдүгээр шатанд буюу 2026-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Хоёрдугаар шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Улстөр нийгэм
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж, иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ.
100 гаруй мянган иргэний дэмжсэн “Гараашны татвар цуцлуулах” төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахаар боллоо. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн юм.
Шинэчлэгдсэн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна.
Цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай манай улсад гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
