Улстөр нийгэм
УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгчдөд зориулсан чиглүүлэх сургалт боллоо
Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс энэ сарын 30-ны өдөр ээлжит сургалтыг зохион байгуулаа. УИХ-ын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч нарт зориулсан тус чиглүүлэх сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан нээж, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа удирдлаа.
УИХ-ын гишүүний зөвлөх, туслах бие төлөөлөгч нь УИХ-ын гишүүдийг хууль тогтоох, хянан шалгах, ард түмнийг төлөөлөх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд өдөр тутамд нь хамтарч ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлдэг гол хүмүүс учир шинээр парламент байгуулагдсаны дараа чиглүүлэх сургалт зохион байгуулдаг уламжлалтай.
Тус сургалтаар УИХ-ын Тамгын газрын бүх нэгж, хэлтсийн дарга, удирдлагууд үйл ажиллагаагаа танилцуулж, УИХ-ын Тамгын газартай хэрхэн хамтарч ажиллах, хамтын ажиллагаагаа нягт байлгаснаар хууль тогтоох үйл ажиллагаа, хуулийн чанарт яаж нөлөөлж болох талаар болон УИХ-ын гишүүний хууль тогтоох, хянан шалгах, ард түмнийг төлөөлөх үүрэг, оролцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Сургалтын үдээс өмнөх хэсэгт УИХ-ын Тамгын газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва “Захиргаа, хүний нөөцийн хэлтсээс үзүүлэх үйлчилгээ, УИХ-ын гишүүний зөвлөх, туслахын ажил, анхаарах зарим асуудал” сэдвээр мэдээлэл хийлээ.
Мөн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх М.Батболд нар тус тусын хэлтсийн үйл ажиллагааг танилцуулж, Удирдлагын академийн Удирдлага, сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч Г.Жаргал “Цагийн менежмент” сэдвээр илтгэл тавилаа.
Дээрх мэдээлэл, танилцуулга, илтгэлтэй холбогдуулж сургалтад оролцогчдын асуусан асуултад албан тушаалтнууд дэлгэрэнгүй хариулт өглөө. Сургалтын үдээс хойших хэсэгт Хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч байгаа бол Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга З.Нямцогт, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа нар тус тусын хэлтсийн үйл ажиллагааг танилцуулав.
Мөн Архивын эрхлэгч Т.Дэлбэрэлням архив, албан хэрэг хөтлөлтийн талаар мэдээлэл өгч, Парламентын судалгааны хүрээлэнгийн судлаач Ц.Ариунаа парламентын судалгаа хийх арга, туршлагаас хуваалцлаа.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Цаг үе2024/05/01
“Е-Мongolia” платформын “Жолоочийн лавлагаа, мэдээлэл” х...
-
Цаг үе2022/05/10
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
-
Цаг үе2022/06/10
Төрийн албан хаагчид албан харилцаанд хувийн цахим шуудан ашиглахыг хориглов
-
Шударга мэдээ2024/02/14
Монголбанк нэгдүгээр сард 1015 кг үнэт металл худалдан авлаа
