Улстөр нийгэм
“Гарааны бизнес эрхлэлтийн тулгамдсан асуудлууд ба төрийн дэмжлэг” хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос “Гарааны бизнес эрхлэлтийн тулгамдсан асуудлууд ба төрийн дэмжлэг” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.09.07/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Амартүвшин, Г.Дамдинням болон БШУЯ, МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парк, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Дриймэрс нэгдлийн төлөөлөл зэрэг 50 гаруй гарааны бизнес эрхлэгчид оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэллээ. Тэрбээр аж үйлдвэрийн 4-р хувьсгал эрчимтэй явагдаж байна. Цаг үеийн өөрчлөлт шинэчлэлтийг мэдэрч нэвтрүүлж чадвал улс орон хөгжих боломж бий. Инновац, цахим бодлогыг эдийн засаг гэх ухагдахуунаар ойлгох ёстойг онцоллоо.

БШУЯ-ны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл Инноваци, технологийн төлөөр хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг танилцуулсан юм. Үүний дараа тус хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулж буй "Dreamers" нэгдлийн санаачлагч Ж.Золзаяа танилцуулга хийлээ. Тус нэгдэл нь 500 гаруй гарааны компаниудыг эгнээндээ нэгтгэсэн байна. УИХ-д бие даасан байнгын хороотой болсондоо тус салбарын гарааны бизнес эрхлэгчид баяртай байгаагаа уламжиллаа. "Dreamers" нэгдэл нь Энтрепренер залуусын нэгдэл бий болгох, залуусын оролцоо, бизнес хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хамтын шийдлийг боловсруулдаг бодлогын Тинк Танк байгууллага болж, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх зорилготойгоор байгуулагдсан байна. Уг нэгдлээс хууль эрх зүйн орчин, төсөв, хөрөнгө оруулалт, хүний нөөц боловсон хүчний асуудлаар тодорхой хэд хэдэн саналуудаар хамтарч ажиллахыг Байнгын хорооны даргад уламжиллаа.

Танилцуулгын дараа оролцогчид байр сууриа илэрхийлж санал солилцсон юм. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гарааны бизнес эрхлэгчдийн санхүүгийн асуудлыг хөндөн ярилцсан бол УИХ-ын гишүүн Г.Дамдинням боловсон хүчний асуудал зэргийн талаар байр сууриа илэрхийллээ. Гарааны бизнес эрхлэгчид оюуны өмчийн асуудал, төрийн албан хаагчдын хүнд суртал, хандлага, санхүүжилтийн асуудлаар санал хэлснээр хэлэлцүүлэг өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Орон сууцны захиалгаар хохирсон иргэдийн асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгууллаа
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, орон сууц захиалах болон худалдан авах гэрээ байгуулсны улмаас хохирсон иргэд, хуулийн этгээдийн төлөөлөл, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.
Хуралдааны үеэр Цагдаагийн байгууллагаас сүүлийн гурван жилийн хугацаанд “орон сууцны захиалга” нэрээр бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн шалгагдсан талаар мэдээлэв. Мөн өнөөдрийн байдлаар 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэг мөрдөн шалгагдаж байгаа аж.
Хохирогч иргэдийн төлөөлөл олон жил орон сууцаа хүлээсэн, гэрээний нөхцөл өөрчлөгдсөн, зарим төсөл бүрэн зогссон, шүүх, прокурор, цагдаагийн ажиллагаа удааширч байгаагаас иргэд дахин хохирч буй талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, зарим иргэн газраа чөлөөлөөд 10 гаруй жил орон сууцандаа орж чадаагүй, зарим төсөлд нэг орон сууцыг давхардуулан захиалсан, мөн урьдчилсан тэмдэглэл болон бүртгэлийн хяналт хангалтгүй байсныг онцоллоо.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, 52 төсөлд тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийж байгаа талаар танилцуулсан байна. Эдгээрээс барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 15, ажил удааширсан дөрөв, зогссон 15 төсөл байгаа бол ажил огт эхлээгүй болон шүүхийн байгууллагаар хянагдаж буй тус бүр дөрвөн төсөл байгаа аж.
Гишүүдийн зүгээс орон сууцны захиалагч иргэдийг хамгаалах эрх зүйн орчин сул, барилгын компаниудын санхүүгийн чадамжид тавих хяналт хангалтгүй, иргэдийн төлсөн хөрөнгийг хамгаалах даатгал, баталгааны механизм шаардлагатай байгааг хэлэв. Мөн захиалгын гэрээг бүртгэлжүүлэх, баригдаж дуусаагүй орон сууцанд “урьдчилсан тэмдэглэл” хийдэг байх, хуурамч болон эрсдэлтэй төслүүдийг “хар жагсаалт”-д оруулах зэрэг зохицуулалт хэрэгтэй гэж үзлээ.
Ингээд Өргөдлийн байнгын хороо орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв. Ажлын хэсгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Б.Баярбаатар, М.Сарнай нар ажиллахаар боллоо.
Улстөр нийгэм
Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган, хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монгол Улсын ядуурлын түвшин 1990 онд 36 хувь байсан бол 2022 онд 27.1 хувь болж буурсан ч 914.2 мянган хүн ядуу амьдарч байна. Улсаас нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээнд жил бүр 2.3 их наяд гаруй төгрөг зарцуулж байгаа боловч ядуурал дорвитой буураагүй гэж үзжээ.
Иймд нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд тооцоо, шинжилгээ хийж, зарим хөтөлбөрийг оновчлох, хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэг өрхөд ногдож буй халамжийн төрлүүдийг судлан тодорхой хязгаар тогтоох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлж, нийгмийн халамжийг дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглүүлэхээр төлөвлөжээ.
Хуулийн төслийн хүрээнд нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүй бөгөөд одоогийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийхээр тусгасан байна. Ингэхдээ хүүхдийг боловсролд тэгш хамруулахад анхаарч, цаашид үе дамжсан ядуурлаас сэргийлэх бодлого баримтлах юм байна.
Улстөр нийгэм
“Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “Маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа
“Богдхан төмөр зам” төсөлтэй холбогдох Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн зөвлөмж, уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргаж ил болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Засгийн газрын 2022 оны 449 дүгээр тогтоолоор "Богдхан төмөр зам” төслийн суурь бүтэц барих ажлыг ил болгохоор шийдвэрлэсэн. Гэвч "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогынхэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2021 оны зургаадугаар сарын 23-ны зөвлөмж болон уг төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Засгийн газрын гурван тогтоол, “Богдхан төмөр зам” төслийн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд гурван удаа танилцуулсан асуудлын тэмдэглэл, холбогдох материал нь төрийн нууцын зэрэглэлд хамаарсан хэвээр байсныг өнөөдрийн хуралдаанаар нууцаас гаргаж, ил болгохоор шийдвэрлэлээ.
-
Цаг үе2020/02/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Үзэл бодол2019/08/14
Тарваган тахлаас урдчилан сэргийлэх ажлыг энэ сарын 15-наас эрчимжүүлнэ
-
Улстөр нийгэм2022/08/26
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Урлаг спорт2024/08/20
“Бангкок-Чонбури” Азийн танхимын болон тулааны спортын наадам цуцлаг...
