Цаг үе
Валют худалдах, худалдан авах бүрт төлбөрийн и-баримт олгоно
Мөн журам батлагдсанаар тусгай зөвшөөрөлтэй 154 ББСБ төрийн мэдээллийн "ХУР" системээр харилцагчийг таньж мэдэх, иргэд байгууллагуудад НӨАТ-ын баримт олгох зохицуулалт бүрэлдсэн. Тодруулбал, системд холбогдсоноор гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ууд гадаад валют худалдах, худалдан авах тухай бүр цахим төлбөрийн баримтыг иргэн, хуулийн этгээдэд олгож ажиллах болсон. Иймд харилцагч Та бүхэн валют худалдах, худалдан авах бүртээ тухайн ББСБ-аас төлбөрийн и-баримтыг хэвлэмэл эсвэл и-мэйл хаяг, “И-баримт” аппликейшнээр авахыг зөвлөж байна.
ББСБ-уудыг цахим төлбөрийн баримтын системд холбосноор тайлан мэдээг үнэн зөв, иж бүрэн хүлээн авах нөгөө талаар валютын арилжаа хийх тухай бүр бэлэн болон бэлэн бус гүйлгээний анхан шатны баримт үйлдэх ажлыг хөнгөвчлөх, үр ашиггүй зардлыг бууруулах давуу талтай. Иргэд үйлчлүүлэгчдийн хувьд ч НӨАТ-ын буцаан олголтын тохирол, сугалаанд оролцох боломжийг бүрдүүлэх цаашилбал, далд эдийн засгийг ил болгох ач холбогдолтой гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Цаг үе
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилт хийж байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, энэ сараас Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 8:00-9:00 цаг, оройны 20:00-21:00 цагуудад дрон нисгэж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжиж байна.
Хяналтын дрон нь нэг ээлжийн нислэгт 3-4 км радиуст хяналт хийх бүрэн боломжтой.
Цаашид хяналт судлах ажлыг өргөжүүлэн агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай уялдуулан хөгжүүлэх юм.


Цаг үе
Нийслэлд хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн талаар хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө
НИТХ-ын 25/111 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотын хөгжлийн бодлого бүхий бүтээн байгуулалтын төслүүдийг эрэмбэлэн эхний ээлжинд 16 төслийг шуурхай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр төсөл нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан, дийлэнх төслийн ТЭЗҮ-ийг баталж, мөн зарим төслийн бүтээн байгуулалт эхэлсэн.
Тухайлбал, Хүннү хот төслийн цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн ажлууд өрнөж байна. “Хүннү” /Аэросити/ дэд станц нь тус хотын Засаг захиргааны бүсэд баригдах барилга байгууламж, бүтээн байгуулалтыг цахилгаан эрчим хүчээр хангахаар төлөвлөгдсөн бөгөөд 110 кВ-ын ЦДАШ, 2*40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын "Хүннү" дэд станц, дэд станцын удирдлагын байр,10 кВ-ын хаалттай 3 хуваарилах байгууламж / РП-1, РП-2, РП-3/, 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийслэлийн замын хөгжлийн газар хариуцан ажиллаж буй “Олон түвшний уулзвар” төслийн хувьд, Монос, МИТС, Офицеруудын ордны тойрог, Хан-Уул дүүргийн 23-р хороо НЗДТГ-ын ард Наадамчдын замд явган хүний гүүрэн гарц, Баянзүрх дүүргийн 42-р хороо Нарт хотхоны зүүн далан дээр гүүрэн байгууламж гэсэн таван байршилд ажлын даалгавар шинэчлэн батлуулаад байна.
“Лаг шатаах үйлдвэр” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Энэхүү төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалт татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг хүлээн авсан. Цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу хэлэлцээ хийхээр бэлтгэж байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Засгийн газрын хуралдаанаар багш, эмч нарыг орон сууцанд хамруулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй орон сууцны төслүүдийг Засгийн газрын бодлого, шийдвэртэй уялдуулах талаар судалж ажиллах шаардлагатай”-г тодотгон, төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг чиглэл өглөө.
Цаг үе
Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд агаарын чанарыг сайжруулж, дотоод орчны агаарын чанарыг удирдах тогтолцоог бүрдүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.
Түүнчлэн талууд харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан хүний болон материаллаг нөөцийг хуваалцах, хамтран ажиллах замаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах, бодлого, технологийн дэмжлэг үзүүлэх, сургалт, мэдээлэл солилцох зэрэг олон улсын хамтын ажиллагааны тогтолцоог хөгжүүлэх юм.

Хамтын ажиллагаа дараах үндсэн чиглэлээр хэрэгжинэ. Үүнд:
- Агаарын чанарыг удирдах, сайжруулахтай холбоотой технологи болон бодлогын дэмжлэг үзүүлэх;
- Агаарын чанартай холбоотой туршилт, хэмжилтийн төв байгуулахад хамтран ажиллах;
- Агаар цэвэршүүлэгч төхөөрөмж нийлүүлэх замаар дотоод орчны агаарын чанарыг сайжруулах;
- Мэргэжилтэн солилцох болон сургалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Мэдээлэл солилцох, хамтарсан судалгаа шинжилгээг хийх юм.
Хамтын ажиллагааны энэхүү санамж бичиг нь Монгол Улс, БНСУ-ын хооронд агаарын чанарыг сайжруулах чиглэлээр түншлэлийг шинэ шатанд гаргах, хоёр орны байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой.
-
Улстөр нийгэм2024/01/05
Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд тангараг өргөв
-
Улстөр нийгэм2025/09/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин ...
-
Цаг үе2021/10/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2023/04/27
Хүний амь насыг хохироож, цогцсыг нь нуусан гэмт хэргийг илрүүллээ
