Улстөр нийгэм
Сурагчдад олон улсын стандартад нийцсэн автобус үйлчилнэ
Нийслэлийн удирдлагууд өнгөрсөн онд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2 дахь жилдээ үргэлжилж байна. Энэ оны хичээлийн жилд нийт 29 сургуулийн 35 чиглэлд “Хүүхдийн автобус үйлчилгээ” хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 75 ширхэг сургуулийн автобусыг худалдан авч, үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж буй. Ингэснээр Их тойрууд байршилтай 31 сургууль “Сургуулийн автобус” үйлчилгээнд бүрэн хамрагдана. Энэ хүрээнд эхний ээлжинд орж ирсэн 5 ширхэг сургуулийн автобусыг өнөөдөр нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэж өглөө. Энэхүү хүүхдийн автобусыг “Зорчигч тээвэр гурав” компани хариуцан ажиллах аж.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан хэлэхдээ “Аюул, гамшиг тохиолдоход хамгийн түрүүнд цагдаа, онцгой, эмнэлгээ дууддаг. Эдгээр байгууллагыг ажиллах нөхцөл боломжоор нь сайтар хангасны үр дүнд ард иргэдээ хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх чадна. Аюулгүй хот болох зорилтын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлуудын маань нэг энэ. Цаашид ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд аюулгүй байдлыг сахин хамгаалж буй албан хаагчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч ажиллах болно. Өнгөрсөн онд хүүхдийн автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэхээр санаачилж, туршилтаар явуулж эхэлсэн маань маш үр дүн гарсан. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиудыг зориулалтын иж бүрэн тоноглогдсон автобусаар хангах зорилт тавьж ажилласны үр дүнд эхнээсээ автобуснууд маань орж ирсэн байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, автозамын хөдөлгөөний ачаалал бууруулах ихээхэн ач холбогдолтой” хэмээлээ.

2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн газарт 40 автомашин нийлүүлсэн бөгөөд түргэн тусламжын үйлчилгээ 3.3 хувиар өссөн тоон судалгаа гарчээ. Харин цагдаагийн байгууллагад нийт 110 автомашин олгосны 90 автомашин нь нийслэлийн Цагдаагийн байгууллагад олгогдсон бөгөөд гудамж талбай, олон нийтийн газар, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ашиглаж байна.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Энэ жилийн хувьд 130 гаруй боловсролын сургуульд 310 мянга гаруй хүүхэд сурч байгаа тоон мэдээлэл байна. Хүүхдийн автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах хүрээнд энэ жил 75 автобус орж ирэхээс эхний ээлжийн 5 автобусыг хүлээлгэж өгөөд байна. Энэ төслийн хүрээнд гурван жилийн хугацаанд нийт 200 ширхэг хүүхдийн автобус үе шаттайгаар орж ирнэ. Олон улсад батлагдсан хүүхдийн автобусны стандартад нийцсэн. Стандарт хангасан гэдэг нь хүүхдэд зориулсан сандалтай, зориулалтын бүснээс эхлээд бүх тоноглол нь хүүхдийн аюулгүй байдлын шаардлагыг өндөр зэрэглэлээр хангасан гэсэн үг” гэв.
Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн газрын автомашины парк шинэчлэлтийг хийж ажилласнаар энэ оны эхний 9 дүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд нийт бүртгэгдсэн гэмт хэрэг 29.7 хувиар, гудамж, талбайд бүртгэгдсэн гэмт хэрэг 26.2 хувиар, олон нийтийн газар үйлдэгдсэн гэмт хэрэг 42.1 хувиар тус тус буурч, хэргийн илрүүлэлт 10.4 хувиар, зөрчлийн илрүүлэлт 29.6 хувиар өссөн үр дүн гарчээ. Харин түргэн тусламжийн үйлчилгээг 3.3 хувиар нэмэгдүүлж 88.9 хувь болж өссөн үзүүлэлттэй байна.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Цаг үе2019/07/30
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Урлаг спорт2023/05/18
“Улаанбаатар марафон”-ы бүртгэл үргэлжилж байна
-
Улстөр нийгэм2024/08/27
Орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тенд...
-
Улстөр нийгэм2019/07/18
"Цэвэрхэн наадацгаая" аяныхан 5 хоногт 100 орчим тн хог цэвэрлэжээ
