Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний бичгийн теле хичээл цувралаар олон нийтэд хүрч эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах” заалт бий.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол хэлний тухай хуулийн 9.1.3 дахь заалтаар хүлээсэн “Монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх” эрх, үүргийнхээ хүрээнд 2018 оны Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан.
Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхлээд байна.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс үндэсний бичгийн цагаан толгойн үсгийн төстэй хэв шинж, махбодод үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээлийн агуулгыг боловсруулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн теле хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр нэвтрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын https://www.facebook.com/presidentMGL болон Монгол бичигтэн-2025 цахим хуудсанд байршуулна.
Нэвтрүүлгийн хуваарийг долоо хоног бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаас үзэх боломжтой.
Энэ долоо хоногт:
- МҮОНРТВ-ээр 12 дугаар сарын 13-ны өдөр,
- Eagle ТВ-ээр арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 20:30 цагаас,
- UBS ТВ-ээр арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 21:50 цагаас,
- С1 ТВ-ээр арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 19:40 цагаас,
- 25 дугаар суваг телевизээр арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 16:20 цагаас,
- ETV-ээр арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 21:30 цагаас,
- SBN ТВ-ээр арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 19:30 цагаас,
- Боловсрол суваг телевизээр арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 13:40 цагаас тус тус хүлээн авч үзээрэй.
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
