Улстөр нийгэм
ЭМЯ: Дархлаажуулалтыг 15 хоногийн хугацаанд түр зогсооно
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор болсон билээ. Уг шийдвэр нь COVID-19 өвчний тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс тавигдаж буй. COVID-19 өвчний шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан байгааг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна.
Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан байна.
Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай билээ.
Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд хатуу хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болж байна.
БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын 2-р тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтоцод нөлөө үзүүлэхгүй болно. (эх сурвалж: National Medical Journal of China. 2021 Apr 02, CDC, China, 2021)
Мөн Астразенека вакцины хувьд 7-12 долоо хоногийн дараагаас 2 дахь тунгаа хийх зөвлөмжтэй билээ.
2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй.
Дархлаажуулалтад ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилчдыг COVID-19 өвчний илрүүлэг, хариу арга хэмжээнд хүч нэмэгдүүлэх бөгөөд өвчний тахалт, хамрах хүрээг хумих, ойрын хувьтагчдыг илрүүлэх ажилд дайчлах юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Нэгдүгээр шатанд буюу 2026-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Хоёрдугаар шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Улстөр нийгэм
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж, иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ.
100 гаруй мянган иргэний дэмжсэн “Гараашны татвар цуцлуулах” төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахаар боллоо. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн юм.
Шинэчлэгдсэн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна.
Цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай манай улсад гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
