Цаг үе
Өнөөдөр Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай...
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна.
2021 оны 05 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 15-17 хэм дулаан байна.
2021 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн зарим газраар, 31, 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нээс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
Цаг үе
Наймдугаар сарын 15-наас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын XVII бага хурал (COP17)-ын үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжүүлэхээр болжээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд бүсчлэлгүйгээр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна.
Үүнд:
- Наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо (0, 2, 4, 6, 8)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.
- Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тоо (1, 3, 5, 7, 9)-оор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Харин есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор бүх тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахаар зохицуулжээ.
Цаг үе
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Цаг үе
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
-
Улстөр нийгэм2019/05/29
“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох хуулийг бата...
-
Цаг үе2020/08/03
Хүүхдийг хөхөөр хооллох дэлхийн долоо хоног эхэллээ
-
Шударга мэдээ2026/05/05
"Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үз...
-
Үзэл бодол2023/03/21
Б.Бат-Эрдэнэ: Ой модоо алдвал бид усаа алдана, ан амьтан, амьсгалах агаараа хүрт...
