Улстөр нийгэм
ТББХ: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг шинэчлэн зохицуулсан нь чухал алхам болов
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.
Хаврын чуулганы хугацааны ажлын тоон үзүүлэлт:
Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 20 удаа хуралдаж, давхардсан тоогоор 73 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний зэрэгцээ Байнгын хорооны 3 тогтоол хэлэлцэж баталлаа.
Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 3 ажлын хэсэг байгуулж ажиллуулав. Ажлын хэсгүүд 20 удаа хуралдаж, ажлын хэсгийн 2 танилцуулга бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар 43 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 21 тогтоолын төсөл хэлэлцэж, Байнгын хорооны хэлэлцэх эсэхийн 5 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 29 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 4 танилцуулга, албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай 2 санал, дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг 2, хууль, тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй 28 саналын томьёолол бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв.
Тайлант хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хуулийн төсөл 32, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 21-ийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав.
Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:
Хаврын ээлжит чуулганы хугацааанд тус Байнгын хороо дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэв. Үүнд:
-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар тухай бүрт нь хэлэлцлээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэ зохицуулалт бий болгосон нь нийслэл хотын төвлөрлийг сааруулах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дагуул хотыг хөгжүүлэх замаар дэлхийн жишигт хүрсэн эрүүл, аюулгүй, дэд бүтэц бүхий шинэ хотыг хөгжүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлж өгөв.
-Мөн “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Түр хороо байгуулах тухай” /Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай”, “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” /2021.04.29, дугаар 39/, “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” /2021.05.20, дугаар 43, “Түр хороо байгуулах тухай” /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо/, “Монгол Улсын Ерөхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”, “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”, ““Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгох тухай”, ““Хот байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг тус тус хийлээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд зэрэг 7 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Мөн харьяа байгууллагын 3 тайланг намрын чуулганы эхэнд хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд боловсруулагдаж буй Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Бусад Байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт:
Тус Байнгын хороо дараах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг холбогдох Байнгын болон Дэд хороонд хүргүүлсэн. Үүнд:
-Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд;

-“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд тус тус хүргүүлэв.
Хяналт, шалгалтын ажлын талаар:
Байнгын хороо “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 8/2512 дугаар албан бичгээр Засгийн газарт чиглэл өгч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.
Дэд, Түр хорооны хуралдааны талаар:
Тайлант хугацаанд тус Байнгын хорооны харьяаны Дэд хороод 2 удаа, Түр хороо 1 удаа хуралдав.

-Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийн төслийг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж батлуулав.

-Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яамны мэдээллүүдийг сонсож танилцав.

-Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонссон бөгөөд хуулийн төслийг дэмжиж буй талаарх санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Бусад ажлын талаар:

Хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо төрийн албаны шинэтгэлийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцах, санал солилцох зорилгоор 2021 оны долоодугаар сарын 6-ны өдөр тус байгууллагад ажиллаж, Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүн, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж, санал солилцон хуулийн хэрэгжилтийг хангах талаар зохих үүрэг чиглэл өгөв.
Эх сурвалж: Төрийн байгуулалтын байнгын хороо
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
Улстөр нийгэм
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна. Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.







Улстөр нийгэм
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
