Урлаг спорт
Монгол Улсыг төлөөлөн олимп, тив дэлхийн тэмцээнд оролцох шигшээ баг, тамирчдыг дэмжих лобби бүлэг байгуулав
Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Т.Энхтүвшин нар “Олимпийн наадмын спортын төрлүүдийн хөгжлийг дэмжих болон Монгол Улсыг төлөөлөн олимп, тив дэлхийн тэмцээнд оролцох шигшээ баг, тамирчдыг дэмжих лобби бүлэг” байгуулж буйгаа 2021 оны долоодугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт танилцуулсан байна.
Монгол Улс биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд анхаарч “Алсын хараа 2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, үндэсний шигшээ багийн бүх түвшинд тамирчдын ур чадварыг ахиулах, тив, дэлхий, олимпод өрсөлдөхүйц чадварыг бий болгох, спортын сургалт-дасгалжуулалт, тэмцээн, наадмын шаталсан тогтолцоог боловсронгуй болгох үндсэн зорилтыг дэвшүүлсэн байдаг.
Монгол Улсыг төлөөлөн олимп, тив дэлхийн тэмцээнд оролцох шигшээ баг, тамирчдыг дэмжих, олимпийн наадмын спортын төрлүүдийг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, спортын сургалт-дасгалжуулалтыг спортын төрөл бүрээр төлөөлөх, олимп, тив дэлхийд өрсөлдөх чадварлаг тамирчдыг бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгож хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзэж, санал нэгдсэн байна. Энэхүү зорилтын хүрээнд лобби бүлэг байгуулахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн 2022 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод зохион байгуулагдах Өвлийн олимпийн 24 дэх наадам, 2024 онд Франц Улсын Парис хотод зохион байгуулагдах Зуны олимпийн 33 дахь наадам, Монгол Улсад зохион байгуулагдах Олон Улсын залуучуудын спортын ногоон наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадамд оролцох шигшээ баг тамирчдыг бэлтгэх, амжилтын чанарыг ахиулах, дэмжих чиглэлд холбогдох шийдвэрийг санаачлан батлуулахын төлөө дээрх лобби бүлгийн гишүүд идэвх санаачилгатай ажиллах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Урлаг спорт
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо
Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар үзэж сонирхов.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан тоглолтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы соёлын харилцаа 1980-аад оны сүүлээс эрчимжиж, хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжсөөр ирснийг тэмдэглэлээ.
Тухайлбал, 1989 онд Мюнхений урлагийн ордонд гаргасан “Монголчууд” үзэсгэлэн, хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 1998 оноос хэрэгжиж буй “Хархорум” археологийн төсөл, Их Монгол Улсын 800 жилийн ойг тохиолдуулан Бонн хотноо гаргасан “Чингис хаан ба түүнийг залгамжлагчид” тусгай үзэсгэлэн, 2024 онд ХБНГУ-ын хотуудаар аялан тоглосон “Монголын сайхан орон” тоглолт зэрэг соёл, урлагийн олон талт арга хэмжээ, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсныг онцлон дурдав.
Тоглолтыг хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд болон Германд суугаа монголчууд, герман иргэд үзэж сонирхлоо.
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилуулж, үзэгч олны сонорыг мялаалаа.
Мөн монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуйг илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэн болон морин хуур урлалын бүтээлийн дээжээс бүрдсэн үзэсгэлэнг тоглолтод хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд танилцуулж, монголын соёлын өвийг сурталчлан таниулав.
Урлаг спорт
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хот болон Япон Улсын хотуудын хооронд нийтийн тээвэр, байгаль орчин, хог хаягдлын менежмент, гамшгийн эрсдэлийн удирдлага, спортын чиглэлээр хамтран ажиллах санал солилцов.

Энэ удаагийн уулзалт хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг орон нутгийн түвшинд бэхжүүлэх, Улаанбаатар хот болон Япон Улсын орон нутгийн засаг захиргаа, байгууллага, иргэд хоорондын харилцааг шинэ агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой. Тодруулбал, Улаанбаатар хотод тийболлын спортыг хөгжүүлж, Япон Улсын багш, дасгалжуулагчийн арга барил, туршлагаас суралцах, тийболлын спортоор хичээллэж буй хүүхдүүдийг Япон Улсад сургах боломжтой талаар хэлэлцлээ.
Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ Улаанбаатар хоттой найрсаг харилцаагаа өргөжүүлж, спортын салбарын хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллахаа илэрхийлэв.


Урлаг спорт
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Монголын дугуйчин, ОУХМ С.Жамбалжамц “Айчи–Нагояа 2026” Азийн зуны XX наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан цуваа гараатай уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Энэ нь Монголын багийн тус наадмаас хүртсэн анхны медаль болж байна.
С.Жамбалжамц замаа 42 минут 58.06 секундэд туулжээ. Казахстаны Алексей Луценко 41:24.05 амжилтаар түрүүлж, Японы Имамура Шүнсүкэ 42:58.04 амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Монголын тамирчин мөнгөн медалиас ердөө 0.02 секундээр хоцорчээ.
Ийнхүү С.Жамбалжамц Азийн наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртэв. Тэрбээр өмнөх Ханжоугийн Азийн наадамд мөн хүрэл медаль хүртэж байсан юм.
“Айчи–Нагояа 2026” Азийн наадмын засмал замын дугуйн эрэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 23-нд болно. Харин эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаан есдүгээр сарын 22-нд зохион байгуулагдахаар албан ёсны хуваарьт тусгажээ.
-
Цаг үе2026/06/15
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэл...
-
Улстөр нийгэм2026/04/15
Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
-
Улстөр нийгэм2021/09/03
Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ху...
-
Улстөр нийгэм2023/01/06
Дэд сайд нарыг томиллоо
