Бидэнтэй нэгдэх

Цаг үе

"Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүс байгуулах тогтоолын төслийг баталлаа

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 13-ны өдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Энэхүү төслөөр нийслэлийн Налайх дүүргийн Хонхор орчимд “Хөгжлийн үүд”, баруун хэсэгт “Морингийн даваа” орчимд жишиг шинэ суурьшлын бүсийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг боловсруулсан. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11-дүгээр хороо, Налайх дүүргийн 3, 7-дугаар хорооны нутаг дэвсгэр Хонхор орчимд “Хөгжлийн үүд” төслийн хүрээнд 4725 өрхийн 16,065 хүн ам байнга оршин суух шинэ суурьшлын бүсийг байгуулах бөгөөд нам болон өндөр давхрын инженерийн хангамжтай орон сууцаар хангагдана.


Мөн энэ хүрээнд нийт 6400 ажлын байр бий болох бөгөөд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Нэгж талбарууд нь орон сууц, олон нийтийн барилга байгууламж, ногоон байгууламж, тохижилттой байхаас гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын барилга байгууламж зэрэг нийгмийн үйлчилгээг бий болгохоор тооцжээ. Мөн энэ суурьшлын бүсэд гол төлөв хүнсний боловсруулах болон сав баглаа боодол, оёдол, гар урлал зэрэг хөнгөн үйлдвэрлэлийн барилга байгууламжууд бий болох юм. 

Харин “Морингийн даваа орчмын хувьд 5325 өрхийн 21298 хүн оршин суух шинэ суурьшлын бүсийг бий болгоно. Нийт 2010 хүүхдийн суудалтай 6 сургууль, 4080 хүүхдийн 8 цэцэрлэг, 490 ортой эмнэлэг энэхүү бүсэд тус тус төлөвлөгджээ. 

Тэгэхдээ жишиг суурьшлын бүсийн төслийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд 9.98 га барилгажилтын төслийг 4 үе шаттай хэрэгжүүлэх 31.7 тэрбум төгрөгийн,Морингийн даваа орчимд 11.4 га-д 84.2 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай гэж Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас танилцууллаа. Улмаар нийслэлийн төсвөөс 212 тэрбум төгрөг, хувийн хэвшлээс 873 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх аж. Улмаар дээрх тогтоолын төслийг Тэргүүлэгчдийн саналаар баталлаа. 


Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр тохиож байна

Огноо:

,

Жил бүрийн 5 дугаар сарын 13-ны өдөр “Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх Дэлхийн өдөр” юм. Монгол Улсын Засгийн газраас 2013 оноос эхлэн энэ өдрийг “Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлгийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхийн чухлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод “… тухайн хүний хэрэгцээ боломжид нийцсэн олон мэргэжилтнүүдийн үнэлгээг үндэслэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг аль болох эрт эхлэх” хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн байдаг.

Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107.9 мянган хүн байгаа нь нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 1.1 хувь буюу 14.6 мянга нь хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 76.2 хувь нь төрөлхийн шалтгаантай байгаа бол байнгын хэвтэрт байгаа 1,700, хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 814, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 1,263 хүүхэд байна.

Хүүхдийн хөгжлийн онцлогийг зөв үнэлж, хоцрогдлыг эрт илрүүлэн, цаг алдалгүй дэмжлэг үзүүлэх нь хүүхдийн цаашдын ХӨГЖИХ, СУРАЛЦАХ ЧАДВАР, НИЙГЭМШИХ БАЙДАЛ, АМЬДРАЛЫН ЧАНАРТ шууд нөлөөлдөг болох нь судалгаагаар нотлогдсон байдаг. Харин хоцрогдлыг хожуу илрүүлсэн тохиолдолд сурлагын хоцрогдол, зан үйлийн асуудал, нийгмийн оролцооны саад бэрхшээл нэмэгдэх эрсдэлтэй байна.

ЭРТ ИЛҮҮЛЬЕ, ЭРТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЬЕ, ЭРТ ХӨГЖҮҮЛЬЕ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гадаадын иргэн, харьяатын газар нарны цахилгаан үүсгүүр ашиглаж эхэллээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ногоон хөгжил, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар цахилгаан, эрчим хүчний хэрэглээнд зориулсан нарны цахилгаан үүсгүүрийг суурилуулж, дотооддоо эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ.

Тус нарны цахилгаан үүсгүүр нь жилд дунджаар 70.9 мВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд байгууллагын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 40 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Урьдчилсан тооцоогоор энэ нь жилд 20 гаруй сая төгрөгийн бодит хэмнэлт бий болгох эдийн засгийн үр өгөөжтэй.

Ийнхүү байгууллагын цахилгаан хангамжийг төвийн эрчим хүч болон нарны цахилгаан үүсгүүр хосолсон системээр шийдвэрлэсэн нь төсвийн зардлыг бууруулахын зэрэгцээ төрийн байгууллагын үйл ажиллагаанд байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон технологи нэвтрүүлж буй чухал алхам болж байна.


Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол, Серби улс хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Огноо:

,

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын танхимын сайд-зөвлөх Елена Предожевич, тус яамны Ази, Номхон далайн газрын гуравдугаар нарийн бичгийн дарга Марич Вречер, Бүгд Найрамдах Серби Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Б.Зоригт нар оролцов.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал, эдийн засагт эзлэх байр суурь, салбарын бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулжээ. Мөн Серби улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны түр хэлэлцээрт нэгдсэнийг дурдаад, хамтын ажиллагааны салбар, чиглэлийг тодорхойлох, хоёр улсын бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн уулзалтыг зохион байгуулах, хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.

Серби улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг онцолжээ. Тухайлбал, Монгол Улс Евразийн холбооны чанар, стандартыг хангаж чадвал Серби улс Монголоос мах импортлох боломжтойг дурдсан байна. Харин Серби улс Монгол руу жимс, жимсгэнэ экспортлох боломжийг судалж байгаа аж.

Цаашид хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой санал боловсруулж, хамтран ажиллахаар болсон байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох