Цаг үе
Төрийн банк: Вакцины 3-р тундаа хамрагдаад Гялсбанкны жилийн хураамжаас чөлөөлөгдөөрэй
Төрийн банк эрхэм харилцагч таныг КОВИД-19 цар тахлын эсрэг вакцины III тундаа хамрагдахыг уриалж “Цахим дархлаажуулалт”-ын аянаа зарлаж байна. Тус аяны хүрээнд бид орон даяар байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 24-нийг дуустал хугацаанд III тунд хамрагдсан бол Гялсбанкны жилийн хураамжаас чөлөөлж байна. Мөндэлхийд алдартай антивирус, цахим хамгаалалтын системийн Монгол дахь албан ёсны дистрибъютер компани болох “Бд Системс эйжиа” ХХК-тай хамтран вакцины III тундаа хамрагдсан эхний 20,000 харилцагчид Bitdefender Mobile security программын нэг жил үнэгүй ашиглах эрх олгохоор боллоо.
Сүүлийн саруудад Коронавируст цар тахлын дельта хувилбар дэлхий дахинд эрчимтэй тархаж хүн амын өвчлөл эрс нэмэгдсэнээс шалтгаалан өндөр хөгжилтэй улс орнууд бүүстэр тунг иргэддээ санал болгоод байна. Манай орны хувьд өнөөдрийн байдлаар 589 мянга буюу зорилтот бүлгийн иргэдийн 28 хувийг хамруулаад байгаа юм. Хэрэв зорилтот бүлгийн иргэдийн 50 хувийг гуравдугаар тунд хамруулсан бол өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэгээр бууруулж "Шар" түвшинд шилжүүлэхийг Улсын онцгой комиссоос онцолсон. Ингэснээр, одоо хязгаарлалттай байгаа зарим аж ахуйн нэгжүүд нээгдэх боломж бүрдэнэ. Түүнээс гадна цэцэрлэгийн бага анги, ЕБС танхимаар бүрэн хичээллэх боломж бүрдэх юм.
Иймд эрхэм харилцагч таныг “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх” үйлсэд хувь нэмрээ оруулан, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаалж Вакцины III тундаа хамрагдахыг Төрийн банкны зүгээс уриалж байна. Мөн эрхэм харилцагч таныг өөрийн гар утас, тэр дундаа цахим банкны нууцлалаа сайжруулж, нэвтрэх нэр, нууц үгээ хамгаалахыг уриалж байна.

Цаг үе
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийж, гол, мөрөн, нуурын орчим дахь 399 эрсдэлтэй цэгийг тогтоон анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл өндөр, иргэд олноор зорчдог нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Иймд Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид, аялагчдыг гол, мөрөн, нуур орчимд зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, цаг агаарын болон усны нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлгийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөхийг уриаллаа.
Цаг үе
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгосон юм.
Ингээд НЦУГ-ын алба хаагчид хөшөөг хамгаалалтад авч, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, УСУГ-ын 20 гаруй албан хаагч хамтран хөшөөг Төв шуудангийн урд талбай, хуучин суурин дээр нь буцаан байрлууллаа.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 3-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны наймдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 23-25 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 03-наас
2026 оны наймдугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд төв болон говийн аймгуудын аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 05-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
