Улстөр нийгэм
ОХУ-ын ЗХЖШ-ын даргыг хүлээн авч уулзав
ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, ОХУ-ын баатар, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, санал солилцов.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед таны айлчлал болж байгаагаараа их онцлогтой байна. Орос Улс бол Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, дэмжин дипломат харилцаа тогтоосон анхны улс билээ. Энэ удаагийн айлчлал манай цэргийн хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Засгийн газар “2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх” зорилтыг тусгаж, зэвсэгт хүчнийг орчин үеийн зэвсэглэл, цэргийн техникээр хангах бодлогыг дэс дараатайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Бид Зэвсэгт хүчнийхээ зэвсэглэл, техникийг шинэчлэх зорилтыг ОХУ-тай тогтоосон цэрэг-техникийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бодлогыг цаашид ч тууштай баримтлах болно. Хоёр улсын батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаа тогтсон уламжлалаар цаашид үргэлжлэн амжилттай өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Талууд хоёр орны цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, хоёр улсын цэргийн хамтын ажиллагааны өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцав.
ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, ОХУ-ын баатар, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов цар тахлын хүнд хэцүү цаг үеийг үл харгалзан төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгааг онцлоод олон улсын цэргийн наадмын хүрээнд Монгол Улсын нутагт уламжлалт “Аравт” морин марафон, “Цэргийн ралли” тэмцээнүүдийн гуравдугаар шатыг зохион байгуулагдана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Улстөр нийгэм2026/10/26
Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн...
-
Цаг үе2022/10/03
“Богдхан уулаа цэвэрлэе” аянд таван мянга гаруй оюутан, залуус нэгдл...
-
Улстөр нийгэм2021/02/25
Н.Энхбаяр: Гишүүд, ард түмний олонх дэмжвэл хоёр нам нэгдэнэ
-
Цаг үе2020/08/03
Ургамлын тоосны харшлаас сэргийлэх аргууд...
