Улстөр нийгэм
Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой 14 хүсэлт, албан бичиг Дээд шүүхэд иржээ
Огноогоор жагсаавал:
2021 оны 11 дүгээр сарын 10-нд О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Б.Ган-Очирын хүсэлт
2021 оны 11 дүгээр сарын 15-нд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг улс төрийн намын цахим бүртгэлд хэзээ бүртгэж, хэзээ хассан бөгөөд тус хугацаанд Ц.Тувааныг намыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх эсэх талаар тайлбар өгөхийг хүссэн Б.Ган-Очирын хүсэлт
2021 оны 11 дүгээр сарын 15-нд О.Цогтгэрэл нарын зохион байгуулсан Ардчилсан намын Онц их хурал нэртэй хууль бус үйл ажиллагааг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлснийг эсэргүүцэж байна гэсэн агуулга бүхий С.Эрдэнийн албан бичиг
2021 оны 11 дүгээр сарын 16-нд Ардчилсан намын даргаар сонгогдож, ёсчлон батламжлагдсан О.Цогтгэрэлээс тайлбар, санал авч, сонсох ажиллагаа зохион байгуулах тухай Б.Ган-Очирын хүсэлт.
2021 оны 11 дүгээр сарын 25-нд намынхаа үйл ажиллагаа, шийдвэр гаргах процессыг Улсын дээд шүүхийн тогтоолуудад үндэслэн явуулж, ханган биелүүлснээ хууль зүйн хувьд нотлох зорилгын хүрээнд нэмэлт тайлбар гаргасан талаар Б.Ган-Очирын албан бичиг
2021 оны 11 дүгээр сарын 29-нд Улсын дээд шүүхийн цахим бүртгэлийн санд Ардчилсан намын дарга гэх цэсний ар талд С.Эрдэнэ гэсэн нэрийг сэргээн бүртгэх тухай Д.Эрдэнэсувдын хүсэлт
2021 оны 11 дүгээр сарын 30-нд Ц.Туваан нь Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэлтэй байх хугацаандаа намыг төлөөлөх эрх бүхий этгээд байсан эсэх талаар тайлбар мэдээлэл өгөхийг хүссэн Б.Ган-Очирын хүсэлт
2021 оны 12 дугаар сарын 6-нд М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн хүсэлт
2021 оны 12 дугаар сарын 6-нд Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сан дахь Ардчилсан намын дарга гэсэн цэсэд С.Эрдэнийн нэрийг сэргээн бүртгэх тухай С.Эрдэнийн хүсэлт
2021 оны 12 дугаар сарын 10-нд М.Тулгатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ буцаан авах тухай С.Эрдэнийн хүсэлт
2021 оны 12 дугаар сарын 13-нд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2021 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус хуралдааны 7 дугаар тогтоолоор баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх тухай Д.Ганбатын хүсэлт
2021 оны 12 дугаар сарын 16-нд О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэхээр хүргүүлсэн өргөдөл болон Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээдүүд /О.Цогтгэрэл, М.Тулгат/-ийн гарын үсэг зурж, хүчингүй тамга дарагдсан Ардчилсан намын даргын бүртгэлтэй холбоотой холбогдох хууль журмыг зөрчин хүргүүлсэн баримтуудыг буцаан ирүүлэх тухай С.Эрдэнийн хүсэлт
2021 оны 12 дугаар сарын 17-ны 17 цаг 26 минутад Улсын дээд шүүх өөрийн чиг үүргээ хэрэгжүүлж, талуудын аль нэгийг бүртгэсэн тохиолдолд хүлээн зөвшөөрч, гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн агуулга бүхий О.Цогтгэрэл, М.Тулгат нарын албан бичиг
2021 оны 12 дугаар сарын 17-ны 17 цаг 26 минутад 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хуралдсан АН-ын ээлжит бус Онц их хурлаас гарсан шийдвэр намын эрх бүхий байгууллагын албан ёсны байр суурь, намын дотоодод ямар нэгэн зөрчил байхгүй гэсэн агуулга бүхий Б.Ган-Очирын албан бичиг ирсэн байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.
Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.
Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
Улстөр нийгэм
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, энэхүү дурсгалт бүтээл нь хоёр суут хүний нэр алдар, эрдэм бүтээл, гавьяа зүтгэлийг хүндэтгэн мөнхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Германы ард түмний эрдэм мэдлэг, оюун санаа, харилцан хүндэтгэлээр холбогдсон нэгэн зууны түүхэн хэлхээ холбооны бэлгэ тэмдэг болохыг онцоллоо.
Одоогоос нэгэн зууны тэртээ эрдэм боловсрол эзэмшихээр Герман орныг зорьсон монгол залуусын нэг нь Монголын орчин үеийн утга зохиолын суурийг тавьсан их зохиолч Дашдоржийн Нацагдорж байв.
Д.Нацагдоржийн Герман Улсад, тэр дундаа Лайпциг хотод өнгөрүүлсэн он жилүүд нь түүний ертөнцийг үзэх үзэл, оюуны төлөвшил, уран бүтээлийн сэтгэлгээнд гүн гүнзгий нөлөөлсөн чухал үе байсан.
Чухам энэ цаг үед Лайпцигийн их сургуульд ажиллаж байсан нэрт эрдэмтэн Эрих Хэниш Монголын түүх, хэл, соёлыг судлах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, Германы монгол судлалын хөгжилд анхдагч болон тод мөрөө үлдээжээ.
Монголын залуу сэхээтэн Д.Нацагдорж, Германы монголч эрдэмтэн Эрих Хэниш нарын эрдмийн их өргөөнд тогтоосон багш, шавийн барилдлага нь хоёр орны харилцааны түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг юм.
Одоогоос зуун жилийн тэртээ монгол залуус Герман орныг зорьж, эрдэм мэдлэг өвөрлөн эх орондоо буцаж байсан бол эдүгээ ч энэхүү түүхэн уламжлал үргэлжлэн бэхжиж, монгол оюутан залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж, хоёр орны эрдэмтэн судлаачид хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсээр байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.
Энэ түүхэнд Лайпцигийн их сургууль онцгой байр суурь эзэлдэг бөгөөд XIX зууны сүүл үеэс тус сургуульд Монголын соёлын талаарх хичээл, судалгаа хөгжиж, улмаар монгол судлалын сонгодог төв байсаар ирсэн түүхтэй.
Өнөөдөр монгол хэл, Монгол болон Төв Азийн судлалын уламжлал Лайпцигийн их сургуульд үргэлжилж байгааг дурдаж, энэхүү дурсгал нь өнгөрсөн түүхээ хүндэтгэн алдаршуулахын зэрэгцээ ирээдүйн хамтын ажиллагааг бэлгэдсэн гүн гүнзгий утга агуулгатай хэмээн тодотголоо.
Энэхүү санаачилгыг дэмжсэн Лайпцигийн их сургуулийн удирдлага, эрдэмтэн судлаачид болон дурсгалын самбарыг бүтээсэн уран бүтээлчид, бэлтгэл ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол, Германы холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачдад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Энэ жил тохиож буй их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг Лайпцигийн их сургуульд зохион байгуулсан юм.
Лайпцигийн их сургууль нь ХБНГУ-ын Саксони муж улсын Лайпциг хотод 1409 онд байгуулагдсан. Герман болон Европын хамгийн эртний их сургуулиудын нэг бөгөөд 35 мянга гаруй монголчууд герман хэл, боловсрол эзэмшсэн байдаг.
Лайпцигийн их сургууль нь Монгол судлалын урт хугацааны уламжлалтай. XIX зууны сүүлчээр тус сургуульд Германд анх удаа Монголын соёлын талаар хичээл зааж эхэлсэн бөгөөд XX зуунд Монгол судлал бие даасан судалгааны чиглэл болон хөгжсөн билээ.
Тус сургуульд ажиллаж байсан монгол, хятад судлаач профессор Эрих Хэниш “Монголын нууц товчоо”-г герман хэлнээ орчуулсан эрдэмтдийн нэг юм.
Монголын анхны 35 сурагч, оюутан 1926 онд Лайпциг болон Германы бусад их, дээд сургуульд суралцахаар ирсэн бөгөөд БНАГУ-ын үед олон монгол оюутан Лайпцигийн Хердерийн институтэд герман хэлний бэлтгэлд хамрагдаж, улмаар мэргэжлийн сургалтаа үргэлжлүүлж байсан түүхтэй.
Өдгөө Лайпцигийн их сургууль Монгол Улсын их сургуультай их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд боловсрол, эрдэм шинжилгээний харилцаагаа үргэлжлүүлж байна.
Улстөр нийгэм
Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дотоодын нүүрсний нөөцийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 17 дугаар хуралдаанаар “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК-ийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран байгуулах тухай НИТХ-д өргөн барих тогтоолын төслийг хэлэлцлээ.
Багануурын Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс, 82 мянган тонн давирхай үйлдвэрлэнэ. Мөн нүүрс боловсруулах явцад ялгарах пиролизын хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний нэгдсэн системд 26 МВт цахилгаан нийлүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн үр дүнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг дотооддоо үйлдвэрлэсэн хагас коксон түлшээр хангаж, агаарын бохирдлыг бууруулна. Үйлдвэр ашиглалтад орсноор гэр хорооллоос ялгарах агаарын бохирдол 50–60 хувиар буурч, түлшний өртөг 50–70 хувиар багасах боломжтой гэж үзжээ. Эдийн засгийн үр өгөөжийн хүрээнд 440 ажлын байр бий болно.
2026 оны наймдугаар сарын 21-нд төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох, түншлэлийн гэрээний хэлэлцээ хийх, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах ажлыг хэсэг байгуулагдсан. Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтыг арваннэгдүгээр сард багтаан дуусгахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үүрэг болголоо.
