Цаг үе
“Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК, “Бөөрөлжүүтийн тал” ХХК-иудын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцлээ
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК, “Бөөрөлжүүтийн тал” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баян сум, Баянжаргалан сумын Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гаргасан гомдлоор 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцлээ.
“Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК болон “Бөөрөлжүүтийн тал” ХХК-иудаас шүүхэд хандаж, “... Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг, ... тусгай зөвшөөрлийн төлбөрийг тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээгээр жил бүр төлдөг, ... уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгт ... /сумын Засаг даргатай/ гэрээ байгуулж газрын төлбөр төлнө, ... харин уурхайн үйл ажиллагаанд ашиглаагүй байгаа тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн бусад хэсэгт газар эзэмших гэрээ байгуулж газрын төлбөр төлөх үндэслэлгүй /тул/ ... Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу ... тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн ашиглаагүй хэсэгт хамаарах /өөрийн/ газар эзэмших эрхийг дуусгавар болгох хүсэлтийг Төв аймгийн Баян сум, Баянжаргалан сумын Засаг дарга нарт гаргасан, гэтэл … хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг даргаас “... /ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газарт/ ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй” гэсэн хариу өгсөн нь хууль бус..., Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга ... хүсэлтэд хариу өгөөгүй нь ... хууль бус” гэх үндэслэлээр:
“Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариуг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”;
“Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №03/20 тоот хүсэлт гаргах тухай албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байна.
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 627 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу, зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Цэцэнсхолдинг” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК, “Бөөрөлжүүтийн тал” ХХК-иудын төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолд үндэслэлийг дэлгэрэнгүй заах бөгөөд хуульд заасан хугацаанд албажиж гарна. Тогтоолын бүрэн эхийг шүүхийн шийдвэрийн цахим сангаас үзэх боломжтой гэж Улсын дээд шүүхээс мэдээллээ.
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Улстөр нийгэм2020/04/17
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотоос 55 иргэнээ татаж авлаа
-
Улстөр нийгэм2020/07/28
Өмнөговь аймгийн хэмжээнд 20 га талбайг нөхөн сэргээнэ
-
Цаг үе2025/02/26
Төрийн байгууллагын нэрийг ашиглаж, залилан хийсэн этгээдийг шалгаж байна
-
Цаг үе2021/05/12
Нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт орлоо
