Бидэнтэй нэгдэх

Цаг үе

18 байршилд явган хүний зам шинэчилнэ

Огноо:

,

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бие даасан байдал хангагдаж, нийслэл болон дүүргүүд нийгэм, эдийн засгийн хувьд хөгжих боломж бүрдсэн. Үүний үр дүнд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эхлүүлж, гудамж, зам шинэчлэх, авто зам болон гүүрэн байгууламжийг шинээр барих, өргөсгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийж буй. 

Энэ хүрээнд иргэдийн аюулгүй зорчих нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд нийслэлийн 18 байршилд явган хүний замыг шинэчлэхээр боллоо. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26-р хорооны Хүннү гудамжинд маргааш буюу тавдугаар сарын 25-наас эхлэн нэг сарын хугацаанд явган хүний зам, талбайн шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх гэж байна. Тус гудамжны 13 мянган ам метр талбай бүхий явган болон дугуйн замыг ашиглалтын шаардлага хангахуйц буюу 1.5-5 метр болгон өргөтгөхөөс гадна гадаргуу, орц, гарцын налуу, хөтөч хавтангийн байршлыг стандартад нийцүүлэн шинэчлэх юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр нар явган хүний замыг шинэчлэх шаардлага, одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд НИТХ-аар Хотын стандартыг баталсан. Стандарт баталсан бол түүнийгээ хэрэгжүүлж, мөрдүүлэх ёстой. Хүмүүс заавал автомашинаар явахгүй, явган зорчихыг хүсэж байгаа ч явган явах орчин нь бүрдээгүйгээс машинаар зорчиход хүрдэг. Иймээс уг ажлыг Баянзүрх дүүргийн 26-р хорооноос эхэлж байна. Бусад байршилд ч мөн яг ижил стандартын дагуу шинэчлэл хийнэ” хэмээв.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр “Явган хүний замыг өргөтгөхөд саад учруулж буй хашааг буулган, талбай чөлөөлөхийн тулд эзэмшил талбайгаа хэтрүүлэн, зөвшөөрөлгүй хашаа барьсан аж ахуйн нэгжид мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлж байгаа. Харин зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжтэй тохиролцон ажиллаж байна” гэлээ.

Тэргэнцэр болон бусад дугуйт хэрэгслийн урд дугуй 2.5 сантиметрээс өндөргүй бартааг давах боломжтой байдаг тул одоо байгаа явган хүний замуудаар зорчиход бэрхшээлтэй байдгийг "Түгээмэл хөгжлийн төв" ТББ-ын дэд бүтцийн хүртээмжийн ажилтан Б.Ням-Очир онцолж байв. Иймд явган хүний зам дээрх хөтөч хавтанг стандартын дагуу байршуулж, саад бартааг чөлөөлж, шинэчлэн зассанаар иргэд аюулгүй, саадгүй зорчих боломж бүрдэх юм.

Явган хүний замын шинэчлэлийн ажлыг нийслэлийн хамгийн олон хүн амтай, зорчих хөдөлгөөний ачаалалтай хэсгүүдээс эхлэх бөгөөд тус ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэнэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын дүүжин замын тээврийн системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах хүрээнд ачаалалтай болон онцгой нөхцөлд туршилтуудыг үе шаттай хийж байна.

Тодруулбал, өнөөдрөөс эхлэн 750 кг хүртэлх ачаа байршуулсан кабины туршилтыг хийж, энэ үеэр системийн моторын тоормос болон аюулгүйн тоормоснуудыг зориудаар ажиллуулж, хэвийн бус нөхцөлд хэрхэн ажиллахыг шалгаж буй. Үүний улмаас кабинууд хүчтэй савлах, гэнэт түр зогсох зэрэг хөдөлгөөн ажиглагдах бөгөөд энэ нь системийн аюулгүй ажиллагааг баталгаажуулах туршилтын нэг хэсэг юм.

“Пома групп”-ийн барилгын инженер Жуан Муниер “Манай компани дэлхийн 90 орчим улсад энэхүү төслийг хэрэгжүүлсэн туршлагатай. Монголынхоос ч хүйтэн өвөлтэй, зуны улиралд хэт халдаг зэрэг эрс тэс уур амьсгалтай орнуудад системийг амжилттай нэвтрүүлсэн. Эдгээр улсад суурилуулсан системүүд өнөөдрийг хүртэл аюулгүй, хэвийн ажиллаж байна. Улаанбаатар хотод хийж буй дүүжин замын тээврийн төсөл стандартын дагуу, үе шаттай хэрэгжиж, эхний туршилтууд үргэлжилж байна. Тус 750 кг ачаатай кабины туршилтуудыг бүрэн дуусгаснаар төслийн ажил дуусах шатандаа орно. Иймд иргэд та бүхэн санаа зовох зүйлгүйгээр дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломжтой” гэв.

Мөн өвөл ган татлагад мөс тогтох эрсдэлийн талаар мэргэжилтнүүд тайлбарлалаа. Дүүжин тээврийн ган татлага нь системийн ажиллагааны явцад байнгын хөдөлгөөнтэй байдаг тул нэг цэгт удаан хугацаагаар тогтож хөлдөх, зузаан мөсөн бүрхүүл үүсэх нөхцөл харьцангуй бага аж. Түүнчлэн буудлын хэсэгт татлага дамраар эргэлдэх үед үүсэх үрэлтийн дулаан нь мөс тогтохоос сэргийлдэг байна.

Харин тээвэрлэлт явагдаж байх үед цахилгаан тасарсан тохиолдолд нөөц генератор автоматаар ажиллаж, кабинуудыг буудалд хүргэх боломжтой. Мөн бүх кабинд радио холбоо суурилуулсан бөгөөд шаардлагатай үед зорчигчдод шуурхай мэдээлэл, зааварчилгаа өгч, аюулгүй байдлыг хангах юм.

Ийнхүү дүүжин замын тээврийн системийг ашиглалтад оруулахын өмнө ачаалал, тоормос, цахилгаан хангамж болон онцгой нөхцөл дэх ажиллагааг нарийвчлан шалгаж, аюулгүй, найдвартай үйлчилгээнд бэлтгэж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Улаанбаатар хотын авто зогсоолын хүртээмж, ашиглалт, менежментийг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн II хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд авто зогсоолд тавих ерөнхий шаардлага, журмын хэрэгжилт, эрх зүйн орчин, олон улсын жишиг, сайн туршлагын талаар танилцууллаа.

Ажлын хэсэг авто зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээний стандартыг олон улсын жишиг, сайн туршлагад нийцүүлэн шинэчлэх, зогсоолын байршил, бүсчлэлд үндэслэн төлбөрийн ялгаатай тариф тогтоох, нийтийн эзэмшлийн авто зогсоолын төлбөр хураах журам болон холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв.

Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжүүлэх “Ухаалаг авто зогсоол” төслийн бэлтгэл ажил, санхүүжилтийн явцын талаар мэдээлэл солилцож, төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хөндлөө.

Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн, холимог эзэмшлийн бүх авто зогсоолыг хамруулан дахин тоолж, нэгдсэн бүртгэл үүсгэх, зогсоолын ашиглалт, эзэмшилтэй холбоотой гэрээ, хэлцэл, тэдгээрийн хэрэгжилтийг шалгаж судлах шаардлагатайг онцлов.

Түүнчлэн авто зогсоолын төлбөрийн шинэ тарифын талаар иргэдийн санал, байр суурийг судалж, цаашдын зохицуулалтыг бодит нөхцөл байдал, олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсруулахыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Огноо:

,

Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар хотын соёл, урлагийн түүхэн замнал ба Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2026 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

Тус хурал нь нийслэл хотын соёл, урлагийн түүхэн хөгжил, хотын амьдралын хэв маягийн өөрчлөлтийг судлан хэлэлцэх, Улаанбаатар театрын цаашдын хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох зорилготой юм.

Хурлыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг чиглүүлэн явуулж, доктор (Ph.D) Пэрэнлэйн Нямлхагва “Өргөө хотоос Нийслэл хүрээ хүртэлх урлагийн хөгжлийн товчоолсон тойм”, доктор (Ph.D) Данзангийн Энхцэцэг “Миний Улаанбаатар баримтат киноны дуу хөгжмийн илэрхийлэл”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Чойжамцын Буянхишиг, доктор (Ph.D) Дэлгэрхүүгийн Наранцацрал “Орчин үеийн хотын амьдралын хэв маяг ба соёлын өөрчлөлт”, СУИС-ийн багш, магистр Гүргэлсүрэнгийн Төвшинтөр “Улаанбаатар театрын хөгжлийн бодлого” зэрэг нийслэлийн урлагийн түүх, кино урлагийн хөгжим, орчин үеийн хотын соёлын өөрчлөлт болон театрын хөгжлийн бодлогын талаар илтгэл хэлэлцүүлэв.

Эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцсэн илтгэл, дэвшүүлсэн санал, гаргасан дүгнэлтүүд нь нийслэлийн соёл, урлагийн салбарын бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох, театрын уран бүтээлийн хөгжил, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм53 минутын өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр...

Улстөр нийгэм1 цаг 2 минут

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох х...

Цаг үе1 цаг 6 минут

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршил...

Цаг үе1 цаг 10 минут

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгд...

Цаг үе5 цаг 4 минут

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ...

Урлаг спорт2026/11/02

АНУ Европын авлигатай тэмцэх байгууллагаас гарлаа

Шударга мэдээ2026/11/02

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооц...

Улстөр нийгэм2026/11/02

Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын а...

Улстөр нийгэм2026/11/02

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэл...

Улстөр нийгэм2026/11/02

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Санал болгох