Цаг үе
25 байршлын 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэв
НИТХ-ын ээлжит бус VI хуралдаанд нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулав.
Тэрбээр “Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Иймээс нийслэлд нийтийн эзэмшлийн гудамж талбай, ногоон байгууламж, амралт зугаалгын талбай нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Өмнөх жилүүдэд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрүүлэх зорилтын хүрээнд нийтийн эдэлбэр газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшилд ороогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн талбай, ногоон байгууламж бүхий 108 байршлын 208.3 га газрыг НИТХ-ын дөрвөн удаагийн хурлаар нийтийн эдэлбэрт бүртгэсэн. Энэ жилийн хувьд нийслэлийн зургаан дүүргийн 25 байршилд 17 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр төлөвлөсөн. Нийтийн эдэлбэрт бүртгэх 25 байршлын 16-д тохижилт хийхээр төлөвлөлөө. Үлдсэн есөд өмнө нь тохижилт хийсэн” хэмээлээ.

Тодруулбал,
Баянгол дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.52 га,
Баянзүрх дүүрэгт зургаан байршил бүхий 13.95 га,
Сонгинохайрхан дүүрэгт гурван байршил бүхий 0.59 га,
Сүхбаатар дүүрэгт таван байршилд 0.65 га,
Багануур дүүрэгт таван байршилд 0.84 га,
Налайхад хоёр байршил бүхий 0.49 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэх юм.
Тогтоолын төслийг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх нь дэмжсэнээр дээрх газруудыг нийтийн эдэлбэрт бүртгэв.

Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
2022 оны төсвийн тухай хуульд он дамжин хэрэгжих нийгмийн эрүүл мэндийн төвийн барилга барихаар заасан учир Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн байрыг өмчийн бүртгэлээс хасах хүсэлт ирүүлсэн. Мөн 28-р сургуулийн I байрыг шинээр барих төсөл батлагджээ. Тухайн сургуулийн барилга нь 1964 онд ашиглалтад орсон, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр шаардлага хангахгүй нь тогтоогдсон байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ байр барих болсонтой холбогдуулан барилга барих талбайд буй гарааш болон агуулах барилгыг буулгах хүсэлт ирүүлжээ. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан гэрээ, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн дагуу барилгыг Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн зураг төсвөөр барихаар зөвшөөрсөн байна.
Тус гурван барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.
Цаг үе
“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана
Монгол Улс Япон улстай хот байгуулалт, дэд бүтэц, тогтвортой хотын хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй.
Энэ хүрээнд НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар Япон Улсын Газрын, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам /ГДБТАЖЯ/-ны Бодлогын товчооны Олон улсын бодлогын хэлтсийн Дэд захирал Кожима Хирото болон “Ниппон Коэй” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард Япон улсын ГДБТАЖЯ-ны дэд сайд Улаанбаатар хотод айлчилж, хотын удирдлагуудтай уулзан хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр санал солилцож байсан. Харин өнөөдрийн уулзалтаар Япон улсаас хэрэгжүүлж буй “Ухаалаг хот” туршилтын судалгааны үр дүн, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломж, технологийн шийдлүүдийн талаар санал солилцов.
Тодруулбал, Япон улсын ГДБТАЖЯ нь гадаад улс орнуудад Япон компанийн арга туршлага, технологийг хөшүүрэг болгон ашиглах замаар “Ухаалаг хот”-ыг хөгжүүлэх техник, эдийн засгийн судалгаа, ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бодитоор хэрэгжүүлэх боломжит байдлын талаар туршилт судалгааны ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн онд ухаалаг хотыг бодитоор хөгжүүлэх төслийг төлөвлөхөөр Улаанбаатар хотод дроны мэдрэгч технологийг ашиглан хотын 3D загвар бүтээж, нислэгийн хамгийн оновчтой чиглэлийг магадалж, замын хөдөлгөөний урсацтай харьцуулах туршилтыг хийсэн юм.

НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар “Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд ухаалаг технологи, мэдээллийн системд суурилсан шийдлүүд чухал үүрэгтэй. Иймээс “Ухаалаг хот” төслийг нийслэлийн тодорхой дүүрэг, бүсэд туршилтын байдлаар хэрэгжүүлэх, хотын мэдээллийн нэгдсэн дата платформ хөгжүүлэх, тээврийн ухаалаг систем (ITS) нэвтрүүлэх, ногоон дэд бүтэц болон эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг хэрэгжүүлэхэд Япон улсын туршлага, технологийг судлан, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.

Япон Улсын ГДБТАЖЯ-ны Бодлогын товчооны Олон улсын бодлогын хэлтсийн Дэд захирал Кожима Хирото “Бид “Ухаалаг хот” төслийн хүрээнд дроноор цусыг яаралтай тээвэрлэх болон маршрут чиглэлийг нээх зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хоорондох маршрутыг 3D скан хийх нислэгийг туршиж, 3D цэгэн үүлэн загварыг боловсруулсан. Ийнхүү илүү өндрийн нарийвчлалтай мэдээлэлд үндэслэн хамгийн зохистой байх маршрутыг судалж, туршсан. Ингэснээр цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө хэмнэж буйг нотолсон юм. Уг технологийн шийдлийг зөвхөн тээвэрлэлтэд ашиглаад зогсохгүй хот төлөвлөлтөд ашиглах боломжтой. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.


Цаг үе
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэйг зодож, дээрэмджээ
"Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдээд байна" гэх мэдээлэл 2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр 02:00 цагийн орчимд Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эмэгтэй хүний "Samsung А56" загварын гар утсыг нь дээрэмдэж, зодсон нөхцөл байдлыг шуурхай бүрэлдэхүүн тогтоожээ.
Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, иргэн А-г тус хэрэгт холбогдуулах баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна.
Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган найдвартай такси үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхийг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.
Цаг үе
Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл хэрэгжиж эхэллээ
Европын холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо НҮТББ, Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо НҮТББ, “Бизнес боломж хөгжлийн гүүр” төв НҮТББ хамтран хэрэгжүүлэх “Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах, эрүүл аюулгүй, эрх тэгш ажлын байрны орчныг бэхжүүлэх нь” төсөл Дархан-Уул аймагт эхэлж байна.

Энэхүү төсөл нь 2026- 2029 оны хооронд 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд манай аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй, эрх тэгш ажлын байрны орчныг сайжруулахад чиглэгдэж байгаа юм.
Төслийн хүрээнд өнөөдөр "Хөдөлмөр эрхлэлт ба эмэгтэйчүүд" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өрнөж байна. Уулзалт, хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн сорилт, боломж, урам зоригийг түгээх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар мэдлэг мэдээллээр хангах илтгэлүүд тавигдаж байна.
