Шударга мэдээ
Монгол орны тахийн тоо толгой 1000 давлаа
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Говь-Алтай аймагт ажиллаж байна.
Энэ үеэр Тахийн талаас 70 гаруй тахийн гүү унагалаад буй мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Энэ жил Монгол нутагт тахь сэргээн нутагшуулсны 30 жилийн ой тохиож буй цаг үед манай орны тахийн тоо ийнхүү 1000 давлаа.
Тахь нь манай орны унаган зүйл хэдий ч 1960-аад оны сүүлээр байгальдаа бүрэн устсан гашуун түүхтэй.
Тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажил 1992 оны зургаадугаар сарын 5-нд Төв аймгийн Хустайн нуруунд анхны 16 тахь, дараа өдөр нь Говь-Алтай аймгийн Тахийн талд анхны 5 тахийг тээвэрлэн авчирснаар эхэлсэн.
2022 оны зургаадугаар сарын байдлаар Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт 422, Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт 386, Хомын талын байгалийн цогцолборт газарт 132 нийт 940 толгой тахь тоологдоод байв гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
Шударга мэдээ
Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой "Олон түвшний уулзвар" төслийг Шинэ сэргэлтийн бодлого болон Нийслэлийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийн хүрээнд 2025–2028 онд замын хөдөлгөөний ачаалал хамгийн ихтэй байршлуудад олон түвшний уулзвар, гүүр, авто замын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эхний шатанд дараах таван байршилд бүтээн байгуулалт хийхээр төлөвлөжээ. Үүнд:
- Сонгинохайрхан дүүргийн Моносын уулзвар
- Хан-Уул дүүргийн Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар
- Баянзүрх дүүргийн Офицерын уулзвар
- Наадамчдын замын явган хүний гүүр
- Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Нарт хотхоны зүүн талын гүүр
Эдгээр таван байршлын техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийн ажлыг бүрэн боловсруулж дууссан байна.
Албаныхны мэдээлснээр, нийслэлийн замын хөдөлгөөний саатлын гол шалтгаан нь уулзваруудын нэвтрүүлэх чадвар хүрэлцээгүй байгаатай холбоотой бөгөөд түгжрэлийн ихэнх нь уулзваруудад үүсдэг байна. Үүнээс шалтгаалан иргэдийн зорчих хугацаа уртасч, шатахууны хэрэглээ, агаарын бохирдол, эдийн засгийн зардал нэмэгддэг аж.
Тиймээс олон түвшний уулзваруудыг байгуулснаар замын хөдөлгөөний урсгалыг тасралтгүй болгож, түгжрэлийг бууруулахын зэрэгцээ иргэдийн зорчих хугацаа, шатахуун болон тээврийн зардлыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Шударга мэдээ
2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улсын хэмжээнд шатахуун хадгалах агуулах, савны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шатахууны агуулах, хадгалах савны хүчин чадлыг нэмэгдүүлж, 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэх зорилт тусгасан байна.
Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 онд хувийн хэвшилтэй хамтран улсын хэмжээнд шатахуун хадгалах савны хүчин чадлыг 150 мянган шоо метрээр нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Мөн 2027 оны наймдугаар сар гэхэд хадгалах хүчин чадлыг 300 мянган шоо метрт хүргэснээр улсын хэмжээнд нэг сарын ердийн хэрэглээний шатахууны нөөцийг бүрэн хадгалах боломж бүрдэх юм.
Харин 2028 он гэхэд шатахууны нөөц хадгалах хүчин чадлыг улам нэмэгдүүлж, улсын ердийн хэрэглээний гурван сарын нөөц бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Бүтээн байгуулалтын ажлуудыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг стратегийн ач холбогдолтой бүс нутагт хэрэгжүүлж байна.
Шударга мэдээ
"Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт эхэллээ
Хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой "Хавдрын эсрэг үндэсний аян-2026" Хөвсгөл аймагт долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Аяны нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ХААН банкны Хөвсгөл салбарын удирдлага, төлөөлөл болон иргэд оролцжээ.
Энэхүү аяныг ХААН банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран улс орон даяар 16 дахь жилдээ, Хөвсгөл аймагт 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн 14 эмч, мэргэжилтэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, зорилтот бүлгийн иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийх юм. Мөн иргэдэд хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалт, дадлагаар чадавхжуулж, хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлнэ.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр эмчилгээний үр дүн нэмэгдэж, амь насыг аврах боломжтойг онцолж, иргэдийг өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэгт жил бүр тогтмол хамрагдахыг уриаллаа.
-
Цаг үе2020/07/02
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
-
Үзэл бодол2019/09/24
Ч.Даваабаяр: Сан бол өсөж үржиж байх ёстой. Сайд, засаг даргын мэдлийн төсөв биш...
-
Улстөр нийгэм2021/03/31
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2021.03.31/
-
Цаг үе2021/05/07
Бэлгийн сүрдүүлэг: Авлига эмэгтэйчүүдэд өвөрмөцөөр нөлөөлдөг болох нь
