Цаг үе
Цэцэрлэгийн 2 дахь бүртгэл явагдаж байна
Эцэг эх, асран хамгаалагч Та нэгдүгээр шатны бүртгэлд хамрагдаж амжаагүй бол 2 дахь шатны бүртгэлд хамрагдаарай.
Нийтлэг асууж буй асуулт, хариулт
1. Ямар тохиолдолд 2-р шатны элсэлтийн бүртгэлд хамрагдах боломжтой вэ?
- Цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд.
2. Хүүхдээ хэрхэн цэцэрлэгт бүртгүүлэх вэ?
- Эцэг эх, асран хамгаалагчдаас нийслэлийн цэцэрлэгт хамруулах хүсэлтийг 2022 оны 9 дугаар сарын 10-наас 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл E-Mongolia.mn системээр хүлээн авна.
3. E-Mongolia аппликэйшн ашиглах боломжгүй бол хэрхэн бүртгүүлэх вэ?
- Та өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)
4. Хүүхдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү үйлчилгээг авах бол хаана хандах вэ?
- Хэрвээ хүүхдийн асран хамгаалагч /Өвөө, эмээ, ах, эгч гэх мэт/ тухайн үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд өөрийн болон хүүхдийн бичиг баримтын бүрдүүлэн өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой.
5. Өмнөх жилүүдэд хяналтын тоонд багтаагүй хүүхдийг бүртгүүлж болох уу?
- Та e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт үйлчилгээ” хэсэгт цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээж болно.
6. Одоо хувийн цэцэрлэгт хамрагдсан хүүхдийг улсын цэцэрлэг рүү шилжүүлж болох уу?
- Цэцэрлэгт бүртгэлтэй тул хүсэлт илгээх боломжгүй. Бүртгэлээ тухайн цэцэрлэг дээрээ хасалт хийлгэсний дараа хүсэлт илгээх боломжтой.
7. Орон нутгийн хаягтай болон түр оршин суугч иргэд хүүхдээ хэрхэн цэцэрлэгт хамруулах вэ?
- Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд Та оршин суугаа хорооны улсын бүртгэлийн ажилтанд хандаж 2022 оны 09 дугаар сарын 23-ны 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай.
8. Хүүхдээ ямар цэцэрлэгт хуваарилагдсанаа хэрхэн мэдэх вэ?
- 2022 оны 09 дүгээр сарын 27-наас хойш бүртгэлтэй утасны дугаарт мессежээр мэдээлнэ.
9. Цэцэрлэгийн элсэлттэй холбоотой мэдээллийг хаанаас авч болох вэ?
- Элсэлтийн мэдээллийг e-mongolia.mn болон parent.edu.mn цахим систем, Төрийн үйлчилгээний иргэд олон нийттэй харилцах төвийн 11-11, Нийслэлийн боловсролын газрын 7011-3039, Боловсролын ерөнхий газрын 75778080 дугаарт хандан мэдээлэл авах боломжтой.
10. Эхний шатны хүсэлтээр цэцэрлэгт хувиарлагдсан ч гэрээ байгуулаагүй тохиолдолд дахиж цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргаж болох уу?
- Цэцэрлэгтэй гэрээ байгуулаагүй ба цэцэрлэгт бүртгэл хийлгээгүй тохиолдолд хүсэлт гаргах боломжтой.
11. Нэг хаяг дээр бүртгэлтэй ах, дүү 2-ыг хоёр өөр цэцэрлэгт хуваарилсан тохиолдолд хэрхэн 1 цэцэрлэгт бүртгүүлэх вэ?
- Та нэг хүүхдийнхээ цэцэрлэг дээр очиж бүртгүүлэх хүсэлт гаргах боломжтой.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар
Цаг үе
Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилжээ
Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага АНУ-ын цэргийн бааз, цэргийн ажиллагаатай холбоотой мэдээлэл цуглуулсан байж болзошгүй Хятадын хоёр иргэнийг баривчилжээ. Тэд хоёулаа өмнө нь Хятадын армид алба хааж байсан талаар “Ассошиэйтед Пресс” мэдээлсэн байна.
Сэжигтнүүдийн нэг нь 60 гаруй настай бөгөөд 2024 оноос хойш Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан агаарын цэргийн баазын ойролцоо тусгай радио төхөөрөмж, антенн, зөөврийн компьютер ашиглан сөнөөгч онгоц болон нислэгийн удирдлагын хоорондын холбоог сонсож, мэдээлэл цуглуулсан байж болзошгүй гэж мөрдөн шалгагчид үзэж байна. Тэрбээр үүнийг хувийн сонирхлын хүрээнд хийсэн гэж мэдүүлсэн ч цуглуулсан мэдээллээ Хятадын талд дамжуулсан эсэхийг шалгаж байгаа аж.
Харин 40 гаруй настай нөгөө иргэнийг Сөүл хотын ойролцоох АНУ-ын цэргийн командлалтай холбоотой мэдээлэл цуглуулсан хэрэгт сэжиглэжээ. Тэрбээр АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт, зэвсэг техникийн шилжилт хөдөлгөөн болон цэргийн алба хаагчдын өөрчлөлтийн талаар мэдээлэл авсан байж болзошгүй байна.
Мөрдөн шалгалтын мэдээллээр уг сэжигтэн АНУ-ын цэргийн командлалд ажилладаг Өмнөд Солонгосын иргэнтэй хувийн харилцаа тогтоож, мөнгө өгсний хариуд тодорхой мэдээлэл авсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Өмнөд Солонгосын эрх баригчид хоёр иргэнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн эсэхээр үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор тэднийг Хятадын төрийн байгууллагын шууд даалгавраар ажилласан гэж эцэслэн тогтоогоогүй байна.
Энэ хэрэг АНУ, Өмнөд Солонгосын жил бүрийн хамтарсан томоохон цэргийн сургуулилт наймдугаар сарын 17-27-нд болохын өмнө ил болсон юм. Уг сургуулилтад Өмнөд Солонгосын 18 мянга орчим цэрэг оролцохоор төлөвлөжээ.
Цаг үе
Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө
Дэлхийн хүн дүрст роботын хоёр дахь спортын наадам наймдугаар сарын 22-нд Бээжин хотын Үндэсний хурдны тэшүүрийн ордон буюу “Мөсөн тууз”-д нээлтээ хийнэ.
Үндсэн тэмцээн наймдугаар сарын 22-26-нд тав хоног үргэлжилж, 51 төрөлд нийт 1301 тэмцээн зохион байгуулахаар болжээ.
Энэ удаагийн наадам цар хүрээ, оролцогчдын тоогоор өмнөхөөсөө мэдэгдэхүйц өргөжиж байна. Зургаан тивийн 16 орны 666 баг, 2056 хүн дүрст робот тэмцээнд оролцохоор бүртгүүлжээ. Багийн тоо өмнөх наадмаас 138 хувиар өссөн бол тэмцээнд оролцох роботын тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
АНУ, Герман, Япон зэрэг улс багуудаа илгээх бөгөөд Бразил улс энэ удаа үндэсний шигшээ баг бүрдүүлэн оролцох аж.
Хятадаас нийт 157 аж ахуйн нэгжийн 641 баг, 1975 робот тэмцээнд оролцоно. Мөн 27 их сургууль багуудаа илгээж байгаа бөгөөд оролцогчид Хятадын 30 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон тусгай захиргааны бүсийг төлөөлөх юм.
Өмнөх наадамтай харьцуулахад тэмцээний хугацааг гурван хоногоос тав хоног болгон сунгаж, тэмцээний ангиллыг зургаагаас ес болгон нэмэгдүүлжээ.
Наадмын хүрээнд хүн дүрст роботуудын хөдөлгөөний нарийвчлал, хурд, тэнцвэр, зохицуулалт, багийн ажиллагаа зэрэг технологийн чадавхыг спортын өрсөлдөөнөөр сорих юм. Ингэснээр уг наадам нь зөвхөн спортын тэмцээн бус, хүн дүрст роботын хөгжлийн түвшин, практик хэрэглээний боломжийг харуулах томоохон талбар болж байна.
Цаг үе
“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анхаарууллаа
Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотой үүссэн нөхцөл байдлыг ашиглан цахим орчинд “Шатахуун зарна” гэх хуурамч зар, мэдээлэл байршуулж, иргэдээс урьдчилгаа төлбөр шилжүүлэн авах замаар залилах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.
Иймд иргэдийг цахим орчинд нийтлэгдсэн шатахуун худалдах зар, мэдээллийн үнэн зөвийг нягталж, танихгүй хүн болон баталгаагүй данс руу урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг зөвлөжээ.
Мөн гарал үүсэл, чанар, стандарт нь тодорхойгүй шатахуун автомашины хөдөлгүүрт ноцтой гэмтэл учруулах эрсдэлтэйг анхааруулсан байна. Шатахууны чанар, октаны тоо нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд шууд нөлөөлдөг тул баталгаагүй эх үүсвэрээс шатахуун худалдан авахгүй байх нь зүйтэй.
Чанарын шаардлага хангаагүй, зориулалтын бус нэмэлт бодис хольсон шатахуун хэрэглэснээр хөдөлгүүрт детонаци үүсэх, хэт халах, эд анги гэмтэх, хүчин чадал буурах зэрэг эрсдэлтэй. Түүнчлэн ийм төрлийн шатахуун нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
Иймээс шатахууныг баталгаатай эх үүсвэрээс худалдан авч, цахим орчин дахь хуурамч зар, мэдээлэлд хууртан эд хөрөнгөөрөө хохирохоос сэрэмжлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
-
Цаг үе2019/10/04
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2021/02/24
Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх Ажлын хэсэг хурал...
-
Үзэл бодол2020/11/20
Г.Дөлгөөн: Ард иргэдэд учрах санхүүгийн дарамтыг бууруулах бодлогын зохицуулалты...
-
Цаг үе2022/08/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
