Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никейзийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никейзийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай тогтоосон харилцаагаа өндрөөр үнэлдэг. Европын Холбоог манай “гуравдагч хөрш” хэмээн үздэг бөгөөд энэ нь манай гадаад харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид ардчиллын үнэт зүйлс, чөлөөт зах зээл болон хүний эрхийг дээдлэх нийтлэг зарчмуудад тулгуурласан хамтын ажиллагаатай болохыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэв.

Элчин сайд Аксель Никейз Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсад НҮБ-аас Иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийг 2021 онд батлахад Монгол Улсын Их Хурлын дэмжлэг чухал байсныг онцлов. Энэ бол улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэний нийгмийн гүйцэтгэх үүргийг хүлээн зөвшөөрсөн маш чухал баримт бичиг болсон гэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог хангах, олон нийт засаглах эрхээ эдлэх боломжийг нээх зорилтын хүрээнд d.parliament.mn цахим платформыг амжилттай нэвтрүүлээд байна. Одоогийн байдлаар 129 хуулийн төслийг байршуулж, олон нийтийн саналыг авч байна хэмээн танилцуулав.

Хатагтай Аксель Никейз Монгол Улсад өндөр, дээд түвшний айлчлалууд зохион байгуулагдаж байгааг дурдаж, үүнд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррештэй хийсэн уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг болохоо дахин нотолж, 2021 оны 12 дугаар сард Монгол Улс Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан болохыг тэмдэглэсэн. Энэ нь НҮБ-аас олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад Монгол Улс бодит хувь нэмэр оруулж байгааг онцлов.
Талууд хоёр тал болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
-
Цаг үе2024/04/12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
-
Улстөр нийгэм2022/05/31
Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно
-
Цаг үе2025/12/05
Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна
-
Улстөр нийгэм2021/02/10
Нийтийн албанд томилогдох 332 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэв
