Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Монголбанкны ерөнхийлөгч УИХ-ын даргад захидал хүргүүлэв

Огноо:

,

FAFT-аас Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар хариуцлага тооцож, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг ажлаа өгөхийг шаардсан билээ. Тэднийг чөлөөлөхөөр ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан. Тиймээс МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГАД ХҮРГҮҮЛСЭН ЗАХИДАЛ-ыг бүрэн эхээр нь хүргэе. 


Улсын Их Хурлын Хүндэт Даргаа,

УИХ-ын чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудал хэлэлцэхээр болж байгааг дөнгөж сая мэдлээ. Төрийн түшээ нар мэргэн оюун ухаандаа тунгаан үзэж гаргах шийдвэрийг миний бие хүлээн авах болно.

Улс орны эдийн засгийн амьдралын амаргүй, хүнд цаг үед Төв банкны Ерөнхийлөгчөөр 3 жил ажилласан хүний хувьд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос оруулан хэлэлцүүлэх Тогтоолын төсөлтэй холбогдуулан зарим зүйлийг түүхэнд үлдэг хэмээн Танд бичгээр хандаж байна.

НЭГ. Бидний ой тогтоомж богино байж болохгүй. 2016 онд Монгол Улс дефолтын өмнө зогсож байсан юм. Одоогоос 3 жилийн өмнө эдийн засгийн ямар хүнд байдал нүүрлэж улс орон дампуурлаа зарлахад ойрхон болоод байсныг олон хүн мартжээ. Хэрэв Монгол орны зээлжих эрхийн зэрэглэл “D” болсон тохиолдолд манай улсын хөгжил 10 жилээр ухарна гэдэг дүгнэлтийг Монголбанкны мэргэжлийн судлаачид надад гаргаж өгсөн бөгөөд УИХ, Засгийн газар дээр олон ярьж хэлэлцсэний үр дүнд дефолтоос зайлсхийх, үүний тулд ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэх тухай улс төрийн шийдэл гарсан тул Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж эхэлсэн билээ.

ХОЁР. Олон улсын валютын сантай хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар, Монголбанк 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр тохирсон бөгөөд энэхүү хөтөлбөрийн банкны салбартай холбоотой хэсгийг Монголбанк хариуцан хэрэгжүүлж байна. Хөтөлбөр амжилттай явагдаж байна. 2017 онд Монголын бүх банкуудад Активын чанарын үнэлгээ хийгдсэн бөгөөд үнэлгээний дүнгээр өөрийн хөрөнгө дутагдалтай гарсан 7 банкинд 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан хөрөнгө нэмэх даалгавар өгч нэгээс бусад нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Монголбанкнаас өгсөн үүргийг биелүүлэв. Одоо эдгээр банкууд дээр өөрийн хөрөнгө нэмсэн эх үүсвэрт магадлан шалгах аудит хийж түүний мөрөөр авч хэрэгжүүлэх дүгнэлт гаргах ажил ид эхэлж байна.

ГУРАВ. Аливаа орны Төв банк нь мөнгөн тэмдэгт хэвлэн гүйлгээнд оруулах онцгой эрхтэй, энэ эрхийг хэрэгжүүлэгч байгууллагыг хараа хяналтдаа оруулах оролдлого улс орон болгонд өрнөж ирсэн тул Төв банкны бие даасан, хараат бус үйл ажиллагааг хангах зарчим дэлхий даяар мөрдөгддөг.

Өнгөрсөн 3 жилийн хугацаанд банкны салбарын хууль эрх зүйн шинэчлэл Улсын Их Хурлын дэмжлэгтэйгээр хийгдэж Монголбанкны үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчим нэвтрэв.

Монголбанкны Ерөнхийлөгч дангаар шийддэг байсан олон асуудлыг одоо Захирлуудын зөвлөл, Банкны Хяналт шалгалтын хороо, Мөнгөний бодлогын хороо, Хяналтын зөвлөл гэсэн хуулийн хүрээнд байгуулагдсан бүтцүүд дээр хэлэлцэгдэн олонхоор шийдвэр гаргах боллоо. Монголбанкны Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх нь Монголбанк хэмээх 500 орчим ажилтантай баг, хамт олны үйл ажиллагааг дүгнэх явдал тул асуудалд бодитой хандаж, шударга, үнэн зөв ажиллахыг хүсье. Төв банкны Ерөнхийлөгчийг хугацаанаас өмнө чөлөөлнө гэдэг нь Төв банкны бие даасан, хараат бус байдалд нөлөөлж буй явдал. 1990 оноос хойш Монголбанкны Ерөнхийлөгчөөр 8 хүн ажилласнаас зөвхөн нэг Ерөнхийлөгч л бүрэн эрхийн хугацаагаа дуусгажээ.

ДӨРӨВ. Манай орны эдийн засагт дараах ахиц, нааштай өөрчлөлтүүд гарч байна.

  • -Эдийн засгийн өсөлт 7-8 хувьд хүрэв. Ажилгүйдэл буурлаа. Инфляци зорилтот түвшинд хадгалагдаж байна. Иргэдийн амьжиргааны үзүүлэлтүүд дээшилж эхлэв. Зээлийн хүү буурч байна.
  • -Монгол Улсын гадаад валютын албан нөөц сүүлийн 2 жилд 4 дахин өсөв. Энэ бол улс орны тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа тул цаашид ч нэмэгдүүлэн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд зааснаар нэг жилийн импорттой тэнцэх хэмжээнд хүргэх учиртай. Тэгээд ч 2020-2024 онд манай улсын төлөх гадаад өр төлбөр 14.3 тэрбум ам.доллар болоод байгаа тул одоо байгаа ГВАН болох 4 тэрбум ам.долларыг хороох бус, харин арвижуулах учиртай.
  • -Төв банкны хуримтлагдсан алдагдал 3 их наяд төгрөгт 2016 онд хүрч үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй байсан тул сүүлийн 2 жил алдагдал бууруулах чиглэлээр тууштай ажиллан 1.5 их наядаар буурлаа.
  • -Монгол Улсын төлбөрийн систем шинэчлэх далайцтай том ажил өрнөж байна. Дэлхийн шилдэг түвшинд, хэний ч өмнө нүүр бардам байх Үндэсний цахим гүйлгээний систем удахгүй бэлэн болно.

Энэ мэт олон зүйлийг тоочин бичиж болно. Эдгээрт Монголбанкны идэвхтэй оролцоо, үйл ажиллагаа нөлөөлсөн гэдэг эргэлзээгүй. Үүнийг үгүйсгэвээс сүүлийн 2-3 жилд Монголын нийгэмд ажиглагдаж эхэлсэн нааштай, өнгөтэй болгоныг үгүйсгэсэн явдал болно.

ТАВ. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурал нь Төрийн Мөнгөний бодлого тодорхойлно гэжээ. Монголбанк бол Төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ. Хэрэв мөнгөний бодлого алдаа зөрүүтэй байсан бол бүхнийг Монголбанкинд тохох боломжгүй. Бид Улсын Их Хурлын шийдвэр, даалгаврыг хуулийн хүрээнд даган мөрдөж биелүүлж ирсэн. Харин ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу Монголбанк нь төсвийн шинжтэй үйл ажиллагаа санхүүжүүлэхгүй байх амлалт авсан бөгөөд одоо хэрэгжүүлж буй Ипотекийн хөтөлбөрийг 2020 оноос Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна.

ЗУРГАА. Монгол Улс саарал жагсаалтад орох нөхцөл байдал 2015-2016 онд өгсөн үнэлгээнээс шалтгаалан 2016-2017 онд бүрдээд байсан. Харин бид шуурхай ажиллаж, холбогдох үзүүлэлтүүдээ сайжруулж чадсанаар 2018 онд эрчимтэй хяналтад орсон юм.

2019 оны 8 сард Австралийн Канберра хотод хуралдсан Ази-Номхон далайн бүлгийн хурал 10 дугаар сард ФАТФ-ын хурлаар Монголын тайланг хэлэлцсэн бөгөөд манай олон үзүүлэлт наашилж сайжирсныг Олон улсын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн болно. Энэ асуудал нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүх байгууллага, цагдаа, тагнуул, прокурор, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, банкууд зэрэг олон байгууллагын хамтын үйл ажиллагаанаас хамаарах бөгөөд үр дагавар нь банкны салбарт шууд илэрч, банкуудын гадаад харилцаа хязгаарлагдаж эхлэх тул Монголбанк эхнээс нь анхааран хөөцөлдөж Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, түүний хамтын ажиллагааны зөвлөлөөр дамжуулан шаардлагатай бүх үйл ажиллагаа, хурал зөвлөгөөний зардлыг санхүүжүүлэн ажиллаж ирлээ. Харин энэхүү хүчин чармайлтыг буруугаар мушгин тайлбарлаж “Саарал жагсаалтад орох нь дан ганц Монголбанкнаас хамаарах мэтээр дүгнэх нь хэт өрөөсгөл юм.

Парисын хурлаас баталсан Монгол Улсын хэрэгжүүлэх нэмэлт ажлын төлөвлөгөөнд Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд, Хууль сахиулах байгууллагууд, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газрын хариуцан хийх ажил чиг үүргийг тусгасан байна.

ДОЛОО. Одоо ханшийн талаар: 2012-2016 онд Монголбанк нийтдээ 7 тэрбум ам.долларын интервенц хийж байж төгрөг ам.долларын ханшийг 2000 төгрөгөөс доош барьж иржээ.

Үр дүнд нь Монгол улс гадаад валютын 4,3 тэрбум долларын албан нөөцөө барж дууссанаас гадна Хятадын Ардын банкинд 1,7 тэрбум ам.долларын өртэй үлдэж, гадаад өр төлбөр нэмэгдсэн байна. 2016 оны 11 дүгээр сарын 11-нд 1 ам.долларын ханш огцом өсөж 2720 төгрөг хүрсэн бөгөөд энэ үед интервенц хийх нөөцгүй шахам болж ГВАН 980 сая ам.доллар болоод байсан юм. Миний бие хэт их интервенц хийх замаар ГВАН хоослох явдлаас татгалзах бодлого явуулж ирлээ. Харин ГВАН нэмэх боломжтой бүх арга замыг эрэлхийлэн ашиглах байр суурь баримтлав. Намайг Монголбанкны Ерөнхийлөгч болохын урд 407 сая ам.доллар Оросын холбооны улс руу шилжин гарч зах зээлд валютын хомсдол үүсээд байсныг хожим нь олж мэдсэн болно. Гэтэл эдийн засагт асар их сул чөлөөтэй мөнгө эргэлдэж байсан юм. Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 40-60 хувьд хүрээд байв. Иймд мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэхийн хамт макро зохистой бодлогын арга хэмжээ авч эхэлсэн нь үр дүнгээ өгсөн юм. Мөнгөний бодлогын хүү удаан хугацаанд өндөр түвшинд байх нь эдийн засгийн идэвхжилд сөрөг нөлөөлөх тул аажмаар зөөллөх бодлого явууллаа. Эдгээр бодлогын үр дүнд өнөөдөр ам.долларын төгрөгийн ханш 2690 орчим төгрөгийн хэмжээнд тогтворжоод байна. Ер нь валютын ханш бол эдийн засгийн тэнцвэрийг олж хангах, экспортыг дэмжих, импортыг хязгаарлах, ГВАН-ийг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл бөгөөд чөлөөт зарчмаар зэх зээлд тогтох учиртай гэж үздэг.

НАЙМ. Н.Баяртсайхан, миний бие 20 настайдаа Эрхүүгийн УАААДС төгсөн ирж Намын дээд сургуульд эдийн засгийн багш, 30 настайдаа Монгол Улсын анхдугаар Их хурлын гишүүн болсон бөгөөд улс, төрд 37 жил сэтгэл хүч чадлаа дайчлан зүтгэж ирэв. Энэ хугацаанд УИХ-ын гишүүнээр түмэн олны итгэл хүлээн 4 удаа сонгогдож, хэд хэдэн байнгын хорооны даргаар ажиллаж, Монгол Улсын Сангийн сайд, Үйлдвэр-Худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч, Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллалаа. Надад итгэл, хариуцлага хүлээлгэн төр улсад зүтгүүлсэн Монголын ард түмэндээ гүнээ ёсолж хөгжил дэвшил, амгалан тайван амьдралыг хүсэн ерөөе. Сайн сайхан үйлс дэлгэрэн бадарч явах болтугай. Улсын Их Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЭДИЙН ЗАСГИЙН
УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР Н.БАЯРТСАЙХАН

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох