Цаг үе
Монгол Улс БНСУ-тай хамтран нисэхийн сургууль байгуулна
Монгол Улс БНСУ-тай хамтран нисэхийн сургууль байгуулж, нисэхийн чиглэлийн мэргэшсэн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэдэг болохоор зорин ажиллаж байна. Үүний хүрээнд салбарын сайд, удирдлагууд БНСУ-ын Алс дорнодын их сургууль болон Far East University-ийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон.
Манай улс Far East University-тэй хамтран нисэхийн сургууль байгуулж, дотооддоо нисэхийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхээр зорьж байна. Энэ хүрээнд эхний ээлжинд “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд нисэх дадлага хийх сургалтын төв нээхээр төлөвлөж байна. Ингэснээр нисгэгч, онгоцны инженер техникийн ажилтнуудыг дотооддоо сургаж бэлтгэх үндэс суурь тавигдах юм. Энэ ажлыг Монгол Улсын ЗГ-ын бодлогын дэмжлэгтэйгээр Far East University-ийн хөрөнгө оруулалт болон БНСУ-ын ЗГ-аас хэрэгжүүлдэг технологи, боловсролын хамтын ажиллагааг дэмжих ОДА төслийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой байна. Үүний үр дүнд дотооддоо нисэхийн боловсон хүчин бэлтгэх суурь тавигдахаас гадна агаарын тээвэр, зорчигч тээвэр, засвар үйлчилгээний салбарын ажлын байр нэмэгдэж, олон улсын стандартад нийцсэн Агаарын тээврийн сургууль байгуулагдана гэж харж байгаа юм.
Мөн Монгол Улс БНСУ-ын Алс дорнодын их сургуультай хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, нислэг дадлагын төв байгуулахад хамтран ажиллахаар хэлэлцсэн. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тус сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ манай улсын иргэний нисэхийн салбарт эрэлттэй байгаа том оврын онгоцны нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай байгаа. Сургалтын үйл ажиллагаа явуулахад холбогдох зөвшөөрөл олгоход Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар дэмжиж ажиллана гэдгийг хэлсэн юм. БНСУ-ын Алс дорнодын их сургуулийн зүгээс нислэгийн аюулгүй байдлын стандартыг батлахад хамтран ажиллаж, агаарын тээврийн хүний нөөцийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой байгаагаа онцолсон.
Цаг үе
ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг энэ оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 22 цаг 40 минутад нийтлэгдсэн. Дээрх дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхлээд байна.
Мөн дээрх асуудалд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.
Хойшлуулшгүй ажиллагаа, шалгалтын үр дүнгийн талаар эргэн мэдээлэх болно.
Цаг үе
Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгалаа
2024 оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрсний улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртөж шатсан.
Дэлбэрэлт барилгын хийцэд нөлөөлөл үзүүлсэн гэж шинжээчид дүгнэж, барилгыг буулгаж, дахин барих шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гаргасан билээ.
Ингээд өнгөрсөн хугацаанд барилгыг буулгах тендерийг дөрвөн удаа зарласан боловч шаардлага хангах аж ахуйн нэгж санал ирүүлээгүй.
Тиймээс “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ 115 хоногийн турш ажиллаж, 13 давхар, бүрэн цутгамал барилгыг хугацаанд нь амжилттай буулгалаа. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм.
НИТХ-аар нийслэлийн 2026 оны төсвийг батлахдаа 207 дугаар байрыг шинээр барих төсвийг баталсан.
Тус барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангаж байна.

Цаг үе
Цахим орчинд танилцсан эмэгтэйтэй уулзахаар очих үед нь бүлэглэн дээрэмджээ
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Хамбын овооны хажууд дээрэмдүүлсэн гэх дуудлагыг энэ сарын 23-нд цагдаагийн байгууллага бүртгэжээ. Тодруулбал,Нэр бүхий иргэн цахимаар танилцсан эмэгтэйтэй шөнийн 02:00 цагт уулзахаар очиход 4 этгээд бүлэглэн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна.
Тус хэргийг СХД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж хэргийг үйлдсэн 14-15 насны 4 этгээдийг олж тогтоожээ. Иймд цахим орчинд үл таних хүнтэй харилцаа тогтоож, уулзахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
-
Үзэл бодол2020/11/10
Б.БАТТУЛГА: Эрдэнэт үйлдвэр соёлын өвийг тээгч байгууллага юм
-
Цаг үе2022/02/01
Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн амрах хуваарь
-
Урлаг спорт2021/10/23
Франкфуртын номын олон улсын яармагийн хамгийн содон зохиолч
-
Улстөр нийгэм2021/11/17
Ерөнхий сайд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
