Улстөр нийгэм
Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзлаа
Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Британи Улсад ажлын айлчлал хийж буй Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Британи Улсын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раабтай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтаар Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс Гуравдагч хөршийн бодлогынхоо хүрээнд Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч, худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чиглэсэн Британи Улсын аливаа санаачилгыг дэмжин ажиллахад бэлэн байгаагаа хэллээ. Британи Улсын зүгээс Хөгжиж буй орнуудад зориулсан Худалдааны шинэ схем гаргаж, түүний Өргөтгөсөн хөтөлбөрт манай улсыг хамруулах шийдвэр гаргасанд талархал илэрхийлсэн юм.
Цаашид Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх урт хугацааны бодлого, тэр дундаа Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, энэ хүрээнд “Ухаалаг хот” байгуулах төслийг хэрэгжүүлэхэд Британи Улсаас санхүүжилт авах хүсэлт тавив. Мөн Монгол Улсын Засгийн газрын зүгээс аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, Британи Улсыг хамруулсан 34 улсын иргэдийг визний шаардлагаас чөлөөлсөн болохыг дурдаад монгол иргэд Британи Улсад зорчих визний нөхцөлийг хөнгөвчлөх, түүний тулд юуны өмнө дипломат паспорттой иргэдийг визний шаардлагаас чөлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Энэ үеэр Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Рааб Британи Улсын Засгийн газар Энэтхэг-Номхон далайн бүс нутагт чиглэсэн бодлого (Indo-Pacific Tilt)-ынхоо хүрээнд Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгойлон анхаарч буйг дурдаад, Монгол Улстай хөгжүүлж буй харилцаа нь сайн жишээ болох боломжтой гэж харж буйгаа хэлэв. Тийм ч учраас Британи Улс Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа онцгойлон анхаарал хандуулж буй бөгөөд Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, Агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэх, экспортын санхүүжилтийн асуудлаар санамж бичиг байгуулахыг бүрэн дэмжиж хамтран ажиллаж байна. Цаашид Британийн бизнес эрхлэгчдийн Монгол Улсын зах зээлд нэвтрэх сонирхлыг нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг татах, Британи Улсын туршлага дээр үндэслэн Монгол Улсын чадавхийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн Шадар сайд С.Амарсайханы танилцуулсан “Ухаалаг хот” байгуулах төсөл нь Оюу Толгой төслийн адилаар бодит үр дүнгээ өгөх жишиг төсөл байж болохыг дурдаад, энэ чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар холбогдох бусад байгууллагуудтай ярилцана гэдгээ мэдэгдэв. Тэрээр мөн боломж гарвал Монгол Улсад айлчлах сонирхолтой байгаагаа уламжиллаа.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
