Цаг үе
Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн болон ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2, 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Т.Аюурсайханд Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн билээ.
Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар Т.Аюурсайханд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс болон хэргийн оролцогч нарт нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хүнтэй уулзахыг хориглох болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Т.Аюурсайхан өнөөдөр /2023.02.07/ УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хүргүүлсэн байна.
Энэ талаар тэрбээр, "УИХ-ын гишүүнээс болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт гаргалаа.
УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс намайг “нүүрсний” гэх хэрэгт нэр холбогдуулж мэдээлэл хийснээс үүдэн миний нэр хүндийг унагахад чиглэсэн шат дараатай, зохион байгуулалттай үйл ажиллагааг нийгмийн сүлжээгээр явуулах болсноор багагүй хугацаа өнгөрлөө. Олон нийтийн дунд ч томоохон эргэлзээ, хардлага бий боллоо. Над руу чиглэсэн энэхүү дайралтыг хэн нэгнийг хуулийн хариуцлагаас мултлах, зайлсхийлгэх зорилготой бусдын зохион байгуулалттай явуулга, үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Миний бие уг асуудлаар цаг тухайд нь зохих няцаалт, мэдэгдлүүдийг хийж ирсний зэрэгцээ хууль хяналтын байгууллагаар нэг мөр шалгуулж эцэслэхээ удаа дараа илэрхийлж, энэ чиглэлээр зохих алхмуудыг авч хэрэгжүүлж ирлээ.
Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзаж байж албан тушаалын аливаа нөлөөлөл, саад тотгоргүйгээр зохих ёсоор шалгуулж, хууль, шүүхийн өмнө үнэн мөнөө тогтоолгох хүсэлтэй байна.
Энэ асуудал нь надаар зогсохгүй Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгаа тул үүнээс сэргийлэх үүднээс Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалаас ч сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөх нь зүйтэй гэж үзлээ.
Засгийн газрын гишүүн миний бие хууль хяналтын байгууллагад шалгагдахын хажуугаар сайдын албыг эрхлэх нь ёс зүйн хувьд зохимжгүй учраас Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа.
УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллахдаа миний бие улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн талд ямагт байж, улс төрийн тодорхой бүлэглэл, нөлөө бүхий хүмүүсийн эрх ашгийг хөндөж, тэмцэж, зүтгэж, хамтран зүтгэгч эрхэм нөхдийнхөө хамтаар олон бодит үр дүн гаргаж ажилласан билээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хийж, хэрэгжүүлэхээр өмнөө тавьсан зорилтоо энэ хүрээд орхиж байгаа хэдий ч, дөрвөн ч Засгийн газар дамнан яригдсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг яамныхаа хамт олны дэмжлэгтэйгээр Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх шийдвэр гаргуулсандаа баяртай байна. Энэхүү хуулийн төслүүд батлагдвал нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэд, хөдөлмөрчид болон тэтгэвэр авагч ахмадуудын олон жилийн хүлээлт, хүсэлт, зүй ёсны шаардлагад нийцсэн хууль эрх зүйн орчин бүрдэнэ гэдэгт итгэж байна.
Надад өндөр итгэл хүлээлгэж, УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгож, намайг дэмжиж, эрч хүч, урам зориг өгсөөр ирсэн иргэд сонгогчиддоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье." хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдэгджээ.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
-
Цаг үе2024/09/19
"Дөлгөөн нуур" худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто зам...
-
Урлаг спорт2023/04/03
ДАШТ-ээс медаль хүртсэн боксчдыг хүлээн авч уулзав
-
Цаг үе2020/09/14
“Сэлэнгэ” амралтын баазынхан энэ жил 300 центнер хүнсний ногоо хураа...
-
Улстөр нийгэм2022/05/09
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ажил...

