Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд К.Смитийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оын дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Смитийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг хатагтай К.Смитийг Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Австралийн Холбооны Улс нь Номхон далайн бүс нутаг дахь Монгол Улсын чухал түнш болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол Улс Австралийн Холбооны Улстай харилцаагаа бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байдаг, тэр дундаа боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгааг онцлов. 1990-ээд оны эхэн үеэс эхлэн “Australia Awards” тэтгэлэгт хөтөлбөрөөр 700 гаруй Монгол иргэн Австралид боловсрол эзэмшээд байна. Бид Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагчдын тоог нэмэгдүүлэх сонирхолтой. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан саяхан Австралийн Холбооны Улсад айлчилж, жилд 50 хүртэлх оюутан Австралид сургах талаар санал солилцсон гэв.
Элчин сайд К.Смит Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд манай хоёр улсын хамтын ажиллагааг төр, хувийн хэвшил гээд бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэдгийг харж байна гэв. Тэрбээр, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын өнгөрсөн гуравдугаар сард хийсэн айлчлал амжилттай болсныг онцлон тэмдэглэж, талуудын харилцан ярьсан хэлэлцээ биеллээ олно гэдэгт найдаж байна гэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уул уурхайн салбар бол Монгол Улсын эдийн засгийн гол тулгууруудын нэг бөгөөд нийт экспортын 92 хувийг эзэлдэг. Монгол Улсыг дэлхийн уул уурхайн зах зээлд гаргахад Австралийн хөрөнгө оруулагчид чухал үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс, Австралийн Засгийн газар эрдэс баялагт суурилсан Монголын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бид энэ хөтөлбөрийн 3-р үе шатыг үргэлжлүүлж, үр шимийг нь хүртэх хүсэлтэй байна гэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийг баталж, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх этгээдийн олборлох үйлдвэрлэлтэй холбогдох мэдээллийг ил тод нээлттэй болгохоор ажиллаж байна гэлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох” жил болгон зарласантай холбогдуулан талууд аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг салбаруудын эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин гэдэгт санал нэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Цаг үе2023/12/27
Улаанбаатарт өпөртөө 10 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2024/02/21
Малчдын зээлийн эргэн төлөлтийг зургаадугаар сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд...
-
Улстөр нийгэм2020/09/08
“Ипотекийн зээлийн хэрэгжилт”-ийн талаар арилжааны банкуудын удирдла...
-
Цаг үе2020/05/06
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
