Улстөр нийгэм
Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард нутгийн баруун хагастаа буюу баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байна.
Харин төв болон зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджийн орчим, ялангуяа зүүн аймгуудын нутгаар бороо хур ихтэй, сэрүүвтэр байх төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэх, голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
Мөн сарын сүүлчээр газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт эрт ажиглагдах, төв болон зүүн зүгийн нутгаар хүйтэн бороо орох магадлал өндөр байгаа тул малчид тариаланчид төмс хүнсний ногоог хамгаалах арга хэмжээг эртнээс авахыг онцгойлон анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар сэрүүн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангайн нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджий орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар сэрүүхэн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дундаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн зарим үеүд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.Нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С–аар сэрүүн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.
Эх сурвалж: ЦУОШГ
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
-
Үзэл бодол2023/03/17
Г. Занданшатар: Ёс зүйтэй төрийн албан хаагч бол авлигагүй нийгмийн үндэс мөн
-
Цаг үе2020/04/29
Чернобылийн хаалттай бүсэд гарсан түймрийн улмаас цацрагийн ямар нэг эрсдэл үүсэ...
-
Улстөр нийгэм2023/12/12
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Улстөр нийгэм2022/05/18
УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгохыг холбогдох алб...
