Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар уулзалт хийв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Солонгосын талтай Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг хөндөж ярилцсан.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр авах арга хэмжээний тухай” 166 дугаар тогтоолыг 2023 онд баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яамны зүгээс болон хоёр орны Цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар БНСУ-ын холбогдох яам, байгууллагатай тогтмол уулзалт хийж ирсэн. Үүний үр дүнд манай иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэх нөхцөлд зарим тодорхой хөнгөлөлтүүдийг солонгосын тал үзүүлж эхэлсэн.

Дээрх ажлын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд нар 2024 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юүтэй Сөүл хотноо албан уулзалт хийж, монгол иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар тодорхой саналуудыг тавьж, санал солилцов.

Тухайлбал, олон удаагийн виз авах шаардлагыг хангасан иргэдийн визийн хүсэлтийн хариуг ЭСЯ-наас 7-14 хоногт багтаан өгөх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, хил дээрээс буцааж байгаа монгол иргэдийн тоог эрс багасгах, БНСУ-д хууль бусаар оршин суугаа монгол иргэдийг өршөөлийн аянд хамруулан нутаг буцаах, аяны хүрээнд тус улсыг сайн дураар орхин гарсан иргэдэд дахин виз мэдүүлж, хууль ёсоор зорчиж болно гэсэн баталгааг гаргаж өгөх зэрэг асуудлаар санал солилцов.

БНСУ-ын Цагаачлалын албаны дарга И Жэ Юү манай талын дээрх саналуудыг нааштайгаар хүлээн авч, олон удаагийн виз олголтыг богино хугацаанд шийдвэрлэх, хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг хил нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудалд анхаарал хандуулж, тодорхой, бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Мөн БНСУ-д зорчиж буй монгол иргэдэд шаардлагатай зөвлөмж, мэдээллийг тогтмол хүргэх, тус улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй байх чиглэлээр соён гэгээрүүлэх хамтарсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тохирлоо.

Ташрамд дурдахад, БНСУ-д байгаа 54000 гаруй монгол иргэний 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж байгаа нь манай улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр тодорхой шийдвэр гаргахад томоохон сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Иймд, БНСУ-д хууль бусаар оршин суухын сөрөг нөлөөг сурталчлан таниулах нөлөөллийн ажлыг хоёр тал хамтран зохион байгуулсны үр дүнд 2023 онд 20000 гаруй монгол иргэн БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан бол энэ тоо 2024 оны 1 дүгээр сарын байдлаар 18000 гаруй болж буурсан байна. Энэ нь хоёр талын хамтын ажиллагааны бодит үр дүн юм гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

“Go Мongolia” өдөрлөг энэ сарын 4,5-ны өдөр Япон Улсын Токио хотод болно

Огноо:

,

“Монголд зочлох жил” 2023-2025 ажлын хүрээнд Монгол Улсыг Япон Улсад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг 5 дугаар сарын 4,5-ны өдрүүдэд Япон Улсын Нэрима дүүргийн “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд “Хаврын баяр”-тай хамтатган зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд Монгол, Японы уран бүтээлчдийн тусгай тоглолтыг аяллын 5 хөтөлбөртэй хамтатган толилуулах юм.

Онцолбол Япон Улсын нэрт жүжигчин, дуучин Акира Кобаяши оролцох бол Монгол талаас Хурд хамтлаг, Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва, дуучин Г.Маргад /Magnet Brain/, “Зэвтү” хамтлагтай хамтран ажиллаж байна.

Мөн аяллын 5 хөтөлбөрийг танилцуулах ба үүнд,

- Чингис хаан ба түүхэн аялал,

- Говь ба од,

- Адал явдалт,

- Нэг жуулчинд нэг хонь ба нүүдлийн аялал,

- Өвлийн аялал ба тайга хөтөлбөрийг Япон зах зээлд ажилладаг “Алтантур” ХХК, “Жамо гранд трэйвэл” ХХК, “Түмэнхаан жуулчны бааз”, “Твин ворлд” ХХК, “Шинэ зууч трэйвел” ХХК, “Хэнгүн”ХХК мөн “Аэро Монголия” ХХК ажиллах юм.

Өдөрлөгийг Японы хэвлэл мэдээллийн NHK телевиз, Санкэй сонин, Nikkan Спорт сонин, Өдөр тутмын спорт, Хова сонин, ТВ Асахи, Чуничи сонин, Kyodo News , Орикон Мэдээ сурвалжилна гэдгээ мэдэгдлээ гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 11-16 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.


2024 оны тавдугаар сарын 04-нөөс 2024 оны тавдугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

04-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Туул голын хөндийгөөр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 6, 7-нд ихэнх нутгаар нэмж дулаарна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна

Огноо:

,

Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ. 

Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна. 

Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.

Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох