Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

"Булевиртид" эмийг НӨАТ болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

Гепатитын Д вирусний эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох "Булевиртид" эмийг Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Дээрх хоёр хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав.

Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн тухай

Монгол Улсын Засгийн газраас хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа Гепатитын вирусний халдвараас сэргийлэх, уг халдварыг оношлох, эмчлэхэд анхаарал хандуулж, олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2011-2015 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх зорилтот хөтөлбөр, 2017-2021 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Элэг бүтэн Монгол” арга хэмжээг хэрэгжүүлэн Гепатитын Д вирусний халдвартай иргэдийг эмчилгээнд хамруулахаар тусгасан.

Монгол Улс гепатитын вирусний халдварын тархалт өндөртэй орны тоонд ордог бөгөөд энэхүү халдвараас үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдар нь хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.

Гепатитын вирусний А, В, С, D, Е гэсэн 5 төрөл байдаг. Тэдгээрийн халдвар дамжих зам, өвчний явц, газарзүйн тархалт, урьдчилан сэргийлэх арга зэрэг нь хоорондоо ялгаатай бөгөөд В, С вирус нь бэлгийн замаар, тарилга хийх, шивээс хийлгэх зэргээр арьс салстын гэмтсэн үед, халдвартай цус, цусан бүтээгдэхүүнтэй ажиллах үед, халдвартай эхээс хүүхдэд халдвар дамждаг.

Гепатитын Д вирусний халдвар ихэвчлэн гепатитын Б вирусний халдвартай хавсардаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хийсэн тооцооллоор манай улсад гепатитын Д вирусний халдвартай 60 гаруй мянган иргэн байх магадлалтай байна. 

Гепатитын Д вирусний халдварыг эмчлэхэд "Булевиртид" эм үр дүнтэй хэмээн гэж үзэж байна. "Булевиртид" нь 47 амин хүчлээс тогтсон нийлэг эм бөгөөд элэгний эсэд Д вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй.

Эмийн чанар, аюулгүй байдлын хатуу зохицуулалттай хяналтын байгууллага болох Европын эмийн агентлагаас "Булевиртид" эмийг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын Б, Д вирусний архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Үүнтэй уялдуулан манай улс "Булевиртид" эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын Б, Д вирусний эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна. Гэвч гепатитын Б, Д вирусний эмчилгээнд хэрэглэх "Булевиртид" эмийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор тус эмчилгээ шаардлагатай иргэд эмчилгээнд хамрагдаж чадахгүй байна.

"Булевиртид" эмийг анх ОХУ нээсэн бөгөөд эмийн патентаа АНУ-ын "Gilead Science" компанид зарснаар "Gilead Science" компани нь тус эмийн ганц патент эзэмшигч нь болсон. Оюуны өмчийг хамгаалах эрхзүйн зохицуулалтын хүрээнд ОХУ зөвхөн дотооддоо хэрэглэх эрхийг хадгалж үлдсэн ба гадаад улс орнуудад экспортлох боломжгүй байна.

Эрүүл мэндийн яамнаас "Булевиртид" эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Sciences Inс” компанитай эмийн үнийг хэд дахин бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 2.1.1.5-д заасан “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний 2023-2024 оны санхүүжилтээс 12.8 тэрбум төгрөгийг тус эмийг худалдан авахад зарцуулахаар төсөвлөөд байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.2-д “хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх” гэж заасны дагуу гепатитын Б ба Д вирусний хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд боловсруулах хэрэгцээ, шаардлага бий болсон хэмээн Засгийн газраас үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

Энэ долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт 9 дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

2024 оны гуравугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махныг худалдаалж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж, хэсэгчлэн засварлана

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэх юм.

Хоёрдугаар хэсэгт /Төмөр замын гармаас Улиастайн гүүр/ хүртэлх авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу “Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулахаар боллоо.

Эхний арилжаагаар 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд МХБ нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.

2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзэж болон хэмээн Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох