Улстөр нийгэм
Л.Оюун-Эрдэнэ: Ш.Батхүүгийн битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулах эсэхийг судалж байна
“Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн төлсөн гэх 40 сая ам.доллар замаасаа алга болсон уу, “Стандарт” банкинд өрөө төлсөн төлбөрийн баримт нь байгаа юу гэх асуудал сүүлийн үед яригдах болсон. Үүнтэй холбоотой баримт байгаа, ил болгоно хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгсөн бөгөөд “40 сая ам.долларын өр, төлбөр холбогдох журмаараа шийдэгдсэн. Одоо гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хүмүүсээс 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх л асуудал бий. Мөнгө төлөгдсөн баримтыг нь олон нийтэд ил болгоно.” хэмээсэн юм.
Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Эрдэнэт” үйлдвэрээс Стандарт” банкинд 40 сая ам.долларын өрийг бүрэн төлсөн талаарх баримтыг үзүүлж, дэлгэрэнгүй тайлбарлав.

Тэрбээр, “Өнгөрсөн 04 дүгээр сарын 29-ний өдөр “Стандарт” банкнаас өр төлбөртэй холбоотой ямар нэгэн асуудал байхгүй, бүх зүйл хаагдсан гэсэн утгатай баримт, бичгүүдийг ирүүлсэн байна. Тэгэхээр одоо гадаад талд өр, төлбөрийн асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно. Харин дотооддоо шийдэх асуудал байгаа. Яаж “Эрдэнэт” үйлдвэрт 40 сая ам.долларыг буруутай этгээдээр буцааж төлүүлэх вэ. Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад хандаж албан бичиг явуулсан. Одоо Ш.Батхүүгийн эзэмшил бүхий, түүнд холбоотой өмч, хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа.
Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө байна. Нэмэгдвэл 85-87 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө тухайн үед Ш.Батхүүгийн нэр дээр байсан. Дахиж лавлагаа авах шаардлага байгаа гэсэн. Үүнд 2-3 хоногийн хугацаа орох байх. Үүний дараа хөрөнгийн жагсаалтыг нь гаргаад дуудлага худалдаанд оруулах юм уу, шүүхийн шийдвэрийн дагуу зарж борлуулаад орлогыг нь буцаагаад “Эрдэнэт” үйлдвэрт өгч хохиролгүй болгох эсэхийг шийднэ. АТГ-аас хариу албан бичиг ирсний дараа бидний зүгээс УДШ, Захиргааны шүүхэд хандана. Дараа нь улсыг хохиролгүй болгох тал дээр, шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар хэлцэл хийх замаар тэр үед гэрээнүүдийг авсан бэ, тэр дунд авлига байсан эсэх бүх материалыг Засгийн газраас ил болгоно.” гэж мэдэгдлээ.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
-
Урлаг спорт2022/03/24
Урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээ зохион байгуулна
-
Цаг үе2021/02/08
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
-
Цаг үе2025/05/07
Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжилд чиглэсэн бодлого, шийдлийн талаар хэлэлц...
-
Шударга мэдээ2023/11/29
УОК: 390 мянган тн тэжээл нийлүүлэгдэж байгаа нь шаардлагатай тэжээлийн хэрэгцээ...
