Шударга мэдээ
Эвлэрлийн гэрээтэй аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлт хийлгэх үүргийг холбогдох байгууллагуудад өгөв
Өнгөрөгч тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороодод ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын байдлыг үзэж, холбогдох үүрэг даалгавар өгч байсан билээ. Үүний дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаа хийж, “Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх” мэдээллийг сонсож, холбогдох албаныханд чиглэл өгсөн юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат болон холбогдох яам, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд ажиллаж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгалаа.
Тус хорооны нутаг дэвсгэр буюу Шувуун фабрик орчимд хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа хавтгайрч, малын бэлчээр, голын голдирол, хөрсийг сүйтгэж, иргэдийн суурьшлын бүс нутагт заналхийлж байна. Хайрга дайрга олборлолт, тээвэрлэлтийн улмаас их хэмжээний шороо тоос босож, амьсгалах агааргүй шахам болдог талаар зам тосож цугларсан хорооны оршин суугчид хэлж байна.
Хоёр жилийн өмнө эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны болон дүүргийн төр, захиргааны байгууллагын шийдвэрээр цуцалж, олборлолт хийхийг хориглосон ч Шүүх дээр очоод Эвлэрлийн гэрээ болж хувирснаар дахин олборлолт хийх болсон. Эвлэрлийн гэрээгээр үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн ташаа ойлголтыг иргэдэд өгч байгаа. Гэтэл энэ Эвлэрлийн гэрээ нь нөхөн сэргээлтээ хий гэдэг л гэрээ болохоос дахин олборлолт хийхгүй гэдгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн юм.
УИХ-ын гишүүн А.Сүхбат “Голын хайрга бол барилгын материал биш. Манайд стандартаа мөрдөхгүй байна. Голын хайргаар барилга барьж хүний амьд явах эрхийг ноцтой зөрчиж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал гэж байхгүй. Ийм нэр томьёо Монголд л бий. Барилгын материалыг баяжуулж, зарим элементийг нь өсгөж, заримыг нь бууруулж байж стандартад нийцсэн түүхий эд болгодог. Түүнээс биш говийн элсийг түгээмэл тархацтай гээд барилга барьж болохгүй. Голын хайрга голдоо л хэрэгтэй. Голын усны төвшинг барьж байдаг байгалийн чулуулаг. Голын хайрганы хатуулаг 450 марктай. Зам, барилгын ажилд 1200-аас дээш маркын хатуулагтай дайргыг хэрэглэх ёстой. Гэтэл амьдрал дээр хэрэгждэггүй. Жишээ нь кварцийн элсэнд агуулагдах тоос тоосонцор 0.1 хувь байдаг. Үүнийг угааж баяжуулж гаргаж авна. Бетон бол байгалийн чулууг дуурайлгаж хийсэн зүйл. Хатуулаг стандартаараа хийвэл 500-600 жилийн насжилттай байдаг. Бетоны 60 хувьд кварцийн элс орно. Кварцийн элс нь Сэлэнгийн Хонгор сум, Төв аймгийн Батсүмбэр, Сүхбаатар аймгийн Алтан элсэнд л байдаг. Төмөр, цементтэй бүрэн уялдаж өндөр маркийн бетон гаргадаг гэсэн үг. Гэтэл манай Туул голын хайрга 10-30 хувийн шороо, тоостой, органик бохирдолтой. Кали, кальц, натри агуулагддаг. Эдгээр нь бетон хийцээ иддэг. Орчин цагийн амьдрал бетон хийцэн дээр тогтдог болсон. 20 давхар барилга нурвал яах вэ. Ард иргэд, улс орон л хохирно. Харин барьсан компани ашгаа олоод арилаад өгнө. Өнөөдөр Улаанбаатар хотод 300 гаруй барилгад цууралт үүсчихээд байна. Барилгын ан цав бол аюул. Зургаан баллын газар хөдлөлтийг даах байшин Улаанбаатарт цөөн. Туул голын хайрга ашигласны тод жишээ гэсэн үг. Тэгэхээр голын хайргыг юунд ч хэрэглэж болохгүй” гэв.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгонд 20 гаруй карeер байдаг. Алтанбулаг сумын Засаг даргын захирамжтай 15 гээд нийт 35 карeер байдаг. Өдөрт дунджаар 400 гаруй машин 1-5 удаагийн давтамжтай явдаг. Энэ хавраас тээвэрлэлт 3-4 дахин нэмэгдсэн. Үүнээс болж Бөхөн, Түргэний голууд ширгэж, ундны усгүй боллоо. Мөн 17 төрлийн эмийн ургамал ургадаг байсан бол одоо байхгүй болсон. Хуурайшилт, тоосжилтын талаар ярилтгүй. Нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийдэггүй гэдгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга, Туул тосгоны захирагч А.Одбаяр хэллээ.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Нийслэлийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт, хайгуулын 298 тусгай зөвшөөрөл бий. Үүнээс 94 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүнээс 54 нь шүүхэд хандаж, 34 аж ахуйн нэгжтэй Эвлэрлийн гэрээ байгуулж, нөхөн сэргээлтээ хийгээд хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгосон ч өнөөдрийг хүртэл нэг ч аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийгээгүй. Эдгээр 34 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй. Нийслэлийн нутаг дэвсгэрт уул уурхайн ашиглалтын үйл ажиллагааны дүнд эвдэрсэн талбайн хэмжээг 2018 оны байдлаар тодорхойлоход 72 аж ахуйн нэгж, байгууллагын 110 ухагдаж эвдэгдсэн талбай, 13 эзэнгүй орхигдсон талбай багтсан бөгөөд нийт 1652.6 га талбайг эвдэгджээ. Иймд нийт ухагдаж эвдэгдсэн газрын тооллого судалгааг үндэслэж, нийслэлийн нутаг дэвсгэрт ухагдаж эзэнгүй орхигдсон газруудад нөхөн сэргээлтийг үе шаттайгаар хийлгэнэ” гэв.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2016 оноос хойш тасралтгүй хяналт шалгалт хийж, техник, тоног төхөөрөмжийг нь лацдаад тусгай зөвшөөрлийг нь цуцалж өг гэсэн улсын байцаагчийн дүгнэлтээ холбогдох байгууллагуудад нь хүргүүлж ирсэн. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийслэлд 218 лиценз олгогдсон байдаг. Анх удаа 95 тусгай зөвшөөрлийг цуцлуулсан гэдгээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү хэлсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу мэргэжлийн хяналтын байгууллага төрийн хяналт шалгалтыг явуулах үүрэгтэй. УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах эрх бий. Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад хууль тогтоомж энд хэрэгжихгүй байна. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран маргаашнаас хууль зөрчигчдөд хяналт тавьж ажилла. Нөхөн сэргээлтийг нь хийлгэ. Үүргээ биелүүлэхгүй аж ахуйн нэгжүүдэд төр “төмөр нүүр”-ээ харуулж, хариуцлага хүлээлгэ” гээд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, хорооны иргэд, Барилгын материал үйлдвэрлэгчид, химийн инженерүүдийн холбоо, Элс, хайрга, дайрга үйлдвэрлэгч компаниудын холбооны төлөөллийг хөндлөнгийн хяналт тавьж ажиллах үүрэг, чиглэлийг өгөв.
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
-
Цаг үе2025/11/24
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
-
Цаг үе2021/08/24
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар анхны цас орлоо
-
Улстөр нийгэм2025/04/03
Мал аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
-
Шударга мэдээ2021/09/27
Эмч ажилчид өвдөж, боловсон хүчний нөөцгүй болж байгаа нь тулгамдсан асуудал бол...
