Цаг үе
Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан ХЭҮК байр сууриа илэрхийллээ
Монгол Улсын Засгийн газар 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хурдан морины уралдааныг 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зохион байгуулах асуудлыг аймаг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр эрх шилжүүлж байгаа талаар мэдээлэл хийсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос дараах байр суурийг өнөөдөр /2025.01.30/ илэрхийллээ.
Үүнд:
- Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг, амлалтуудаа бүрэн биелүүлэх үүрэгтэй. Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцод 3-т “..аливаа байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 11-т “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж онцолж заасан.
- Хүүхэд оролцож байгаа бол морины уралдааныг аль ч улиралд зохион байгуулсан аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх ёстой. Өнгөрсөн 29 жилийн хугацаанд 52 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн нь Монгол Улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хуулиар хүлээсэн хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгааг болон хурдан морины уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоог сайжруулах, үр дүнтэй хариу арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.
- Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдаан уламжлалт хэв маягаасаа илүү өргөн цар хүрээтэй болж, морины үүлдэр угсаа, уралдуулах заншил, арга барил өөрчлөгдсөн, бооцоот уралдаан дэлгэрсэн, зөвхөн зун биш өвөл, хавар уралдаан зохион байгуулагдах болсон нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, хөгжих, сурч боловсрох эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна. Ялангуяа өвөл, хаврын хурдан морины уралдаанд хүүхэд оролцох тохиолдолд хичээл, сургуулиас нь чөлөө авах, таслуулах зэргээр хөндийрүүлснээр хоцрогдож, сурлагын түвшин буурах, хичээл сургуульд дургүй болж сургуулиас гарах, завсардах ноцтой үр дагавартай бол газар хөлдүү, халтиргаа гулгаа, шавар шавхаатай хүйтний улиралд уралдах нь мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар хөл, хацраа хөлдөөх зэргээр эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол учрах эрсдэлийг дагуулдаг болно.
- Хурдан морины уралдаан нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад багтсан Монгол Улсын төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн боловч ӨВӨЛ, ХАВРЫН УРАЛДААН нь ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ БИШ болно. Хурдан морины хаврын уралдаан нь зарим газарт хаврыг угтаж, урт уяа сойлго хийж, хол зайд морь уралдуулах заншлын хүрээнд үүссэн байна.
- Засгийн газрын 2019 оны 57 тогтоол нь хүйтний улиралд уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжих, сурч боловсрох эрхийг хамгаалах, хүүхдийг аюултай хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэхэд гаргасан ахиц дэвшил юм. Засгийн газар энэхүү тогтоолыг хүчингүй болгож хүүхэд нэгдүгээрт, хүүхдийн дээд ашиг сонирхол зарчмаас ухралт хийж байгаад ХЭҮК туйлын харамсаж байна.
Тиймээс Монгол Улсын Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд та дээрх шийдвэрийг эргэн харж, хүүхдэд ээлтэй шийдвэр гаргах нь зүйтэй гэдгийг мэдээллээ.
Цаг үе
Чингис хаан олон улсын нисэх буудал "Сүү өргөх" зориулалтын цэгтэй болжээ
"Чингис хаан” олон улсын нисэх буудал зорчигчдоо үдэхдээ сүү өргөдөг иргэдэд зориулсан тусгай цэг шинээр байгуулжээ. Нисэх буудлын орчимд сүүг ил задгай өргөх нь шувуу, зэрлэг амьтдыг татаж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шинэ зохицуулалт нь монголчуудын уламжлалыг хадгалахын зэрэгцээ нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангахад чиглэж байна.
Иргэдийн өдөр тутмын дадал, хүндэтгэлийн уламжлал зөв байршил, зөв зохион байгуулалттай уялдсанаар нислэгийн аюулгүй байдлыг дэмжих бодит алхам болно гэж нисэх буудлынхан үзэж байна.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Есдүгээр сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурч, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтайн уулархаг нутгаар 13-18 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 4 хэмаар дулаарч 29-31 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдрөөс 6 хэмаар дулаарч 27-29 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 02-ноос
2026 оны есдүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
02-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 05-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 02-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зарим газраар, 04-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04, 05-нд нутгийн хойд хэсгээр эрс сэрүүснэ.
Цаг үе
Өнөөдөр нийслэлд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал нийслэлийн төвийн зургаан дүүрэгт автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна.
Уг зохицуулалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.
Улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Харин өнөөдөр буюу есдүгээр сарын 1-нд нийслэлийн хэмжээнд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байна.

-
Цаг үе2022/10/03
“Богдхан уулаа цэвэрлэе” аянд таван мянга гаруй оюутан, залуус нэгдл...
-
Шударга мэдээ2019/11/06
Ирэх оны эхнээс 21208 иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
-
Цаг үе2023/02/15
“Хоршоо хөгжүүлэх сан”-гийн олголт, төлөлтөд дүн шинжилгээ хийв
-
Цаг үе2025/08/06
Явган хүний замыг шинэчлэхдээ нийт 22.9 км агаарын шилэн кабелуудыг газар доогуу...
