Улстөр нийгэм
Сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв
Энэ хүрээнд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд энэ сарын 05-ны өдөр сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт хүний эрхийн зөрчил үүсгэж буй эсэх талаарх уулзалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт хангагдаж буй эсэх талаарх энэхүү уулзалтад Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Татварын ерөнхий газрын удирдлага, албан тушаалтнууд оролцсон юм.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням төрийн аудитын байгууллагын Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар төрийн аудитын байгууллага зургаан чиг үүргийг хэрэгжүүлэх зохицуулалттай талаар дурдаад дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Энэ хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгуулийн үеэрх хууль тогтоомжийн хэрэгжилт, аудитаар илэрсэн зөрчлүүд, тэдгээрийг шийдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй танилцуулсан.
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн танилцуулсан мэдээлэл, Хүний эрхийн дэд хороонд ирүүлсэн иргэдийн гомдол мэдээлэлтэй холбогдуулан С.Эрдэнэболд дарга Сангийн яам, Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнуудаас тодруулга, тайлбар авсан юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаарх саналаа албан бичгээр ирүүлэх хугацаатай үүргийг уулзалтад оролцож буй байгууллагуудын төлөөлөлд өгөв. Холбогдох төрийн байгууллагаас ирүүлсэн мэдээллийг нэгтгэн, боловсруулж холбогдох дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо болон Хууль зүйн байнгын хороо, шаардлагатай бол бусад Байнгын хороодод танилцуулах тайлан мэдээллийг боловсруулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Үзэл бодол2019/08/15
Сургалтын зээлийн төлбөрөөс чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ
-
Цаг үе2026/01/30
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 111.587 бүртгэгджээ
-
Шударга мэдээ2024/09/03
Иргэдийн 2.780.000 төгрөгийн хохирлыг барагдууллаа
-
Шударга мэдээ2022/02/10
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг түдгэлзүүлэв
