Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Жаргалант суманд ажиллаж байна

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Жаргалант суманд ажиллалаа. Ховд хотын иргэд, хоршоологчид, хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл болон бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсов.



2025 оны улсын төсөвт баруун бүсийн 5 аймагт нийт 115 төсөлд 349,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тусгасан. Тухайлбал, Ховд аймгийн 9 суманд гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ, бохир усны гол магистрал шугамын 2 дугаар ээлж, “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт зэргийн хөрөнгө оруулалтыг багтаасан байна. Улсын Их Хурлаас 30 жил гацсан мега төслүүдийн чөдөр тайлсны нэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн 90 кВт-ын УЦС юм. Баруун бүс эрчим хүчний төвлөрсөн төв болох зорилгын хүрээнд тус УЦС ашиглалтад орсноор дан ганц Ховд аймаг гэлтгүй бүс нутагтаа эрчим хүчний хүндрэлгүй болох боломжтой гэдгийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан иргэдтэй уулзах үеэрээ дурдлаа. Ховд аймгийн иргэдийн зүгээс арилжааны банкны зээлийн хүүг бууруулах талаар асууж байна. Харин Улсын Их Хурлын даргын зүгээс ирэх хаврын чуулганаар арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой хуулийн хэрэгжилт хяналт тавьж, зээлийн хүүг бууруулах алхам хийхээр зорьж байгаагаа дуулгалаа. Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуульд хэрэглэгч, зээлдэгчийн эрх ашгийг хангаж, иргэдэд дарамт биш боломж олгодог хууль, эрх зүйн шинэчлэлийг хийнэ хэмээв.



Ховд аймгийн хууль, шүүхийн байгууллагынханы хувьд шүүхийн байр стандартын шаардлага хангадаггүй, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан учир баруун бүсийн 4 аймагт шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй үед очиж ажиллахад хүндрэлтэй, давж заалдах шатны шүүхийн тогтолцооны хувьд харгалзах үзэх зарим нөхцөл байдлын талаар хэллээ. Улсын Их Хурлын зүгээс анх удаа улсын төсвийн 1.2 хувийг шүүхийн байгууллагад төсөвлөж, шүүхийн шинэ 5 байрны хөрөнгө оруулалтыг шийдээд байна.



Ховд аймгийн бизнес эрхлэгчид гарч буй хууль тогтоомжууд аж ахуй нэгжүүдэд халтай байх бөгөөд тусгай зөвшөөрлүүд хүндрэл учруулдаг талаар ярьлаа. Түүнчлэн, баруун бүсийн бизнес эрхлэгчид 2000 гаруй км зам туулж, Замын-Үүдээс бараа бүтээгдэхүүн, материал худалдан авч буй нь алдагдал хүлээдэг ба зээлнээс зээлийн хооронд бизнес эрхлэх гэж хичээж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Улсын Их Хурлын даргын зүгээс баруун бүс өөрсдийн гэсэн зах зээлтэй болохын тулд боомтуудын хүчин чадлыг өргөтгөж, хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа мэдэгдлээ.



Тухайлбал, Ховд аймгийн Ярант, Говь-Алтай аймгийн Бургастай зэрэг боомтыг хөгжүүлснээр баруун бүсийн 500 мянга орчим иргэн өөрт ойрхон боомттой болж, эдийн засгийн тэлэлт үүсэх боломжтой гэлээ. Түүнчлэн, хууль хүний эрхийг хамгаалахын төлөө бүрэн хангалттай зориулагдаж чадахгүй байгаа учраас XXI зууны, хүн төвтэй үзэл баримтлалтай, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангадаг байхаар Улсын Их Хурал ажиллаж эхэлсэн талаар онцоллоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Ховд аймагт ажиллаж буй томилолт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох