Цаг үе
Хүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа
Улаанбаатар хотын хүн ам өсөх тусам тээвэр логистикийн цогц, шинэлэг шийдэл хэрэгтэй болсон. Тиймээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хот Хүннү хотод тээвэр логистикийн нэгдсэн төвийг нийт 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм.
Тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан мэргэжлийн холбоод, үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, экспертүүдтэй өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд уулзаж, санал бодлыг нь сонсож, хэлэлцүүлэг хийлээ. “Хүннү хотын тээвэр логистикийн бүсийн хөгжлийн стратеги” хэлэлцүүлгээр оролцогчдын санал хүсэлтийг сонсож, тээвэр логистикийн төвийн төлөвлөлтөд тусгах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллана.

Хэлэлцүүлгийн үеэр хотын дарга Х.Нямбаатар үг хэлэхдээ Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд одоогийн суурьшлыг задлах дагуул хотын төлөвлөлтийг тусгасан. Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн анхны дагуул хотод тээвэр логистикийн бүсийг бий болгох нь олон давуу талтайг онцоллоо.

Өнөөгийн Улаанбаатар тээвэр логистикийн хувьд үр ашиг, бүтээмж багатай, ажиллагаа ихтэй. Төмөр замын өртөөн дээр ирсэн чингэлгүүдийг гар аргаар ангилан ялгаж, 10 терминал руу цөөн тооны вагоноор түгээдэг. Нэг чингэлэгт ногдох зардал өндөр. 10 терминал бүрийн тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар ашигладаггүй. Терминалууд дээр буусан ачааны 40 орчим хувийг эргэж орон нутагт түгээдэг. Логистик компани бүр өөрийн талбайтай болох хүсэлтэй боловч нийслэлд зай талбай байхгүй. Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтойг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.

Хэлэлцүүлэгт Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч М.Батбаяр “Хүннү хотын тээвэр, логистикийн бүсийн төлөвлөлт”, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тээвэр, логистикийн төлөвлөлт”, Монголын тээвэр логистикийн түншлэл мэргэжлийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд “Төр-хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин: Боломж ба сорилтууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдсанаар дараах ач холбогдолтой.
- Монгол Улсын худалдаа, тээврийн дэд бүтцийг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
- Тээвэр логистикийн зардлыг бууруулж, эдийн засаг, бизнесийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх,
- Олон улсын техник, технологийг нутагшуулан, хотын доторхи ачаа урсгалыг зохион байгуулах,
- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төмөр замын эрчмийг зохицуулах,
- Логистик төвүүдийн агуулахуудыг хотоос гаргаж, хадгалалтын зардлыг бууруулах,
- Орон нутаг руу чиглэсэн барааны урсгалыг хотын гадна талд төвлөрүүлэх давуу талтай.




Цаг үе
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
2026 оны есдүгээр сарын 17-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 3-8 метр, 11, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 11, 12, 15, 16-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 3-8 хэм, Яармаг, Сонгиноны орчмоор -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 14-16-нд нэмж дулаарна.
Цаг үе
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Ерөнхий сайд, Монгол Улс Бүгд Найрамдах Буриад улстай хөгжүүлж ирсэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлж, 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа. Түр хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт зэрэг боомт чухал үүрэгтэй. Боомтын чиглэлд Бүгд Найрамдах Буриад улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс нүүрсний нөөцөөр баялаг. Багануур, Шарын голын уурхайгаас Буриад улсад нүүрс экспортлох боломжтойг тэмдэглэв.

Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов Монгол, Буриадын харилцаа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, ашигт малтмал, эрчим хүч, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцолж, Монголоос мах болон ноолууран бүтээгдэхүүн импортлох хүсэлтээ илэрхийлэв. Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх "Школа 21" төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа.
Хоёр улс түүхэн уламжлалт, ахан дүүсийн харилцаатай, хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж их байгааг талууд тэмдэглэв.
Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улсын Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Дорнод, Төв, Хэнтий аймагтай идэвхтэй хамтран ажилладаг байна. Энэ онд Улаан-Үд хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулж эхэлсний 35 жилийн ой тохиож байна.



Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
-
Улстөр нийгэм2026/02/05
УИХ-ын дарга Н.Учрал COP17 хурлын бэлтгэл ажлын талаар ярилцлаа
-
Цаг үе2025/10/28
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
-
Шударга мэдээ2020/07/17
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танил...
-
Улстөр нийгэм2025/09/08
ABU-гийн 62 дахь Ерөнхий Ассамблей Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
