Улстөр нийгэм
"Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд"-ийн талаарх мэдээллийг сонслоо
Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны 2025 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд”-ийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулсан.
Тэрбээр мэдээлэлдээ, Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал, үйлчилгээ, түүний чанар, хүртээмжийг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх замаар нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, амар тайван орчныг бүрдүүлэхэд мэдээллийн технологийн дэвшилтийг ашиглах, урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулахаар, бэлтгэл ханган ажиллаж байна гэж байлаа.
Мөн нийслэлийн 2026 оны төсвийн хэлэлцүүлэгтэй уялдуулан 77 мянга гаруй иргэнээс санал авахад, гудамжны болон орчны камержуулалт нэг чухал гэж байсан. 2025 онд нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв” болон нутгийн захиргааны байгууллагын дэргэд есөн дүүргийн Засаг даргын дэргэд “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж ажилласан. Цаашлаад Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан систем ашиглан илрүүлэх боломжтой болгон ажиллаж байна гэж байлаа. Түүнчлэн нийслэлийн “Теле камерын нэгдсэн удирдлагын төв”-д авто замын хяналтын болон зөрчлийн камер, есөн дүүргийн теле камерын дэд хяналтын төв холбогдож, дүүргүүдийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь хувийн болон төрийн эзэмшлийн хяналтын камеруудыг нэгдсэн системд холбох ажлуудыг хийж буйг мэдээлэлд дурдсан байв.
Теле камерын нэгдсэн систем болон дэд хяналтын төвөөс мэдээллийг тусгай чиг үүргийн байгууллагад хуульд заасан эрх зүйн орчны хүрээнд мэдээллийг авч, үндсэн чиг үүргийн дагуу ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа өндөр ач холбогдолтой гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай мэдээлэлдээ онцолсон.
Нийтийн тээврийн цахим системийн хүрээнд төлбөр тооцооны болон тээврийн удирдлагын системийг хөгжүүлж байна. Мөн 1100 автобусанд жолоочийн хяналтын камер, урд замын хяналтын камер, зорчигч тоологч, алкоголь мэдрэгч карт болон QR код уншигч, агаарын чанарын мэдрэгч гэх мэт төхөөрөмжүүдийг суурилуулан нэгдсэн байдлаар хянаж, мэдээллүүдийг авах боломжтой болгон, хөгжүүлэлтүүдийг хийж байна гэв. Төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд гар утсаараа нийтийн тээврийн төлбөрийг төлөх UB card аппликэйшн, шинэ төлбөрийн карт, иргэдэд үйлчлэх автомат машин буюу киоск болон бүх төрлийн банкны төлбөрийг унших боломжийг бүрдүүлсэн. UB card аппликэйшнийг дөрвөн удаагийн зорчилтыг мянган төгрөгөөр хийхээр, автобусны парк шинэчлэлтэй уялдуулснаар 2023, 2024 онд нийтийн тээврийн орлого 28, 31 тэрбум төгрөг хүрч байсан бол 2025 оны байдлаар тус орлого 65 тэрбум төгрөгийг давсан гэж байлаа.
Түүнчлэн киоскоор нэг удаагийн тасалбар авах, карт авах, цэнэглэх боломжтой болгосон төдийгүй лед мэдээллийн самбарын тусламжтайгаар тухайн автобусны буудал дээр ирж буй чиглэлийн мэдээллийг зорчигчдод харуулах боломжтой болсныг мэдээлэлд дурдаж байлаа.
Нийслэлийн төрийн байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдийг холбосон өдөр тутмын хэрэглээний аппликэйшнүүдийг нэг дор багтаасан дижитал платфорыг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 195555 таталт хийгдэж, нийт 170234 иргэн ашиглаж байна гэсэн байв. Тухайлбал, хагас коксжсон шахмал түлшийг Хотула аппликэйшнээр дамжуулан олгож байгаагаас иргэд түлшний цэг, нөөц зэргийг харах боломжтой болсон төдийгүй аппликэйшний тусламжтайгаар төлбөр, тооцоо хийх, нийслэл хотын бүх үйлчилгээг авах, иргэд, төрийн захиргааны байгууллагад санал, хүсэлт гаргах, шийдвэрлэлтэд нь хяналт тавих зэрэг боломж бүрдэнэ. Мөн бид Хотула газрын зургийн систем дээр хаягийн систем, автобусны маршрут, зогсоолын мэдээлэл, цаг хугацаа, байршлыг харах боломжтой болгоно гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч мэдээлэлдээ онцлон тэмдэглэв.
Нийслэлийн нэгдсэн дата төвийг орчин үеийн модулийн шийдлээр байгуулж, олон улсын стандартын зогсуур, сервис, сүлжээний тоног төхөөрөмж, цахилгаан хангамж, хөргүүр, галын дохиолол, нэвтрэлтийн систем зэрэг өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байгааг мэдээлэлд дурдаж байлаа.
Тэрбээр цаашид хийх ажлын талаар товч танилцуулав. Тодруулбал, 2026 онд мэдээллийн технологийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үндсэн бодлогын хувьд Улаанбаатар хотын хэмжээнд программ хангамж, хөгжүүлэлтийн бүх байгууллагуудтай уулзаж, үр ашиггүй программ хангамжуудыг нэгтгэх, тодорхой ажлуудыг идэвхжүүлэх, үргэлжлүүлэхээр болжээ. Мөн 2026 онд нийслэлийн хэмжээнд ухаалаг AI систем дата өгөгдлийг ашиглан хэмнэж болох орон тоо, үйлдлүүдийг судлахыг үүрэг болгож, холбогдох төсвийг суулгасан гэж байлаа.
Өнгөрсөн онд хийсэн камержуулалтын ажлыг сайжруулж, ирэх 2026 оноос нийтийн аж ахуй аж ахуйд хяналтын камерын системийг ашиглах боломжийг бүрдүүлнэ. Үүнд хог хаягдлын цэгүүдийг камержуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь тохижилт, хөрөнгийг хамгаалах болон цаашлаад, Улаанбаатар хотод байгаа гэрийн тэжээвэр амьтан, зэрлэг ан амьтдын аюулгүй байдал, үер, цас нийтийн замын цэвэрлэгээ гэх асуудалд AI систем болон камержуулалтыг нэвтрүүлж, иргэдийн хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буйг мэдээлэлд дурдсан байв.
Үргэлжлүүлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Мэдээлэл технологийн газрын дарга П.Нэргүй нэмэлт мэдээлэл өгсөн. Тэрбээр мэдээлэлдээ, Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө, гадаадын зээл тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2020-2025 онд хэрэгжсэн мэдээлэл технологийн чиглэлийн төсөл, арга хэмжээний 35 жагсаал бүхий ажлаас одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 24 систем байгаа гэв. Мөн энэ оны сүүлээр тэдгээр 35 системийн талаарх нэгдсэн дүгнэлтийг албан ёсоор гаргана гэв. Харин гадаадын зээл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийсэн 5 төсөл, хөтөлбөр үргэлжилж байна гэж байлаа.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Ж.Золжаргал, Р.Батболд, Ч.Анар, С.Цэнгүүн нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд аливаа систем худалдан авах судалгаан дээр хариуцсан чиглэлийн яамнаасаа мэдээлэл авч, солилцож байж шийдвэрээ гарган, засаглалаа сайжруулах шаардлагатай байна гээд үүнтэй холбоотой эдийн засгийн тооцоогоо хянаж байх нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал таван жилийн хугацаанд 225 тэрбум төгрөгийн мэдээллийн технологийн худалдан авалт хийсний сүүлийн нэг жилийн зардал огцом өсөж байгаад анхаарах хэрэгтэй гээд үүнд тодорхой хяналт тавих шаардлагатай гэж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар үндэсний язгуур эрх ашиг гэж байх ёстой гээд Монгол Улсын дэд бүтэц, мэдээллийн аюулгүй байдал, иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул юун түрүүнд энэ асуудалд анхаарч ажиллах нь чухал гэсэн байр суурийг илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2023/11/16
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Шударга мэдээ2024/12/09
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг арилгуулж бай...
-
Цаг үе2019/10/18
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
-
Үзэл бодол2019/11/25
Ч.Болорцэцэг: ААН-ийн орлого 50 сая төгрөгнөөс доош бол хялбаршуулсан горимоор т...
