Цаг үе
“Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2026” аялал жуулчлалын үзэсгэлэнг энэ сарын 29-31-ний өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэн нь дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдыг судалгаатай, төлөвлөгөөтэй аялахад дэмжлэг үзүүлэх, оролцогч байгууллагуудад хамтын ажиллагаа, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгох зорилготой. Үзэсгэлэнгийн үеэр иргэд мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, захиалах, шууд худалдан авалт хийх боломжтой юм. Мөн салбарын мэргэжилтнүүдийн илтгэлүүдийг сонсож, аяллын зөвлөмж, зөвлөгөө мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломж бүрдэнэ.
Үзэсгэлэнд 21 аймгийн аялал жуулчлалын газар, нислэгийн тийз, даатгал, зочид буудал, жуулчны бааз, амралтын газрууд, аяллын тоног хэрэгслийн нийлүүлэгчид, аяллын бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч дотоод болон гадаадын байгууллагууд оролцоно. Мөн олон улсаас БНСУ-ын Аялал жуулчлалын Төрийн өмчит корпорац, БНХАУ-ын Саня хотын Залуучуудын аяллын агентлагаас төлөөллүүд оролцох юм.

Цаг үе
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлага татах ажил хийгдэж байна
Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн бөгөөд ажил эрчимтэй өрнөж, өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн.

Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбох ажил хийгдэж байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх аж. Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй юм. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийгдэнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.

“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.

Дашрамд дурьдахад, дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай юм. Энэ нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.
Цаг үе
АТГ “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Хүүхдийн зуслангийн өмч хувьчлал, гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдал, хүүхдийн зусланг зориулалтын бусаар ашиглаж байгаа зөрчлийг арилгуулах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хүүхдийн эрхийг хангуулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсэг “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт”, “Ундраа” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлал, гэрээний хэрэгжилт, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хяналт шалгалтаар 2007 онд Нийслэлийн өмч хувьчлах комиссын тогтоолоор хувьчлагдсан зарим хүүхдийн зуслангийн хувьчлал нь хууль журмыг зөрчсөн, гэрээнд заасны дагуу зохих хяналтыг хэрэгжүүлээгүй, гэрээ дүгнэсэн баримт материал байхгүй, зориулалтын дагуу ажиллуулаагүй зэрэг зөрчил илэрсэн. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах “Соёл” хүүхдийн зуслан тухайн үед Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр хууль бусаар хувьчлагдсан, гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн, хүүхдийн зусланг зориулалтын дагуу ажиллуулаагүй, өнөөдрийн байдлаар хүүхдийн зуслангийн байшин, барилга байхгүй байв. Хяналт шалгалтын явцад Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/110 дугаар захирамжаар “Соёл” зуслангийн 10 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд газрын эрхийг бусдад шилжүүлэхгүй байх талаар сумын Засаг даргад албан шаардлага хүргүүлээд байна.
Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах “Өлзийт” зуслан нь чанарын шаардлага хангахгүй хуучин байшингуудтай, хашаа нь тоногдсон, хүүхдийн зуслангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байна.
“Хандгайт” хүүхдийн зуслан нь “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшилд байх бөгөөд хүүхдийн зуслангийн газрын хэмжээ анх 30,6 га байсан бол одоогийн байдлаар 19,7 га болж багассан байна. Тухайн хүүхдийн зуслангийн газраас мод үржүүлгийн болон гэр бүлийн хэрэгцээнд нэр бүхий иргэдэд эзэмшүүлж байгааг нарийвчлан шалгаж байна.
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс хүүхдийн “Соёл”, ”Өлзийт” зуслангийн хувьчлалыг хүчингүй болгуулж, хууль тогтоомжид нийцүүлэхээр холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад хандаад байна. Улмаар Нийслэлийн өмч хувьчлах комиссын хурлаар дээрх 2 хүүхдийн зуслангийн өмч хувьчлалын асуудлыг хүчингүй болгуулах арга хэмжээг авахуулахаар ажиллаж байна гэж АТГ-аас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 27-нд нутгийн зүүн хагаст бороо орж, салхи, шуургатай байна.
2026 оны тавдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нутгийн баруун хагаст дулаарч Говь-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.
2026 оны тавдугаар сарын 28-наас
2026 оны зургаадугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 31-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 29-нд Алтайн уулархаг уулархаг нутгаар, 30, 31-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
28, 29-нд ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 31-нд нутгийн хойд хагаст эрс сэрүүснэ.
-
Урлаг спорт2020/05/26
“MNB Гэр бүл” суваг нээлтээ хийж, туршилтын эфирээ цацаж эхэллээ
-
Шударга мэдээ2025/10/08
Х.Нямбаатар: Эзэнгүй нохой, муурыг хамгаалах төвд аваачиж, мэс ажилбараар үржлий...
-
Цаг үе2025/07/01
Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчиход орц, гарц ...
-
Цаг үе2025/08/21
Ургац хураалтад иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулна
