Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Urug.mn, Zarig.mn ёс зүйн алдаа гаргаагүй

Огноо:

,

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн /ССС/ Ёс зүйн хорооны 2020 оны эхний улирлын хурал 4 дүгээр сарын 9-нд боллоо. Коронавирүсийн халдвараас сэргийлэн тогтоосон хөл хорионы дэглэмээс шалтгаалан, хурлыг онлайнаар зохион байгууллаа.

Энэ удаагийн хуралд нийт 8 гомдол хэлэлцсэнээс 6-д нь дүгнэлт гаргаж, 2 гомдлыг Гомдол хүлээж авах, барагдуулах журмын (ГХАБЖ) дагуу хамтарсан хороогоор шийдвэрлүүлэх, Итгэлийн хороо байгуулан хэлэлцэхээр шийдвэрлэлээ. Энэ хоёр заалтыг аль алийг нь анх удаа хэрэглэсэн тохиолдол боллоо. Хэвлэл мэдээллийн зөвлөл нь Радио, телевизийн болон ССС-ийн Ёс зүйн хоёр хороотой. Хэрвээ гомдол гаргагч Ёс зүйн хорооны шийдвэрийг дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргавал уг гомдлыг ГХАБЖ-ын 7.2-ийн дагуу хоёр хорооны хамтарсан хурлаар шийдэх журамтай.

Харин ГХАБЖ-ын 5.7-д “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 8-д заасан мэргэжлийн үүргийг баталгаажуулах зорилгоор ХМЗ Итгэлийн хороотой байна. Гомдол гаргагч, хариуцагч талуудаас ирүүлсэн хамгаалагдах ёстой эх сурвалжийн тухай мэдээллийг тус хороо хүлээн аваад, энэ тухай мэдээллийг эх сурвалжийн найдвартай байдлыг алдагдуулахгүйгээр ёс зүйн хороонд дамжуулна. Итгэлийн хороонд Ёс зүйн хороон дарга нар, ХМЗ-ийн гүйцэтгэх захирал орно. Сонирхлын зөрчил гарах тохиолдолд Итгэлийн хорооны гишүүнийг нэмэлт төлөөлөгчөөр орлуулна. Холбогдогч талууд энэ талаар хүсэлтээ гаргахад хороо тухайн гомдлыг хэлэлцэж эхлэхээсээ өмнө хүсэлтийг хүлээн авах эсэхээ шийднэ” гэж зааснаар нэг гомдлыг барагдуулахаар боллоо.

Итгэлийн хороо байгуулах нь өнгөрсөн 2019 онд журманд оруулсан шинэ зохицуулалт юм.

Urug.mn сайтын “Эрдэнэт” үйлдвэрийн талаарх мэдээлэл ёс зүй зөрчөөгүй

Мэдээллийн urug.mn сайтад 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр “Эрдэнэт үйлдвэрийн мөнгө ёолдоггүй ба дураараа дургигчид” гарчигтай эрэн сурвалжилсан материал нийтлэгдсэн. Энэ нийтлэлдээ “Эрдэнэт” үйлдвэрээс зарласан түлш шатахуун нийлүүлэх тендерт оролцон ялсан “Сод Монгол” групп “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагатай хавсран ажиллаж энэ тендерт ялсан тухай өгүүлсэн.

Харин “Сод Монгол” групп уг нийтлэлд дурдагдсан баримтуудаа urug.mn нягтлаагүй, байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар мушгин гуйвуулж гүтгэн доромжилсон, мэргэжлийн давуу байдлаа ашиглан худал мэдээлэл тараасан гэж үзэн ХМЗ-д гомдол ирүүлжээ.

Хороо дээр дурдсан мэдээг сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд авч үзээд сайтын редакц зарчмын дагуу ажилласан гэсэн дүгнэлтийг гаргалаа. Тухайлбал, нэгд, сэтгүүлч “Шилэн данс дээрх бодит гүйлгээ”, “Бараа материал худалдан авах тухай санал, үндэслэл” зэрэг бичгийн эх сурвалжуудыг баримт болгон ашигласан, түүнийгээ ч тодорхой дурдсан, хоёрт, энэ нийтлэлд хэт дэврүүлсэн, хөөргөсөн зүйл байхгүй, сэтгүүлч баримтын дагуу дүгнэлт хийсэн, гуравт, сэтгүүлч мэдээллийг цуглуулж, олсон мэдээлэлдээ тулгуурлан ажилласан байх тул “Мэдээллийг мушгин гуйвуулах, бусдыг гүтгэх, доромжлох, мэргэжлийн давуу байдлаа урвуулан мэдээллийг хувийн зорилгод ашиглахгүй. Мөн  мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана” гэснийг зөрчөөгүй хэмээн үзлээ.

Zarig.mn алдаа гаргаагүй

Zarig.mn сайтад 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нийтлэгдсэн “Орхон аймгийн иргэн Г нь бусдад хутгалуулж хүнд гэмтжээ, гэтэл гэмт этгээд “хонгил” ярьж хариуцлагаас бултаж байна” гарчигтай нийтлэлд иргэн Э.Б-гээс гомдол ирсэн байна.

Гомдол гаргагч тус редакцийг дээрх мэдээг бэлтгэхдээ шүүхээр эцэслэн шийдэгдээгүй, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн нууцыг нийтэд задалж, хувь хүний нэр хүндийг улс төрийн зорилгоор санаатайгаар гутаасан, тухайн өдрөөс хойш тус сайтын сэтгүүлч өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан гэмт этгээд хэмээн гүтгэн доромжилж байгаад гомдолтой байна гэжээ. Харин редакц үүнтэй холбогдуулж хариу тайлбар ирүүлээгүй.

Zarig.mn сайтын энэ материалд хуулийн холбогдох байгууллагад шалгагдаж байгаа хэрэгт хохирогч болон хэргийг хянаж байгаа прокурорыг эх сурвалж болгож, хэрэг шийдэгдэхгүй сунжирч байгааг мэдээлжээ.

Хохирогч иргэний яриа, прокурорын тодруулгатай, ямар нэгэн байдлаар нөлөөллийн шинж агуулаагүй тул иргэн Э.Б-гийн гомдол үндэслэлгүй юм.

Сайтууд ташаа мэдээлэл түгээжээ

2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр ulsturch.mn сайт болон бас нэгэн сайтад “Д.Жигжиднямаа, Б.Цогтгэрэл нарыг чөлөөлөх шуурхай хурал Москвад болж байна” ижил гарчигтай мэдээлэл нийтлэгджээ. Энэ мэдээлэл нь бодитой биш ташаа мэдээлэл гэсэн гомдлыг Улаанбаатар төмөр замын Хууль зүйн албанаас ирүүлсэн юм.

Хоёр сайтын редакц мэдээллээ өөр бусад мэдээллийн сайтуудаас авахдаа мэдээллээ баталгаатай эсэхийг нягтлаагүй гэсэн тайлбарыг ирүүлжээ. Тиймээс энэ хоёр сайт нь Ёс зүйн зарчмын 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчсөн гэж Хороо дүгнэлээ. Ингэхдээ нөгөө сайт нь хариу тайлбартаа уучлалт гуйж, залруулга гаргахаа мэдэгдсэн тул сайтын нэрийг олон нийтэд зарлахгүйгээр зөрчлийг мэдээлэх шийдвэр гаргасан юм.

Дундговь аймгийн прокурорын талаарх мэдээлэл хэд хэдэн зарчим зөрчжээ

“Үндэсний шуудан” сонины 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн №18/3483/ дугаарт нийтлэгдсэн “Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, прокурорын дарга С.Гансэлэм нарыг шалгаж байна” гарчигтай мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий Прокурорын газраас гомдол ирүүлжээ.

Гомдол гаргагч ирүүлсэн гомдолдоо энэхүү нийтлэлд дурдагдсан прокурор С.Гансэлэмийн талаарх мэдээллүүд нь “огт үндэслэлгүй, худал мэдээлэл түгээсэнд, прокурорын байгууллага болон прокурорын нэр төр, алдар хүндэд халдсан, хараат бус байдалд нөлөөлсөн агуулга бүхий ташаа мэдээлэл” гэжээ. “Үндэсний шуудан” сонины редакц ирүүлсэн хариу тайлбартаа “баттай эх сурвалжаас авсан мэдээлэл” учраас нийтлэлээ ташаа гэж үзэхгүй байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Гэсэн ч Монгол Улсад үйлчилж буй хууль тогтоомжоор аливаа мөрдөн шалгасан гэмт хэргийг Прокурорын байгууллага хянан үзэж шүүхийн шат руу шилжүүлэх эсэхийг шийддэг. Ийм эрх бүхий байгууллага “Үндэсний шуудан” сонины мэдээллийг няцааж буй тул 1.1-т заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг зөрчсөн, мөн нийтлэлд тодорхой эх сурвалжийг дурдаагүй тул 1.2-т заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурдахыг эрмэлзэнэ” гэснийг зөрчсөн, мэдээлэлд дурдсан хууль зөрчсөн үйлдлүүдийг баталгаажуулаагүй, эх сурвалжаар нотлоогүй учир 1.6-д заасан “Баталгаагүй мэдээлэл, таамаглал, ам дамжсан яриаг таамаг хэмээн тодорхой дурдана” гэснийг зөрчсөн, буруутгагдаж буй төрийн албан хаагч эсвэл эрх бүхий байгууллагаас уг асуудалтай холбоотой тайлбар аваагүй, үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, тодруулаагүй учир 1.8-д заасан “Буруутгагдсан, шүүмжлэгдсэн этгээдэд тайлбар өгөх боломж олгоно” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргалаа.

Ёс зүйн зарчмын 3 дахь мөрдлөгийг зөрчжээ

“UB Post” сонинд 2019 оны зургадугаар сарын 27-ны дугаарт “The threat of radicalism under our nose” /Хамар доорх радикалист үзлийн аюул/ гарчигтай нийтлэл гарсан бөгөөд уг нийтлэлд Сири улсын иргэн Зеад Камал гомдол ирүүлсэн. Уг гомдолтой холбоотойгоор редакц хариу тайлбартаа энэ асуудлаар гомдол гаргагч хууль хяналтын байгууллагад мөн гомдол гаргасан байгааг харгалзан үзэж гомдлыг түдгэлзүүлэх эсвэл хойшлуулж өгөхийг хүссэн. Хороо редакцийн хариу тайлбарыг харгалзан үзэж хоёр удаагийн хурлаар хойшлуулаад байсан юм. Тус гомдолтой холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэр гарсан тул хороо энэ удаагийн хурлаар гомдлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Гомдол гаргагч редакцийг Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 2.3, 3, 4, 4.2, 6 гэсэн долоон зарчим зөрчсөн гэж үзсэнийг хороо хэлэлцээд зөвхөн 3-т заасан “Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй” гэснийг зөрчсөн, харин бусад заалтуудыг зөрчөөгүй хэмээн дүгнэлээ.

Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 16-нд болж, “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын зардалд шаардагдах  248 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Айчи-Нагоя-2026 Азийн XX наадамд Монгол Улсаас 31 спортын төрөлд 298 тамирчин, Азийн пара V наадамд спортын 10 төрөлд 43 тамирчин 19 дасгалжуулагч оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Огноо:

,

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо.

Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 

150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв.

Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Огноо:

,

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.

2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.

Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.

Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох