Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Лхагвасүрэн: Монголбанк цар тахлын хүнд үед өөрийн орны онцлог, чадавхад тулгуурлан дунд хугацааны тогтвортой байдлыг хангах бодлого хэрэгжүүлж байна

Огноо:

,

Эх сурвалж: Монголбанк

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа. 

- Эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ? Нөхцөл байдлыг Төв банк хэрхэн харж, дүгнэж байна вэ?

- Товчхондоо дэлхийн эдийн засаг 4-5 хувиар агшиж байхад манай эдийн засаг эерэг өсөлттэй байх боломжгүй. Ойрын ирээдүйн тодорхой бус байдал бүр өндөр байна. Сүүлийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар мөнгөний бодлогын төлөвийг хэлэлцэж байхдаа  эдийн засгийн өсөлт II улиралд -7 хувь орчим, жилийн дүнгээрээ -1 хувь байх төсөөлөл хийж ярилцсан. Бусад олон улсын байгууллагууд ч бас иймэрхүү төсөөлөлтэй байх шиг байна. Эдийн засгийг өнөөдөр дэмжих нь чухал ч ирээдүйд ямар ч нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа тул өрх, бизнес, төр гээд бүх л түвшинд санхүүгийн нөөцөө гамнах нь бүр илүү чухал байна. Өөрөөр хэлбэл, цаашид эдийн засгийг сэргээх гэхээсээ илүүтэй тогтворжуулах шаардлага үүсч болзошгүй. Иймд Монголбанкны зүгээс иргэд, бизнест учирч буй өнөөгийн хүндрэлтэй нөхцөлийг зөөллөх, гэхдээ бодлогын орон зайгаа гамнах, дунд хугацааны тогтвортой байдалд чиглэсэн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Мэдээж олон улсын санхүүгийн байгууллагуудын зөвлөмж, бусад төв банкуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг харгалзан үзэж судлан өөрийн орны онцлогт тохирсон мөнгөний бодлогын цогц арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэмжээ нь эдийн засгийг богино, дунд хугацаанд дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байгаа. Гэвч гадаад орчин буюу  улс орнууд КОВИД-19 вирусийг хэдий хугацаанд хяналтдаа оруулах, том гүрнүүдийн гадаад худалдааны маргаан хэрхэн үргэлжлэх, гадаад эрэлт, эрдэс бүтээгдэхүүний үнэд хэр хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх зэрэг нь манай эдийн засагт эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.

- Мөнгөний бодлогын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа гэлээ. Мөнгөний бодлогын ямар шийдвэрүүдийг гаргасан бэ? Шийдвэр гаргах болсон гол үндэслэл юу байв? 

- Он гарснаас хойш Мөнгөний Бодлогын Хороо ээлжит болон ээлжит бусаар 3 удаа хуралдаж эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй, үүсч болзошгүй хүндрэлийг зөөлрүүлэх зорилгоор урьдчилан шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах зорилгоор 3 болон 4 дүгээр сард бодлогын хүүг нийт 2 нэгж хувиар буурууллаа. Мөн банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих, илүү бага хүүгээр Төв банкнаас репо санхүүжилт авах бололцоог бий болгох шаардлага үүссэн учраас Төв банкны хүүний коридорыг 1 нэгж хувиар нарийсгаад байна. Ингэснээр Төв банкнаас банкууд 13 хувиар санхүүжилт авдаг байсан бол бодлогын хүүний бууралт болон хүүний коридорын өөрчлөлтийн нөлөөгөөр одоо 10 хувийн хүүгээр санхүүжилт авч байна.

Мөн Төв банкны хүүнээс гадна төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 10.5 хувиас 8.5 хувь болгосон нь 320 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр чөлөөлөгдөж, банкны эх үүсвэрийн алдагдсан боломжийн өртөг буурах, улмаар зээл, хадгаламжийн хүүний зөрүүг бууруулах арга хэмжээ болсон юм. Хөнгөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн хөтөлбөрийг дахин эхлүүлсэн, Засгийн газрын  алт хөтөлбөрийг дэмжин эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авсны үр дүнд алт олборлолт болон Төв банкинд тушаалт мэдэгдэхүйц нэмэгдлээ.

- Эдийн засагт бизнесийн идэвхжил муудаж, иргэд санхүүгийн хүнд нөхцөлд байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

- Хэд хэдэн зүйлийг ойлгох хэрэгтэй байна. Нэгд, иргэдийн орлого нь эдийн засгийн өсөлттэй шууд холбоотой. Хоёрт, иргэн зээл авахдаа, банк зээл олгохдоо ирээдүйн орлогын тогтвортой байдлаа аль болох зөв үнэлсний үндсэн дээр зээлийн хэмжээгээ зохистой түвшинд тодорхойлж байх шаардлагатайг өнөөгийн нөхцөл байдал ойлгуулж байна. Зээлийн эргэн төлөлт доголдоно гэдэг нь тухайн зээлдүүлэгч өөрийн харилцагч банкны тогтвортой байдал, цаашилбал нийт санхүүгийн системийн тогтвортой байдалтай холбогддог. Иймд эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчдийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар, ипотекийн зээлийн хугацааг 6 сараар сунгах шийдвэр гаргаад хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд зээлдэгчдийн зээлийн сарын төлбөрийн хэмжээ буурч гар дээр үлдэх орлого нэмэгдсэн. Ингэснээр зээл доголдохоос сэргийлэхийн зэрэгцээ өрхийн хэрэглээ огцом буурахаас сэргийлж байгаа юм. 6 дугаар сарын 19-ний байдлаар нийт хэрэглээний зээлийн багцын 12.9 хувь буюу 65491 зээлдэгчийн 572.8 тэрбум төгрөгийн хэрэглээний зээл, ипотекийн зээлийн 43 хувь буюу 38270 зээлдэгчийн 2.0 их наяд төгрөгийн зээлийн нөхцөлд өөрчлөлт орсон.

- Бизнесийн хувьд борлуулалт буурч, зээлээ төлж чадахгүй нөхцөл үүсч байна уу?

- Бизнесийн байгууллагууд ялангуяа санхүүгийн хөшүүрэг нь хэт өндөр болсон зээлдэгчид борлуулалтын орлого агших үед санхүүгийн дарамтад ордог. Бидний хийсэн судалгаагаар  2020 оны 6 сарын 19-ний байдлаар бизнесийн зээлийн 37 хувь нь ковид-19-т өртсөн байдалтай гарсан. Энэ нөхцөл байдлыг урьдчилан зөөлрүүлэх үүднээс ковидын нөлөөнд автсан зээлүүдийн хувьд хэвийн ангилалд хэвээр үргэлжлүүлэх хугацааг 15-аас 90 хоног болгох, бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд бүтэц өөрчлөгдсөн зээлд ангилахгүй байх, хэрэглээний зээлийн 2020 оны нэгдүгээр сарын 31-ний байдлаарх чанарын ангиллыг хэвээр мөрдөх зэрэг шийдвэрийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд танилцуулан хэрэгжүүлж эхэлснийг санаж байгаа байх. Ингэснээр ковидын нөлөөнд автсан зээлийн 39 хувьд нь бүтцийн өөрчлөлт хийж, эргэн төлөлтийн хөнгөлөлт үзүүлсэн гэсэн статистик үзүүлэлт байна.

- Төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларсаар байна. Энэ хүрээнд бодлогын ямар арга хэмжээнүүд авч байна вэ?

- Тийм ээ, таны хэлсэнчлэн төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 3 хувь сулраад байна. Харин эхний 6 сарын байдлаар юанийн эсрэг 1.8%-иар суларсан бол рублийн эсрэг 9.1% чангараад байна. Гадаад худалдааны сагсаар жигнэсэн дундаж ханш буюу бодит болон нэрлэсэн үйлчилж буй ханш оны эхнээс харгалзан 3% болон 1%-иар тус тус чангарсан байна. Тиймээс ам.долларын эсрэг 3 хувийн сулралт бол зайлшгүй байсан гэсэн үг. Нөгөө талаас экспортын орлого эхний 5 сарын байдлаар 39%-иар тасарсан үед тодорхой хэмжээний ханшийн тохируулга байх ёстой. Энэ нь дунд хугацааны тогтвортой байдалд эрсдэл хуримтлуулахгүй байхад тустай. Энэ жилийн хувьд алт худалдан авалт их сайн байгаа. Эхний 6 сарын байдлаар өнгөрсөн оны түвшнээс 2.5 дахин их буюу 10.8 тонн алт худалдан авсан нь валютын урсгалд том дэмжлэг болж байна. Түүнээс гадна Монголбанкнаас макро зохистой бодлогын хүрээнд долларжилтын эсрэг зөөлнөөс нь эхлүүлээд арга хэмжээнүүдийг тасралтгүй авч байна. Тухайлбал, төгрөгийн заавал байлгах нөөцийг гадаад валютынхаас бараг 2 дахин бага түвшинд хүргэсэн, гадаад валютын харилцахдаа хүү төлж байгаа, гадаад валютын хадгаламждаа өндөр хүү төлж байгаа банкуудын төгрөгийн ЗБН-ийн урамшууллыг хорогдуулах, зөвхөн төгрөгөөр төлбөр тооцоо хийх зэрэг арга хэмжээнүүдийг зэрэгцүүлэн аваад байна. Цаашид ч хөрвөлтийг сааруулах шаардлагатай арга хэмжээг үргэлжлүүлэн авна. Иргэд, олон нийт үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгтөө илүү итгэж төв банкны бодлогыг дэмжвэл үр дүнд хурдан хүрч Төв банкны хувьд бодлогын орон зай үүсэх болно.  

- Банкуудад зээлийн эх үүсвэр хангалттай байж чадаж байна уу? Монголбанкны зүгээс банкуудад эх үүсвэр нийлүүлэх бололцоо бий юү?

- Ковидын үед банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын шаардлагыг 25 хувиас 20 хувь болгож бууруулсан бөгөөд уг үзүүлэлт системийн хэмжээнд 39.7 хувьтай байна. Өмнө нь дурдсанчлан Төв банкны санхүүжилтийн хүү 10% болж, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн дийлэнхийг бүрдүүлдэг хадгаламжийн хүүнээс бага болсон. Түүнээс гадна санхүүгийн зах зээлийн хэвийн үйл ажиллагааг хадгалах, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих зорилгоор оны эхний 6 сарын байдлаар ХХБ-ны 500 сая ам.долларын эргэн төлөлтийг эс тооцвол Монголбанкнаас банкуудад 3.9 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон бол үүний 2.4 их наядыг репо санхүүжилтээр, 1.5 их наядыг своп хэлцлээр олгоод байна. Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, хугацааг сунгах зэрэг арга хэмжээ нь зээлдэгч талдаа дэмжлэг болохын зэрэгцээ зээл чанаргүйдсэнээс бий болох эрсдэлийн сангийн зардлын дарамтыг бууруулж байгаа нь банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээнд дэмжлэг болдог. Энэ нь зээлийн тасалдлыг зөөлрүүлэхэд ч эерэгээр нөлөөлнө. Болзошгүй эрсдэлээс сэргийлэн банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын түр зуурын хүндрэлийг шийдвэрлэх зорилготой барьцаат зээлийн нөхцөлийг өөрчлөөд мөрдүүлж эхлээд байна. Өмнө нь төв банк мөнгөний бодлого болгоомжтой хатуу төлөвтэй байсан бол одоо бодлогын төлөв илүү зөөлөрсөн, бодлогын олон арга хэмжээнүүдийг  хооронд нь нийцтэй байдлаар багц маягаар авч хэрэгжүүлж байна.

- Эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөлд улс орнуудад эрсдэл хуримтлагдаж, зээлжих зэрэглэл нь буурч байгаа. Монгол Улсын хувьд нөхцөл байдал хэр байна вэ?

- Зээлжих зэрэглэл харьцангуй тогтвортой байгаа нь Монгол улсад хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь шийдлээ, цагаа олсон байгааг мөн гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, гадаад зээлийн хүүний болон үндсэн төлбөрийг эргэн төлөх чадвартайг харуулж байна гэж Төв банкны зүгээс харж байгаа. Монголбанк, Сангийн яам хамтран олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч агентлагтай 3 болон 5-р сард, Мүүдис агентлагтай 4-р дүгээр сард, Эс энд Пи агентлагтай 6-р сард цахим уулзалт зохион байгуулж шаардлагтай мэдээллүүдийг өгсөн, байр суурь тодорхой илэрхийлсэн, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний зорилго, онцлогыг тайлбарласан. Фитч болон Эс энд Пи агентлагаас 2020 оны 5, 6 дугаар сард Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр, төлөвийг “Тогтвортой” хэвээр үнэлсэн байгаа. Эдгээр хөндлөнгийн үнэлгээ дүгнэлт нь хорио цээрийн дэглэмийн энэ хүнд үед бодлого шийдвэрүүд нийцтэй, хүндрэлийг давах боломжтойг харуулсан үнэлгээ юм.   Бас нэг онцлох зүйл нь Монгол Улс Олон Улсын Валютын сантай хамтын харилцаагаа хадгалж байгаа нь гадны хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч байгаа гэж бидний зүгээс харж байна. Та бүхний мэдэж байгаагаар төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газар, Монголбанк хэлэлцээрт орж ОУВС-гийн шуурхай санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдан 99 сая ам.долларын санхүүжилтийг аваад байна. Энэхүү хөтөлбөр нь ОУВС-тай өнгөрсөн 3 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, дараагийн хөтөлбөр буюу “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т шилжээд байгааг илэрхийлж байгаа юм.

- ФАТФ-аас Монгол Улсыг өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн гэж онцолсон байсан. Энэ талаар мэдээлэл өгнө үүҮүнд Монголбанк хэрхэн оролцов?

- Энэ нь бидний хувьд богино хугацаанд хийж чадсан чамлахааргүй амжилт болсон  гэж үзэж байна. Монгол Улс ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад 2019 оны 10 дугаар сард орсон ба нийт 6 үүрэг даалгавар бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болсон. Эхний явцын тайланг 2020 оны 1 дүгээр сард БНХАУ-д зохион байгуулсан хурлаар хэлэлцүүлж ФАТФ-ын 2 дугаар сарын хурлаар тохирсон ажлын 50 хувийг хангалттай гэсэн үнэлгээ авсан. Харин КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор ФАТФ-аас хяналтын жагсаалтад багтсан бүх улс оронд үнэлгээ хийх ажлыг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр түр зогсоож, 4 сараар хойшлуулахаар шийдвэрлэсэн. Гэхдээ Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдын хүсэлтээр Монгол Улсын үнэлгээ хийх хугацааг хойшлуулахгүйгээр хэвээр үлдээж, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тайлангаа цахимаар танилцуулж, амжилттай хамгаалаад байна. Үүний үр дүнд ФАТФ-ын 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар Монгол Улсыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлсэн гэж дүгнэсэнд баяртай байна. Сонирхуулж хэлэхэд ФАТФ-ын хяналтын жагсаалтанд 2009 оноос хойш нийт 51 улс орон орж байсан бөгөөд дунджаар 3 жил 2 сарын хугацаанд ФАТФ-тай тохиролцсон ажлын төлөвлөгөөгөө хангалттай биелүүлж, газар дээрх хяналт шалгалт хийлгэхээр болсон байдаг. Харин Монгол Улсын хувьд 2019 оны 10 дугаар сараас хойш нийт 7 сарын хугацаанд үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хангалттай биелүүлсэн хэмээн үнэлүүлээд байна.

- Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох