Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Огноо:

,

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 27 дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хууль болон Монгол Улс болон Азийн хөгжлийн банк  хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт 2019-2020 оны зээлийн төлөвлөгөөг бүрэн эхээр нийтэлсэн. 

Түүнчлэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэллээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа цэргийн барилга, инженерийн ангиудыг цэргийн захиргааны удирдлагаар шууд ханган, бие даасан төрлийн цэргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах үүднээс төрөл, мэргэжлийн цэрэгт хамаардаг барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлэн, гүйцэтгэх чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлж, түүний бие даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах зохицуулалтыг хуульчлан баталгаажуулах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг батлахтай холбогдсон зохицуулалтыг нэмж тусгасан байна.

Мөн энэ дугаарт Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар баталсан Монгол Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгох тухай, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай зэрэг  Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай зарлигуудыг нийтэлсэн бөгөөд уг зарлигаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Армени, Бүгд Найрамдах Чили, Бүгд Найрамдах Аргентин, Бүгд Найрамдах Латви, Бүгд Найрамдах Эстони Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдуудыг эгүүлэн татаж, шинээр тохоон томилсон байна.   

Монгол Улсын Засгийн газраас  баталсан “Журам батлах тухай” тогтоолуудыг нийтэллээ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмаар холбогдох хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний 1995 оноос 2019 оныг дуустал хугацааны төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх, орлогыг төвлөрүүлэх, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, тайлагнах, шимтгэл нөхөн төлсөн хугацааг хянан баталгаажуулахаар зохицуулжээ. Ингэхдээ малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас өндөр насны тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй, малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа шимтгэл төлөөгүй 15-60 насны Монгол Улсын иргэний шимтгэлийг нөхөн төлүүлэхдээ сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 10 хувь буюу сард 42 000 төгрөг байхаар зохицуулсан байна.  

Харин Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журмаар Улсын Бага Хурлын 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэврийн хэмжээг 50000 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоох, хянахад энэ журмыг баримтлахаар тусгасан бөгөөд бусад зохицуулалтын талаарх мэдээллийг  эмхэтгэлээс авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.30/ Японы бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, хөрөнгө оруулагчдын санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ.  

Монголд хөрөнгө оруулагч Япон компаниуд төсөл, хөтөлбөрөө Ерөнхий сайдад танилцуулсан юм. Тухайлбал, Aeronext  компани 2023 оноос хойш ЖАЙКА-ын санхүүжилтээр Монголд дроноор цус тээвэрлэж эхэлжээ. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 23 байршилд дроноор цус хүргэдэг. Цаашид Монголд дрон үйлдвэрлэдэг, засварладаг болохоор ажиллаж байна. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. 

Мөн чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг Японы талаас онцолсон.  2016 онд хүчин төгөлдөр болсон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд Японы тал Монгол Улсаас худалдан авалт хийх нь чухал гэдгийг илэрхийлэв.

Ерөнхий сайд Н.Учрал Монголд бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад Засгийн газар шуурхай анхаарч ажиллана гэдгийг илэрхийлэв. Мөн Японы банк санхүүгийн салбарын төлөөлөл бодит сонирхлоо илэрхийлбэл нягт хамтран ажиллахад бэлэн гэлээ.  

Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг шинэ бизнесийн түншлэлээр угтах нь нэн чухал.  Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО) хөрөнгө оруулалтыг бодит ажил болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг тодотгов. Монгол Улсад ЖЕТРО-ын Төлөөлөгчийн газар байгуулах талаар ярилцав. 

Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшлийг дэмжих, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулах, хөрөнгө оруулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан тогтвортой, өрсөлдөх чадвартай орчныг бүрдүүлэхэд тусгайлан анхаарал хандуулж байгааг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь албан ёсны айлчлалын үр дүн

Огноо:

,

“Чингис хаан" олон улсын нисэх буудлын өргөтгөлийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтэд гарын үсэг зурав. Жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 саяд хүрч, 3.2 дахин нэмэгдэнэ. 

  1. Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтарна. Монгол Улс 1 сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно.
  2. Давхар татвар, Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа.
  3. Монгол Улсаас Япон улс руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ.
  4. Япон улсын ”POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд хамтарч ажиллана.
  5. “Инженер, технологийн дээд боловсрол (MJEED)” буюу “1000 инженер”-ийн төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлнэ.
  6. Японы улсын гадаад худалдааг дэмжих (ЖЕТРО) байгууллага манай улсад төлөөлөгчийн газраа нээнэ. Тус улсын хөрөнгө оруулагчид, ЖДҮ, технологийн компаниуд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.
  7. Хоёр шатлалтай "ЖАЙКА"-гийн ЖДҮ-ийг дэмжсэн зээлийг үргэлжлүүлнэ.
  8. "Буянт-Ухаа" нисэх буудлыг орон нутгийн нислэгт ашиглах менежментийг хийх, хурдан галт тэрэгний яриа хэлцлийг эрчимжүүлнэ.
  9. Японы "Aeronext Inc" компани монгол инженерүүдтэй хамтарч дрон үйлдвэрлэдэг, засварладаг тогтолцоог нэвтрүүлэхээр яриа хэлцлээ эхлүүлэв.
  10. Ногоон устөрөгчийн төсөл, чухал ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг ярилцав. Ногоон санхүүжилтийг дэмждэг бүх байгууллагуудаар дамжуулан Монголд хэрэгжүүлэх том төслүүдийг санхүүжүүлнэ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол, Японы хамтарсан төслүүдийн хэрэгжилтийн талаар хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ЖАЙКА-ын Ерөнхийлөгч Танака Акихиког хүлээн авч уулзлаа. Уулзалт 2026 оны есдүгээр сарын 29-нд Токио хотноо болов.

Ерөнхий сайд Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж Монгол Улсын ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов. Мөн ЖАЙКА судалгаанд тулгуурласан, үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйд талархал илэрхийллээ.

Талууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн талаар ярилцав. Ерөнхий сайд төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, агаарын тээврийн салбарын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ. ЖАЙКА-ын Ерөнхийлөгч уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

Мөн Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Энэ ажлыг Япон Улсын Засгийн газрын “POWERR Asia” санаачилгын хүрээнд эхлүүлэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Уулзалтаар чухал ашигт малтмалын чиглэлээр Япон Улсын Метал, эрчим хүчний аюулгүй байдлын байгууллага (ЖОГМЭК)-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсад Японы Гадаад худалдааг дэмжих байгууллагын (ЖЕТРО) төлөөлөгчийн газар байгуулах саналыг хэрэгжүүлэх талаар ярилцжээ.

Түүнчлэн дэд бүтцийн чадавхыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1977–2025 онд зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох