Шударга мэдээ
Улаанбуудай, төмсний хэрэгцээг дотоодоос бүрэн хангана
Энэ онд 394 мянга гаруй га-д үр тариа, үүнээс 364 мянган га-д улаан буудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тос, 52.7 мянган га-д тэмжээлийн ургамал тариалсан байна. Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн тосны ургамал, 109.4 мянган тонн тэжээлийн ургамал хураан авах төлөв гарчээ.
Ингэснээр улаанбуудайн хэрэгцээг 100 хувь, төмсийг 140 хувь, хүнсний ногоог 60 хувь дотоодоос хангах боломж бүрдэж байна. Ургац хураалтыг богино хугацаанд зохион байгуулах, дараа оны тариалалтад хүрэлцэх хэмжээний үр тариа, тэжээлийн ургамлын үрийн нөөц бүрдүүлэх, төмс, хүнсний ногоо хадгалах, борлуулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллахыг сайд З.Мэндсайханд даалгав.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
Шударга мэдээ
Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөгийн санамж бичиг байгууллаа
Улаанбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээний нээлт болон эдийн засгийн танилцуулга уулзалт боллоо. Энэ үеэр Хөх хот, Улаанбаатар хотын үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 20 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.


Энэхүү санамж бичиг нь хоёр хотын аж ахуйн нэгжүүдийн холбоог бэхжүүлэх, экспорт, импортын худалдааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжуудыг бий болгох зорилготой юм.


Эдийн засгийн танилцуулга уулзалтад Хөх хотын 40 гаруй, Улаанбаатар хотын 28 аж ахуйн нэгж оролцсон юм. Мөн уулзалтын үеэр Монгол орын онцлогийг шингээсэн, дотоодын түүхийн эдийн нөөцөд тулгуурлан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэнг дэлгэн үзүүллээ. Энэхүү арга хэмжээ нь хоёр хотын 35 жилийн найрсаг харилцааг, эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаар баяжуулж, бизнес эрхлэгчдэд шинэ зах зээл, түншлэл, боломж нээх чухал алхам болсныг оролцогчид онцолж байлаа.





