Улстөр нийгэм
Хувийн тээврийн хэрэгсэл болон иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоолоо

Өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний цагийг нэг цагаар богиносгож өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явуулахаар болов. Энэ хугацаанд иргэд зайлшгүй шаардлагатай бол автомашинаараа чөлөөтэй явах бөгөөд бусад цагт хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Иргэд мөн дээрх тогтоосон цагаас бусад үед явганаар хөдөлгөөнд оролцох боломжгүй.
Гэхдээ гэрийн ойролцоох дэлгүүр, эмийн сангаар үйлчлүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар эмнэлэгт хандах нь чөлөөтэй юм байна. Хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангалтын чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжүүдийг аль болох шөнийн цагаар ажлаа явуулдаг байхаар зохицуулалт хийх юм. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй төрийн байгууллагуудын нийт ажилтан, албан хаагчдын 10-15 хувь нь ажлын байрандаа ажиллах хязгаар тогтоож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг цахимаар ажлаа явуулах шаардлага тавьж эхэллээ.
Цагдаагийн байгууллагын мэдээллээс үзвэл өнөөдөр хөдөлгөөний ачаалал өмнөх өдрүүдээс эрс нэмэгдэж 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон байна. Тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнийг 90 хувь хязгаарлаж байж тархалтыг хумьж чаддаг олон улсын жишгийн дагуу хөл хориог ийнхүү чангатгалаа. "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажилладаг нэг хүнээс сэжигтэй тохиолдол илэрсэн учир тусгаарлаж ойрын болон дам хавьтлыг тогтоож эхэлсэн байна. Шинжилгээний эцсийн хариу маргааш гарна. Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг хотоос гаргахгүй шийдвэр хэвээр байна.
Улстөр нийгэм
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 17-нд болж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн эхний үе шатны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн тайланг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхланд баримт бичгийн 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнг эрчимжүүлэн сайжруулахад урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа, нэгдсэн арга зүй, удирдамжаар ханган ажиллахад анхаарч, хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулахыг даалгалаа.
Улстөр нийгэм
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 48.9 хувьтай байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 17-нд болж, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцыг энэ оны хагас жилийн байдлаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт эхний хагас жилийн байдлаар 48.9 хувьтай байна. Хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор удирдлага, зохион байгуулалтаас хамаарч удаашралтай байгаа зорилт, арга хэмжээг энэ оны жилийн эцсийн зорилтот түвшинд хүргэх, санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалан удаашралтай байгаа зорилт, арга хэмжээг улсын төсвөөс гадна гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах замаар хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг судалж, шийдвэрлэхийг даалгалаа. Мөн УИХ-д 2022 онд өргөн мэдүүлэхээр заасан хууль тогтоомжийн төслүүдийг энэ онд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон юм.
“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” нь манай улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй 100 хувь уялджээ. Уг төлөвлөгөө 6 бүлэг, 23 зорилго бүхий 300 төсөл, арга хэмжээтэй батлагдсан бөгөөд энэ оны эхний хагас жилийн байдлаар биелэлт 47.6 хувьтай байна. Төсөл, арга хэмжээний биелэлтийн тайланд тухайн жилийн ажлын гүйцэтгэлд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шалгуур үзүүлэлтийг хангасан байдал, гаргасан үр дүнг тодорхой тусган бүрэн тайлагнаж байхыг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт даалгалаа.
Улстөр нийгэм
ЗГ: Үндэсний цахим шуудангийн системээр дамжуулан иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны наймдугаар сарын 17-нд болж, Үндэсний цахим шуудангийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Төрийн байгууллагууд иргэдийн гомдол, өргөдлийг биечлэн, цахим сүлжээгээр, байгууллагын албан ёсны цахим шуудан, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв, тусгай дугааруудаар хүлээн авч байна. Эдгээр арга хэрэгсэл нь тухайн иргэнийг мөн эсэхийг таньж баталгаажуулах боломжгүй байгаагаас зарим тохиолдолд бусдын мэдээллийг ашиглан хуурамч мэдээ, мэдээлэл өгөх эрсдэл гарч буйг салбарын сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан танилцуулгадаа дурдаж байв.
Тэрбээр “Монгол Улсын үндэсний цахим шуудангийн системийг өнөөдрөөс нэвтрүүлж эхэлж байна. Тодруулбал, 16 наснаас дээш иргэд “И-Mонголиа” системээр дамжуулан и-мэйл хаягтай болж байна. Ухаалаг гар утас хэрэглэж байгаа 3.8 сая хэрэглэгч Монгол Улсад байгаагаас 1.5 сая нь “И-Mонголиа” системийг ашиглаж байна. Үндэсний цахим шуудангийн гол давуу тал нь, иргэн шууд төртэй харьцана. Төр ч иргэнтэй шууд харьцана. Өнөөдрийн байдлаар гадаад паспортын хугацаа нь дууссан 61 мянган хүн байна. Энэ хүмүүст паспортын хугацаа дууссан гэх сануулгыг и-мэйлээр өгч байгаа. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх цахим шуудангийн тогтолцоонд Монгол Улс албан ёсоор шилжиж байна. Заавал яам, тамгын газрын үүд сахих шаардлагагүй боллоо” гэлээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23.3-т “иргэн, хуулийн этгээдэд иргэний хуулийн этгээдийн бүртгэлийн дугаараар үндэсний цахим шуудангийн хаягийг үүсгэнэ” гэж заажээ. Өнөөдрийн байдлаар танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй 1,600,000 гаруй иргэнд тус системийг ашиглан төрөл бүрийн мэдээлэл, мэдэгдлийг төрийн үйлчилгээний нэгдсэн “И-Монголиа” системээр дамжуулан хүргэх, иргэнийг таньж баталгаажуулсан үндэсний цахим шуудангийн хаягаас өргөдөл, гомдол хүлээн авах, хариу хүргүүлэх боломж бүрдээд байна. Тодруулбал, иргэд төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргахдаа заавал биечлэн эсхүл утсаар өгдөг байсан бол энэхүү системээр дамжуулан төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах, хариуг хүлээн авах боломжтой болсон гэсэн үг.
Үүнтэй холбогдуулан энэ системээр дамжуулан чиг үүргийн хүрээнд иргэдэд шаардлагатай мэдээлэл, мэдэгдэл хүргүүлэх, өргөдөл, гомдлыг хүлээн авч хариу хүргүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, хууль хяналтын байгууллагын удирдлага, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, уг үйлчилгээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгаланд даалгалаа.
-
Чөлөөт цаг2021/07/05
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Чөлөөт цаг2021/05/17
Аэробус компанийн салбарт 28.1 сая фунт стерлингийн торгууль ногдуулжээ
-
Урлаг спорт2021/11/12
Э.Содномпилжээ, М.Уранцэцэгт нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо
-
Улстөр нийгэм2019/07/17
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд хуралдана