Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од : Залуучуудаа АЛТ болгоё

Огноо:

,

-Монголын Залуучуудын Холбооны 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе.

- Баярлалаа. 100 жилийн түүхтэй, Төв Азийн ууган залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн босгон дээр надад итгэл хүлээлгэж МЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгосон Монголын нийт залуучууд болон Өнгөрсөн 100 жил МЗХ-г үүсгэн байгуулж, удирдаж ирсэн үе үеийн удирдлагууд болон идэвхитэн гишүүд тэдний гэр бүлийхэнд, МЗХ-ны Гүйцэтгэх хорооны хамт олондоо Монголын залуучуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Мөн МЗХ-г өнгөрсөн 100 жилийн турш дэмжин ажиллаж ирсэн Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэддээ талархал илэрхийлье.

МЗХ ДАХИН ШИНЭЭР ТӨРЖ БАЙНА

-Гадаад болон дотоод онцгой нөхцөл байдал үүссэн хүнд үед та болон танай баг шинээр ажиллаж эхэлж байна. Энэ хэрээр үе үеийн шилдэг залуучуудыг нэгтгэдэг энэхүү том байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт шийдлийн он жилүүдийг таныг болон танай багийнхныг угтаж байгаа байх?

-Бид энэ жил өнгөрсөн 100 жилийнхээ алдаа оноо, ололт амжилтыг дүгнэж, дараагийн 100 жилийнхээ бат бөх ганхашгүй суурийг тавин дахин шинээр мэндэлж байна.

МЗХ цаашдын үйл ажиллагаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон ТББ-ын тухай хуулийн хүрээнд, “НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт-2030”, “Монгол Улсын алсын хараа-2050”, “Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-тэй уялдуулж ажиллана.

МЗХ-ны дүрмээр холбооны Ерөнхийлөгч дөрвөн жилээр сонгогддог бөгөөд нэг удаа улиран сонгогдох боломжтой. Тэр утгаараа 2012 оноос хойш МЗХ-г тэргүүлж ажилласан А.Мөнхбатын сонгуульт ажлын бүрэн эрхийн хугацаа дууссан учраас МЗХ-ны VI их хурал хуралдсан. Бид өнөөдөр өмнөх удирдлагуудаа шүүж, буруутгахгүй, цаг хугацаа хамгийн зөв шүүлт гэдэг. Залуучууд өнгөрсөнтэй биш ирээдүйтгээ ажилладаг байх хэрэгтэй.

Энэ удаагийн үндэсний хэмжээний VI их хурал маань V их хурлаасаа нэг дахин их төлөөлөгч оролцож, анх удаа цахимаар хуралдсан. Манай баг 100 жилийн түүхт Монголын Залуучуудын үндэсний хэмжээний цорын ганц энэ байгууллагын үйл ажиллагааг бүрэн шинэчилж, алдагдсан нэр хүндийг буцаан сэргээх, залуучуудын хөгжлийн төлөө бодлогын дорвитой арга хэмжээ авч томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай цаг үед энэ байгууллагын удирдлагаар сонгогдлоо. Манай холбоо үеийн үед нийгмээ, залуучуудаа сэрээсэн, манлайлсан залуучуудынхаа бахархал болсон байгууллага байсан. МЗХ-ны цаашдын бүх үйл ажиллагаа судалгаан дээр үндэслэсэн, хийх арга замтай, гарах үр дүн нь тодорхой, тэр нь нийгэмд нээлттэй байх бөгөөд залуучуудын холбооны дансыг ч шилэн болгож жил бүр санхүүгийн тайлангаа залуучууддаа тайлагнадаг байна.

Корона бол боломж

-Цаг үеийн нөхцөл байдлаас болж, олон нийтийн арга хэмжээ тасалдаж, бизнест хүндрэл үүсч байгаа. Та бүхний хувьд онцгой нөхцөл байдал хэрхэн нөлөөлөхөөр байна вэ?

-Би хувьдаа “Ковид-19” вирус дэлхий дахинд маш хүнд сорилтыг тулгаж, хэмжээлшгүй уй гашууг авчирсан боловч нөгөө талаараа хүн төрөлхтөнд их ухаарал, боломжийг авчирсан гэж боддог. Мэдээж энэ цар тахлыг хүн төрөлхтөн ялан дийлнэ. Тэр үед хүн төрөлхтний амьдралд маш том өөрчлөлт, дэвшил гарсан байх болно.

Ялангуяа боловсролын систем болон хөдөлмөрийн зах зээл бүрэн өөрчлөгдөхөөр байна.

Бидний ажил, амьдралын хэв маяг ч маш ихээр өөрчлөгдөж байна. Тэр шинэ өөрчлөлт, дэвшлийг холбооны үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Нэн түрүүнд МЗХ-ны дансыг шилэн болгож, үйл ажиллагаагаа цахимжуулж, бичгийн цаас хэрэглэдэггүй анхны байгууллага болно. Бичгийн цаасыг халж цахим хэлбэрээр ажил хийдэг болсноор цаасны үндсэн түүхий эд зуу, зуун сая модоо хамгаалан байгаль дэлхийдээ үлдээснээр дэлхийн цаг уурыг тэнцвэржүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж буй бөгөөд дэлхийн дулаарлаас үүдсэн байгалийн гамшгуудаас урьдчилан сэргийлэхэд тустай. Засгийн газраас төрийн 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой.

www.e-mongolia.mn сайтыг ажиллуулж эхэлсэн нь хүнд суртал, авлигаас ангижирч, иргэдийн маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх боломжийг бүрдүүлсэн сайхан ажил болсон нь сайшаалтай бөгөөд цаашид 11250 төрлийн төрийн үйлчилгээг цахимаар өгдөг болохоор зорьж буйд нь амжлт хүсье.

Ковид 19 гэх энэхүү вирус нь 150 жилийн түүхт дэлхийн боловсролын одоо буй системд эрс шинэчлэл хийж магадгүй байна. Цахим сургалт нь дэлхийн боловсролыг гэрээсээ авах боломжийг бүрдүүлсний дээр боловсрол эзэмшихийн тулд зарцуулдаг сургалтын төлбөрөөс бусад зардлыг хэмнэж, танхимын сургалтаас 40-60 хувь бага цаг зарцуулдаг тул залуучуудад өөрийгөө хөгжүүлэх чөлөөт цаг илүү их болж байна. Гэхдээ технологийн тэгш бус хүртээмжтэй байдал, газар нутгийн байршил, гэр бүлийн орлогын хэмжээ зэргээс хамааран цахим сургалт нь үр өгөөжөө бүгдэд ижил тэгш өгч чадахгүй байгаа тул Засгийн газраас анхаарах шаардлага байна.

МЗХ улс төрийн болоод шашны үйл ажиллагаа явуулахгүй

-Өнгөрсөн жилүүдэд МЗХ-ны талаар багагүй шүүмжлэл өрнөж байсан гэдэгтэй та санал нийлэх байх. Тухайлбал, улстөржсөн үйл ажиллагаа явуулдаг, шагналыг хавтгайруулдаг гэх мэт. Та энэ талаар юу хэлэх вэ? НАМЗХ, АЗХ гэх мэт улстөрийн намын дэргэдэх залуучуудын байгууллага болон бусад клубууд, олон нийтийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах вэ?

-МЗХ улс төрийн болоод шашны үйл ажиллагаа явуулахгүй. Гэхдээ НАМЗХ, АЗХ болон бусад бүх улс төрийн намын дэргэдэх залуучуудын байгууллагын залуучууд бүгд манайд харьяалагддаг. Тийм учраас бид томоохон хөтөлбөр хэрэгжилтэнд оролцох боломжийг нь бүрдүүлнэ. МЗХ бол Монгол Улсын иргэн, 16-40 насны залуучуудыг нэгтгэдэг, үндэсний хэмжээний цорын ганц төв байгууллагын хувьд энэ насны бүх залуучуудыг улс төрийн намын харъяалал, шашин шүтлэгийг үл харгалзан нэгтгэж тэдний эрх ашигт нөлөөлөх аливаа асуудалд шийдвэр гаргах үйл явц болон хэрэгжилтэнд оролцож, биелэлтэд хяналт тавин ажиллахад нь тэгш боломж, идэвхитэй оролцоогоор ханган ажиллана. Энэ боломж 2018 оны 1-р сарын 01-нээс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр боломжтой болсон байгаа. Мөн МЗХ залуучуудын сонирхлын клубууд болон залуучуудын иргэний нийгмийн бүх байгууллагуудыг эгнээндээ нэгтгэж тэдний оролцоотойгоор Залуучуудын хөгжлийн бодлогын баримт бичиг болон Залуучуудын хөгжлийн индексийг боловсруулахад мөн Залуучууд судлалыг хөгжүүлэхэд манлайлан ажиллана.

Шагнал эзнээ олдог, эзэн нь шагналаараа бахархдаг байх ёстой

-Шагналтын тухайд МЗХ-100 жилийнхээ ойн хүрээнд шагналын загвар болон нэр төрлөө өөрчилж байгаа. Шагнал олгох журмаа ч мөн бүрэн өөрчилж, шагнах шалгуур үзүүлэлтээ чангатгасан. Шаардлага хангасан хүнийг бахархалтайгаар шагнадаг байна. Би өөрийн бүрэн эрхийн хугацаандаа МЗХ-ноос нэг жилд олгодог байсан шагналтын тоог 90 хувь буруулна. Шагналын материалыг цахимаар хүлээн авч, шагналын хороо хуралдан олгох эсэхээ шийддэг журам батлагдсан бөгөөд шагналд тодорхойлсон материалууд болон шагнагдсан хүний мэдээлэл олон нийтэд ил цахим хэлбэрээр манай залуучуудын холбооны үндсэн сайт болох www.izaluu.mn сайтад байршина. Шагнал эзнээ олдог, шагнал авсан хүн шагналаараа бахархдаг байх ёстой.

Залуучуудын хөгжлийн Түдэв танхим байгуулна

-Та бүхэн 100 жилийнхээ ойд олон ажил хийхээр төлөвлөж байгаа байх. Онцлог ажлаасаа товч дурдвал?

-100 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд эхнээсээ хэрэгжүүлж эхлээд байгаа. Баяр наадмын гэхээс ээ илүү залуучуудынхаа оюун санаа, хөгжил рүү чиглэсэн ажлууд хийнэ.

Жишээ нь: МЗХ 100 жилийнхээ ойн хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт зохиолч Л.Түдэв гуйан нэрэмжит Монголын хамгийн том Цахим номын сан болон залуучууд хөгжлийн Түдэв танхимыг холбоондоо нээнэ. Л.Түдэв агсан бол манай МЗХ-той салшгүй холбоотой хүн. МХЗЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, Хүүхэд, залуучуудын хэвлэлийн редакцийг удирдаж байсан. Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийг санаачлан гаргаж байсан энэ агуу хүний бүтээл, алдар гавъяаг залуучууддаа таниулан сурталчлах, тэдгээрээс суралцах, өвлүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

-100 жилийн түүхтэй байгууллагын хувьд олон улсын харилцаа, гадаад хамтын ажиллагаа яг одоо ямар түвшинд байгаа вэ?

-МЗХ-ны ерөнхийлөгч статусаараа Дэлхийн залуучуудын байгууллагын дэд ерөнхийлөгч байдаг. Төв Азийн анхны залуучуудын байгууллага гэдэг утгаараа Монголын залуучуудын байгууллагын гадаад харилцаа өргөн, идэвхтэй байсан.

Бид догдолдсон гадаад харилцаанд онцгойлон анхаарч, зорилго, чиглэл нэгтэй дэлхийн бүх орны залуучуудын байгууллагатай хамтын ажиллагаатай байхыг зорино. Өөрсдөө хөгждөг, бусдаас суралцдаг, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцдаг байна. Залуучууд хөгжинө гэдэг бол улс хөгжинө, цаашлаад дэлхий хөгжинө гэсэн үг. Тийм учраас хамтын ажиллагааг өргөжүүлж, санамж бичиг зурсан, тав арван хүн харилцан аялсан төдийгөөр дуусчихдаг биш тодорхой хийх ажлуудаа гэрээгээр баталгаажуулдаг, гэрээнийхээ биелэлт, үр дүнг гаргахын төлөө хөөцөлддөг байна.

-Залуучуудын эрүүл мэнд, боловсрол мэдээж анхаарал татсан асуудал. Холбооны зүгээс энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?

-Өсвөр үеийнхнийг хөдөлгөөний хомсдол, илүүдэл жингээс сэргийлж, архи, тамхи бусад хорт зуршлаас хол, эрүүл амьдралын дадал, хэв маягийг мөрдүүлж сургах нь насанд хүрсэн хойно нь асуудлыг шийдвэрлэхээс нийгмийн болоод эдийн засгийн хувьд илүү үр дүнтэй.

Боловсролын салбарт реформ хийх цаг болсон

-Бэлтгэгдсэн гарч буй боловсон хүчний чадамж хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогчдын шаардлагад нийцэхгүй байна. Тиймээс Монголын боловсролын салбарт реформ хийх цаг болсон. Эс бөгөөс Монгол Улс дэлхийн хөгжлөөс хоцорсоор байх болно. Залуучуудын ажил мэргэжлийн ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхийн тулд салбарын яамд, ажил олгогчид, их дээд сургуулиуд, МСҮТ-үүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Эдгээр асуудал дээр төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэнд боловсролын салбарынхныг манлайлан ажиллана. Монгол улс цаашдаа байгалийн баялагтаа найдаж биш залуучуудынхаа чадварт түшиглэж хөгжих ёстой гэж боддог. Байгалийн баялгаа түүхийгээр нь экспортлох биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлодог болохын тулд, залуучуудаа өндөр хөгжилтэй орнуудад хар ажил хийлгэхээр явуулах биш дэлхийн хэмжээний өндөр чадвартай боловсон хүчин болгохын тулд “Залуучуудаа АЛТ болгоё” хөтөлбөрийг МЗХ-оос санаачлан хэрэгжүүлнэ. Залуучуудаа өөрийнхөө, гэр бүлийнхээ, нийгмийнхээ, эх орныхоо, эх дэлхийнхээ хариуцлагатай эзэн нь байгаарай гэж хүсье. Дагаж биш дагуулж хөгжицгөөе.

Эх сурвалж. “Залуу үе” сэтгүүл

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг

Огноо:

,

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч А.Итгэлтээс мал хулгайлах гэмт хэргийн талаар ярилцлаа.

-Өвлийн улирал эхэлж, иргэд идшээ бэлдэж эхлэхээр мал хулгайлах гэмт хэрэг нэмэгддэг. Үүнээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа бэ?

-Мал хулгайлах гэмт хэрэг 9 дүгээр сараас  12 дугаар сарын хооронд үйлдэгдэг. Манай иргэд  өвлийн улиралд идшээ бэлдэж эхэлдэг учраас  үед мал хулгайлах гэмт хэрэг өсдөг. 2020 оноос эхэлж Цагдаагийн ерөнхий газар,  Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтарч мал хулгайлах  гэмт хэргийн урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж  байгаа. 

Энэ жилийн хувьд “Мал, мах 2025” арга хэмжээг 10 дугаар сарын 15-наас эхэлсэн. Цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнт болон байнгын постыг 132 цэг байршилд ажиллуулж байна. Нийтдээ  288 алба хаагчид 24 цагаар байнгын хяналтыг хийж байгаа. Мөн Олон нийтийн цагдаа, Эрүүгийн цагдаа  нартай хамтарч мал, мах худалдаалдаг төв, зах болон мал нядалгааны газруудад Мал эмнэлгийн газартай хамтарч байнгын хяналт шалгалтын явуулж байгаа. Одоо аймаг, нийслэл рүү ямар ч бүртгэлгүй мал, мах орж ирэх боломжгүй болсон. 2020 оноос эхэлж мал болон махны бичгийг цахим болгосон. Өмнө нь гарал үүслийн бичгийг малын эмч бичиг өгдөг байсан.

-Малын хулгайн гэмт хэрэг энэ оны байдлаар хэчнээн хэрэг бүртгэгдсэн бэ?

-2025 оны есдүгээр сарын байдлаар 376 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

-Өвлийн идэшний үеэр бод мал хулгайлах гэмт хэрэг  зонхилон гардаг  байх?

-Мал хулгайлах гэмт хэрэгт бог мал, бод мал гэж ялгахгүй гардаг. Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг. Иймээс малчид малдаа тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Мөн малчдын хувьд туслах малчин авахдаа ямар хүн авч байна гэдгээ сайн судлах хэрэгтэй. Туслах малчид  мал хулгайлах гэмт хэргийн хамтрагч нь болох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайн айлын мал нь хариулаг муутай, мал нь тарган гэх мэт мэдээллийг өгч байдаг. Ийм тохиолдлыг цагдаагийн байгууллага илрүүлж тогтоож байсан.

Мөн саахалт айлууд ямар хүмүүс байна гэдгээ маш судалж байх хэрэгтэй. Зуншлага муу байна гээд отор нүүдэл хийхдээ малчид нэг нэгнийхээ малын талаар мэдээлэл өгөх тохиолдол ч гардаг. Иймээс малчид сааталт айл болон туслах малчнаа сайн судалж, малын тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.

-Мал хулгайлах гэмт хэрэг аль аймаг хамгийн их гардаг бэ?

-Мал хулгайлах  гэмт хэрэг харилцан адилгүй байдаг. Хамгийн сүүлийн жишээгээр Сүхбаатар, Хэнтий аймагт 22 тооны үхэр алдагдсан тохиолдол бүртгэгдсэн. Бод малын хувьд хариулаг бага байдаг  учраас хулгайд алдагдах тохиолдол их гардаг. Малчид бэлчээрт байгаа бод малын эргэж тойрч, хардаг байх хэрэгтэй байна. Одоо үед мал хулгайлахдаа тууж явахгүйгээр машин тэргэнд дээр ачиж явдаг болсон.

-Өвлийн улирал эхлэхээр идэшнээс гадна өвс тэжээлтэй холбоотой залилангийн гэмт хэрэг нэлээдгүй гардаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Намраас өвлийн улиралд шилжих үед өвс тэжээлийн залилах гэмт хэрэг нэлээд бүртгэгдэг. Энэ оны эхний есөн сарын байдлаар 135 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэн. Мал, мах, өвс тэжээл авна гэдэг зарын дагуу иргэдийг залилах тохиолдол нэлээд гардаг.  Энэ жилийн хувьд баруун таван аймаг зуншлага муутай байгаа. Энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг өртөх эрсдэл их байна. Мөн өвс тэжээл бэлтгэж худалдаалдаг хүмүүсийн зар мэдээллийг ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэж байна. Иймээс иргэд мал, мах, өвс тэжээл худалдаж авах гэж байгаа бол маш сайн нягталж байж авахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Б.Сүхбаатар: “Модны памперс” нэг модны усалгааг 40–60 хувиар бууруулна

Огноо:

,

~2000 ширхэг модны усалгаанд жилд 700–800 тонн ус зарцуулна гэвэл “Модны памперс”-аар 300–400 тонноор бууруулах боломжтой~

Сүүлийн жилүүдэд манай улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилтийг бууруулах зорилгоор ногоон байгууламжаа нэмэх, мод тарих ажлыг эрчимтэй өрнүүлж буй. Хуурай хөрс, салхи, усны хомсдол зэрэг байгалийн нөхцөл нь шинээр ургаж буй мод, бутанд хамгийн том сорилт болдог. Тэр тусмаа монгол орны энэхүү хуурай, эрс тэс уур амьсгалд модыг тарихаас илүү, ургуулахын тулд ихээхэн сорилтыг давах шаардлагатай нүүр тулсаар байна. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх нэгэн гайхалтай технологийг монголд албан ёсоор нэвтрүүлээд байгаа аж. Энэ талаар “Green Iris” компанийн захирал Б.Сүхбаатартай бид ярилцлаа.

-Монгол орны хуурай, сэрүүн уур амьсгалд мод ургуулах нь амаргүй. Танай компани энэ асуудлыг шийдвэрлэх шинэ технологи нэвтрүүлж байгаа гэж сонслоо? 

-Тийм ээ, монгол орны газар нутгийн 77 хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа бий. Жилийн дундаж хур тунадас 250–300 мм, салхи ихтэй, хөрсний элэгдэлд өртөмтгий учраас мод тарихад хэцүү бүс нутагт тооцогддог. 

Харин бид ийм нөхцөлд мод ургуулах шинэ арга технологийг эрэлхийлж, бусад орны туршлагаас судалсны үр дүнд “TreePampers”-ийг монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж байна. 

Шинээр суулгаж буй мод, бут сөөгийн үндэс орчимд үүнийг ашигладаг бөгөөд энэ технологи модны суулгацдаа удаан хугацаанд чийг өгч, шаардлагатай шим тэжээлээр хангадаг. 

Ийм технологийг нэвтрүүлснээр монголын говь болон цөлөрхөг бүс нутаг зэрэг мод ургах нөхцөлгүй газруудад хүртэл амжилттай ургуулах боломжтой болж байна. 

–Монголтой ижил хуурай, цөлөрхөг уур амьсгалтай орнуудад энэ технологийг туршиж үзсэн байх?

-Хятад, Энэтхэг, Төвөд зэрэг уур амьсгалын эрс тэс нөхцөлтэй бүсэд туршиж, үр дүн нь 90 хувьтай гарсан байдаг. Тухайлбал, “Дэлхийн гурав дахь туйл” хэмээгддэг хүчилтөрөгч бага, далайн түвшнээс дээш 5013 метрийн өндөрт байрлах Төвөдийн өндөрлөгт TreePampers-ийг ашиглан амжилттай мод ургуулсан жишээ бий. 

Төвөдийн хөрс шим тэжээл багатай, хатуулаг чанар их байдгаас хэр барагтай мод, ургамал ургах нь бага. Харин TreePampers-ийн ус хадгалах, аажмаар ялгаруулах технологи модны үндсийг ургахад дэмжлэг үзүүлж, хөрсний чийгийг 100 хоногийн дараа ч 50-аас дээш хувьтай хадгалсан байсан. 

-Тэгвэл Монголын нөхцөлд туршиж, амжилттай болсон жишээ бий юу? 

Бид нэг жилийн турш Улаанбаатар, Увс, Өмнөговь, ялангуяа говийн шаварлаг хөрстэй бүсэд TreePampers®-ийг ашиглан туршилт судалгаа хийсэн. Үр дүнд нь энэ технологиор ургуулсан модны амьдрах чадвар 85–90 хувьтай байсан бол энгийн аргаар тарьсан модны амьд үлдэх хувь 40–50 хувь байсан нь батлагдсан. 

Хамгийн сонирхолтой нь, говийн элсэрхэг хөрсөнд суулгасан модыг 100 хоногийн дараа дахин үзэхэд хөрс чийгтэй хэвээр байсан бол хар шороон хөрсөнд бичил биетний идэвхжил дөрөв дахин өссөн нь сайн үр дүнг харуулсан. 

Манай улс газар зүйн болон уур амьсгалын хувьд өндөрлөг, хуурай, салхи ихтэй тул Төвөдтэй олон талаараа төстэй бөгөөд энэ технологи манай орны нөхцөлд тохирох нь олон жишээгээр батлагдаж байна.

– Усны хомсдол бол монголд мод ургуулахад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэг. Энэ асуудлыг шийдэхэд TreePampers ямар үр нөлөө үзүүлж байна вэ?

-Манай оронд модыг услахад ашигладаг усны ихэнх нь гүний эх үүсвэрээс гардаг. Гэвч гүний усны сэргээгдэх хугацаа урт байдгаас гадна, шинээр худаг гаргах нь өндөр өртөгтэй байдаг. Түүнчлэн ус бол хязгаартай нөөцтэй байгалийн баялаг. Ийм нөхцөлд бидэнд усны менежментийн ухаалаг шийдэл зайлшгүй хэрэгтэй. 

TreePampers-ыг ашигласнаар нэг модны усалгаанд зарцуулах усны хэмжээг дунджаар 40–60 хувиар бууруулах боломжтой. Жишээ нь, нэг га талбайд 2000 мод суулгалаа гэж бодоход усалгаанд жилд ойролцоогоор 700–800 тонн ус зарцуулна. Тэгвэл манай технологийг ашигласнаар энэ хэмжээ 300–400 тонн хүртэл буурах боломжтой. 

Өөрөөр TreePampers-ийг усыг үр ашигтайгаар ашиглах систем гэхэд болно. Учир нь хөрсөнд шингэж алга болохгүй, ууршихгүй, харин шаардлагатай үед модыг чийгээр хангаж, давхар бордоо болох юм. Тэгэхээр сүүлийн жилүүдэд нүүрлээд буй ган гачигтэй үед ч модыг ургуулах боломжтой гэсэн үг. 

-Модыг их усаар услах тусам сайн гэх ойлголт олон нийтийн дунд бий шүү дээ. Энэ яг зөв усалгаа болж чадах уу? 

-Модыг суулгасны дараах эхний усалгаа нь үндэс орчмын хөрсийг чийгтэй болгож, агаарыг шахах зорилготой байдаг. Энэ үед нэг модонд 20–30 орчим литр ус (модны хэмжээ, хөрсний төрөл, улирлаас шалтгаална) өгөхөд хангалттай байдаг. Мэдээж хэт их усалж хөрс шавхайтвал, агааргүй орчин үүсэж үндэс “амьсгалж” чадахгүй, ялзрах аюултай. Иймээс модыг амжилттай ургуулъя гэвэл чийгийг тогтвортой байлгах нь хамгийн оновчтой. Үүнд л TreePampers шиг ухаалаг чийг хадгалах технологи туслах юм.

Өөрөөр хэлбэл, энэ технологи модыг их усаар биш, зөв цагт, зөв хэмжээгээр услахад тусална. 

Жишээ нь: Хүн нэг дор 20 литр ус уугаад 30 хоног дахин ус уухгүйгээр амьдрах боломжгүй. Харин тэр 20 литр усаа саванд хадгалж, хэрэгтэй үедээ бага багаар уувал 30 хоногийг давж бүрэн чадна.

TreePampers® яг үүнтэй адил зарчмаар ажилладаг. Энэ нь модны үндсэнд усыг хадгалж, чийг хэрэгтэй үед тохирох хэмжээгээр аажмаар нийлүүлдэг. Харин бусад үед гадагш чийгээ алдалгүй хамгаалдаг тул усны хангамжийг урт хугацаанд тогтвортой байлгадаг. 

-TreePampers ямар бүтэцтэй вэ?

-Энэ бол 100 хувь органик гаралтай, байгальд бүрэн задрах бүтэцтэй технологи. Үндсэн найрлагадаа  ургамлын гаралтай целлюлоз, байгалийн давирхай, био бордоо, бичил биетийн өсгөвөр зэргийг багтаасан байдаг. Энэ утгаараа химийн хорт бодис агуулаагүй, хөрсний бүтцэд сөрөг нөлөөгүй гэсэн үг юм. 

Гадна давхарга нь ус хурдан нэвчин орж буцаж урсахгүйгээр цөмдөө хадгалж, үндэс ургах нөхцөлийг дэмжиж, суурилуулалтын явцад хэлбэр бүтэн байдлаа хадгалдаг материалтай. Дотор давхарга болох BioBoost бичил биетний хальс нь полисахарид, органик болон амин хүчлүүдийг агуулсан, нүүрстөрөгчөөр баялаг найрлагатай бөгөөд энэ нь хөрсний бичил биетнийг тэжээж, тэдний үйл ажиллагааг идэвхжүүлснээр шим тэжээлийн эргэлтийн системийг дэмждэг. Өөрөөр хэлбэл TreePampers® нь усны хомсдолтой, цөлжилт болон хуурайшилт ихтэй бүс нутагт модны ургалтыг дэмжиж, хөрсний бүтцийг сайжруулан шим тэжээлийн эргэлтийг идэвхжүүлдэг ухаалаг, тогтвортой шийдэл юм.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Э.Чинзориг: ААН, байгууллага ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлэх үүрэгтэй

Огноо:

,

Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд зам талбайд 51 тонн давс, 17 тонн бодис цацаад байна. 

Сүхбаатар дүүргийн менежер Э.Чинзориг “Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын 132 албан хаагч, 96 гар техник, 10 хүнд даацын машинаар цэвэрлэж байна. Дүүргийн хэмжээнд 500 тонн давс, 500 тонн бодисыг нөөцөлсөн.Цаашид 200 тонн бодис, давс худалдан авахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил зам талбайн том техник дөрөв, жижиг техник зургаа, нийт 10 шинэ техникээр манай дүүрэгт шинэчлэл хийж өгсөн. Хуучин 22 техник давхар ажиллаж байна. Зуслангийн бүсэд найман мм хэмжээтэй цас орсон. ААН-үүд орчны 50 метрээ цэвэрлэх үүрэгтэй. Иймээс ААН-үүд үүргээ биелүүлж, иргэдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлээсэй гэж хүсэж байна” гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ23 цаг 36 минут

Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуул...

Улстөр нийгэм23 цаг 39 минут

ТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав да...

Улстөр нийгэм23 цаг 42 минут

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ...

Цаг үе23 цаг 45 минут

Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж то...

Цаг үе23 цаг 48 минут

Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуул...

Цаг үе23 цаг 54 минут

Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруул...

Цаг үе23 цаг 56 минут

Яармаг орчмын айл өрхийн хэрэглээний усыг хэсэгчлэн хязгаарлаж, бохи...

Цаг үе1 өдөр.өмнө

Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна...

Цаг үе1 өдөр.өмнө

Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалт...

Улстөр нийгэм1 өдөр.өмнө

"Ган үзэг 2025" оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

Санал болгох