Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

С.Төмөрдулам: Стандартын шаардлагад нийцэхгүй хашаа, хайсын судалгаа хийнэ

Огноо:

,

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар нь Улаанбаатарыг дэлхийн жишиг, хөгжилд хүрсэн хот болгохоор зорьж, стандартын баримт бичиг боловсруулдаг. Тус газрын дарга С.Төмөрдуламаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай газраас сүүлийн үед ямар ажил хийж байна вэ?

-Гуравдугаар сарын 19-нд болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдийн амьдрах орчныг сайжруулахтай холбоотой үүрэг, чиглэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгсөн. Нийслэлийн  есөн дүүрэгт Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн зүгээс барилгын гадна хашааны стандартыг мөрдүүлэх, орчны аюулгүй байдал, явган зорчигчийн зорчих хэсгийн хүртээмж, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах, эзэмшил газраасаа илүү талбайг хашаалсан зөрчлийг арилгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг хаасан объектын судалгаа гаргаж, орц, гарцыг чөлөөлөх зэргээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байгаа. Энэ ажил хоёр сарын хугацаанд системтэйгээр үргэлжилнэ. Газар дээр нь очиж, судалгаа хийнэ. Судалгаагаа нэгтгэн, буулгах шаардлагатай стандартын шаардлагад нийцэхгүй байгаа хашаа, хайсыг тодорхойлно.

-Монгол Улсад хэдэн стандарт байдаг вэ?

-Монгол Улсад 6390 гаруй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт бий. Тухайлбал, сургууль, онцгой объект,  эмнэлэг гэх мэт 20 байгууллага л хашаатай байх ёстой. Хашаагаа яаж суурилуулах нь хүртэл стандарттай. Стандартын баримт, бичгийг мөрдөж байж аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Улаанбаатар хотод төрийн болон хувийн 275 сургууль байна. Үүнээс сургууль, цэцэрлэгийн гадна орчинд баримтлах стандартын 47 шалгуур үзүүлэлт хангасан буюу сагсны талбай, хогийн сав гэх мэт бүрдлийг хангасан сургууль цөөн байна. Нийслэлийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө “Нийгмийн дэд бүтцийн стандартыг хөгжүүлнэ” гэдэг зорилт тавьсан. Хороо, эмнэлгийн гадна орчин ямар байх ёстой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам, шатыг хэрхэн хийх зэрэг нь цогцоороо хотын стандартын баримт бичигт тусгагдсан байгаа.

-Өнгөрсөн жил тоглоомын талбайд хүүхэд бэртсэн хэд хэдэн осол гарсан. Тоглоомын талбайнууд стандартын шаардлага хэр хангаж байгаа вэ?

-1637 гаруй тоглоомын талбайд судалгаа хийсэн. 930 гаруй тоглоомын талбай шаардлага хангахгүй байна. Шаардлага гэж стандартын баримт бичигт тусгасан шалгууруудыг хэлээд байгаа юм. Бид хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад чиглэсэн баримт бичгүүдийг боловсруулж байна. 22 бүлгийн 97 баримт бичгийг төр, хувийн байгууллагууд болон иргэдэд ойлгуулах чиглэлээр ажиллаж байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нэмэгдүүлэхээр ажлын хэсгүүд есөн дүүрэгт ажиллаж байна. Хэсгийн ахлагч нар орчны аюултай байдалд нөлөөлсөн зөрчлүүдийг www.manaikhoroo.mn  сайтад оруулдаг. Энэ сайтад явган хүний замын 471 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ тоо цаашид ч өснө. Улаанбаатар хотын түгжрэлд ч мөн явган хүний замын зөрчил нөлөөлж байна. Бид ажлаа Нийслэлийн Засаг даргад долоо хоног бүр тайлагнаж, 2021 оны зургадугаар сарын 1-н гэхэд ажлаа бүрэн дуусгана. 

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Үзэл бодол

Зудын эрсдэл, нөлөөллөөс хүүхэд багачуудаа хамтдаа хамгаалцгаая

Огноо:

,

НҮБ-ын Хүүхдийн Сангийн баг цас зудын байдалтай байгаа баруун аймгийн зарим сумдад ажиллаж нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь тодорхой дэмжлэг үзүүллээ.

Аймаг, орон нутгийн захиргаа, малчид хамтран өвөлжилтийн бэлтгэл хангасан хэдий ч энэ өвөл урьд жилүүдээс илүү хүйтэрсэн, зун ногооны гарц муу гантай байсантай холбоотойгоор өвөлжилт хүндрэхэд нөлөөлсөн тухай малчид ярьж байна.

Зудад өртсөн малчдад эрүүл мэнд болон нийгмийн суурь тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд машин техник, бензин түлш, эм, өвс тэжээл зайлшгүй хэрэгтэй байна.

Ялангуяа малчдын хүүхдүүдэд дулаан гутал хувцас, эм витамин хэрэгцээтэй байгаагаас гадна зам цасанд хаагдаж алслагдсан бүс нутгийн сурагчид сургуульдаа ирж чадахгүй улмаар хичээл, цэцэрлэгээсээ завсардах эрсдэлтэй байна.

НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтрагч байгууллагууд болон иргэд олон нийтийг зудад өртсөн айл өрх, хүүхдүүдэд хамтдаа туслалцаа үзүүлэхийг уриалж байна.

 

Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын хамтран зохион байгуулж байгаа “Амар байна уу 2023” сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаагаар зочлон, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа.

“Амар байна уу 2023” сар шинийн баярт зориулсан үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа нь "Гадаадаас гарын бэлэг авахгүй Үндэсний үнэнч хэрэглэгчийг бий болгоё" уриатайгаар 21 аймаг, есөн дүүргийн 1000 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн 40 орчим мянган төрлийн бүтээгдэхүүнийг  “Шинэ 100 Айл” худалдааны төвд дэлгээд байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдэд хандан уриалга дэвшүүллээ. Тэрбээр "Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон аж ахуй нэгж, иргэдийн сэтгэл шингэсэн ажил хөдөлмөрийг үнэлэн нийт Монголчууд маань эх оронч худалдан авалтыг хийж, аймгуудын брэнд бүтээгдэхүүнийг бие биедээ бэлэглэцгээе ээ. Бид уламжлалт цагаан сарын баяраар 1.3 их наяд төгрөгийн худалдан авалт жил бүр хийдэг. Үүний  70 гаруй хувь буюу нэг их наяд төгрөгийн  мөнгөн урсгалыг гадагшаа гаргадаг. Энэ  мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх үүднээс сар шинийн баяраар дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжицгээе" хэмээлээ.

Уг үзэсгэлэн худалдаа 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 20-ныг дуустал зохион байгуулагдана. Ташрамд дурдахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ дэмжиж “Шинэ 100 айл” худалдааны төв түрээсийн төлбөргүйгээр энэхүү үзэсгэлэнг худалдааг дэмжин оролцсон байна хэмээн УИХ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Төрийн банк “Хүндэтгэлийн аян-2023”-аа зарлаж байна

Огноо:

,

Монгол Улсын өнцөг булан бүрт 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны цогц үйлчилгээг үзүүлдэг Төрийн банк нь 10 дахь жилдээ нийт ахмад харилцагчиддаа зориулан “Хүндэтгэлийн аян”-аа зарлаж байна. Энэ удаагийн “Хүндэтгэлийн аян”-аар Төрийн банкны хамгийн өндөр настай 93 ахмад харилцагчиддаа хүндэтгэл үзүүлж сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардуулна.

Мөн 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд Төрийн банканд шинээр хадгаламж нээлгэсэн, хадгаламжиндаа орлого нэмсэн, шинээр тэтгэвэрийн данс болон карт нээлгэсэн мөн тэтгэвэрийн зээл авсан ахмадуудын дунд урамшуулалт аян зарлаж нийт 37 харилцагч ахмадуудаа урамшуулахаар болжээ.

Аяны урамшуулалд:

  • 31 харилцагчийг “Эрүүл иргэн” хадгаламжийн алтан багцыг 100,000 төгрөгөөр нээлгэх эрх
  • Гурван харилцагчийг “Эрүүл иргэн” хадгаламжийн 400,000 төгрөгийн багцтай оношилгоонд хамрагдах эрх
  • Гурван харилцагчийг 1,000,000 төгрөгийн хадгаламжийн эрхээр тус тус урамшуулна.

“Хүндэтгэлийн аян-2023” аяны урамшууллын эздийг 2023 оны хоёрдугар сарын 19-ний өдөр Төрийн банкны State Bank of Mongolia (Төрийн банк) фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.

Эрхэм харилцагч Та бүхэн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилдээ Эвийг хичээж, сайныг бэлгэдэн, сайхан шинэлээрэй!

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох