Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засгийн газар Хөшигийн хөндийд "Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс" байгуулах шийдвэрийг гаргана

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар энэ сарын 10-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд ажиллав.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулж буй шуурхай удирдлагын баг, ажлын хэсгийн гишүүдийн ажлын явцын мэдээлэл, гүйцэтгэлийн ажлын төлөвлөгөөг сонсож, үйл ажиллагааны бэлтгэл хангаж буй явц, Богдхан төмөр замын трасс тогтох, автозамын сүлжээ үүсгэх төлөвлөгөөний зураг төсөлтэй газар дээр нь танилцлаа.

Чингис хаан ОУНБ-ын үйл ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хоцроохгүй, гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу тогтсон хугацаандаа нээж, хэвийн горимд шилжүүлэхийг Ерөнхий сайд анхаарууллаа. 

Нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн бүлэг, 141 ажил төлөвлөсөн бөгөөд 85.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Буянт-Ухаа нисэх буудлаас техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж болон бусад зүйлсийг нүүлгэх ажлыг энэ сарын 15-наас 07 дугаар сарын 01-ний дотор хийж дуусган, Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар Чингис хаан ОУНБ-ын үйл ажиллагаа албан ёсоор эхлэх юм.

Чингис хаан ОУНБ ашиглалтад орсноор хөдөлгөөний эрчим нэмэгдэж, ачаа тээврийн эргэлт огцом өснө. Иймд нэгдсэн төлөвлөлтөөр Хөшигийн хөндий орчмыг тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээ бүхий Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаагаа Л.Оюун-Эрдэнэ сайд онцоллоо.

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй  Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулан тус нисэх буудал орчим,  Хөшигийн хөндийд байгуулах эдийн засгийн хөгжлийн энэхүү тулгуур төвийн төлөвлөлтийг хийх ёстой. Үүнд хот тойрсон хурдны замтай,  баруун, зүүн бүсийн аймгуудаас ирэх гол замуудыг Хөшигийн хөндий рүү холбох, төмөр замаар ирэх ачаа тээврийн ачиж, буулгах зангилаа, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээг бий болгох, дэд бүтэц, цахилгаан, дулааны эх үүсвэр барих, ажилтан албан хаагчдын амьдрах орон сууцны цогцолбор хороолол байгуулах, орон нутгийн оршин суугчдын ая тухыг бодолцох гээд холбогдох асуудлуудыг цогцоор нь төлөвлөн багтаах юм.

Нисэх буудал нээгдэхтэй зэрэгцээд шаардлагатай эрх зүйн зохицуулалтуудыг УИХ болон Засгийн газраас яаравчлан гаргуулж, бэлтгэл хангахын  төлөө ажиллах хэрэгтэй байна гэдгийг холбогдох сайд нарт сануулсан.

Төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хот, Шинэ Зуунмод, Майдар хотуудын нэгдсэн төлөвлөлт, Хөшигийн хөндий орчмын эдийн засгийн хөгжлийн бүс байгуулах төлөвлөлтийг эцэслэн гаргаж ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг Барилга хот байгуулалтын сайдад үүрэг болгов.

Зам тээврийн хөгжлийн сайдад Богдхан төмөр замын трассыг эцэслэн батлуулж, шаардагдах геологи хайгуулын ажлыг яаравчлан, санхүүжилтыг шийдвэрлүүлэн, барилга угсралтын ажлыг 07 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө эхлүүлэхийг үүрэг болгосон.

Богдхан төмөр зам баригдсанаар орон нутгаас орж ирж буй ачаа тээврийн авто машинууд нийслэл дундуур явахгүйгээр шууд Хөшигийн хөндий дэх төмөр замын ачаа тээврийн агуулахаас бараагаа шилжүүлэн ачиж, тээвэрлэлтээ цааш үргэлжлүүлэх боломжтой болно. Мөн энэ ачаа эргэлтийг даган томоохон худалдааны төвүүд Хөшигийн хөндийд шилжин байрших, хүнд даацын автомашинууд хотын автозамын хөдөлгөөнд оролцож түгжрэл үүсгэхгүй болох зэрэг олон эерэг үр дүн гарахаар тооцож байна.

Төв аймгийн нутаг дэвсгэрт хийхээр төлөвлөж буй энэхүү бүтээн байгуулалтад хувийн хэвшлийнхний дэмжлэг оролцоог ханган нягт хамтран ажиллана. Гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагууд болон Чингис хаан ОУНБ-ын төслийг амжилттай хэрэгжүүлсэн Япон Улсын Засгийн газар, компани аж ахуй нэгжүүдтэй давуу эрх олгон хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэдгээ уулзалтын үеэр Ерөнхий сайд цохон тэмдэглээд талархал илэрхийлэв.

Эдийн засгийн хөгжлийн чөлөөт бүс байгуулах тухай Засгийн газрын бодлогынхоо талаар Төв аймгийн иргэдэд биечлэн танилцуулж, тэдний саналыг сонсож, уулзалт хийнэ гэдгээ Богдхан төмөр замын трассын төлөвлөлттэй газар дээр нь танилцах явцдаа аймгийн удирдлагуудад хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ЗХШТ-т ажиллав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр (2024.07.25) Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллав.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг ЗХЖШ-т хүрэлцэн ирэхэд Төрийн хүндэт харуул жагсаж, хүндэтгэн угтсан юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод ЗХЖШ-ын удирдлага, төрлийн цэргийн командлагч нарыг танилцуулсан ба Даргын зөвлөлийн хуралдааны танхимд Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

Дараа нь Батлан хамгаалахын сайд, албаны бүрэлдэхүүний хамт Зэвсэгт хүчний нэгдсэн ажиллагааны төвийн үйл ажиллагаатай нь танилцсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хасбаатарын гудамжны авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ

Огноо:

,

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34 дүгээр хороо, Хасбаатарын гудамж /Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны долоодугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж засварлана.

Тус ажлын хүрээнд: Инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Нийслэлийн Замын хөгжлийн газар

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНСУ-ын Сөүл хотын Халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун болон Сөүл хотын халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд нийгмийн халамжийн чиглэлээр тус хотын холбогдох байгууллагуудтай харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм.   

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Нийслэл хотод халамж асрамжийн 17 байгууллагын 25 төв, 17 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Төрийн албаны хэрэгцээ шаардлагад тулгуурлан эрэлтэд нийцсэн, ур чадвартай төрийн албан хаагчийн хүний нөөцийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд албан хаагчдаа чадавхижуулах, харилцан туршлага солилцох, гадаад улсад суралцуулах, туршлага судлуулахыг зорин ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, ахмад настны төрөлжсөн асрамжийн төвийг байгуулах, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд харилцан туршлага солилцон ажиллахад таатай байна” хэмээв. 

БНСУ-ын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар хамтран ажиллаж, туршлага солилцохдоо таатай байх болно гэдгээ илэрхийллээ.

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох