Цаг үе
Иргэдийн санал хүсэлтийг нээлттэй, ил тод шийдвэрлэх UB Еngineering системийг хөгжүүлж байна

Хот, нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт удирдлагын UB Engineering системийн сургалт үргэлжилж байна. Тус цогц системийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд санаачлан, Нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж эхлэхээр Ажлын хэсэг гаргасан юм. Тэгвэл UB Engineering цогц системийг хэрэглээнд нэвтрүүлэх хүрээнд эхний ээлжид нийслэлийн засаг захиргааны 35 байгууллагын 130 орчим инженер, техникийн алба хаагчдад системийн танилцуулга сургалтыг явуулж байна.
Улаанбаатар хотын инженерийн хангамжийн зарим байгууллага мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлж, байгууллагынхаа үйл ажиллагаанд мэдээллийн сангийн дэвшилтэт технологийг ашиглаж байгаа хэдий ч нэгдсэн зохион байгуулалтгүй байдаг. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт хийж буй тохижилт, бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн ажлууд уялдаа холбоогүй болоход нөлөөлдөг. Мөн улс, нийслэлийн өмч, хөрөнгө үнэгүйдэх, ажил удаашрах, иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл, чирэгдэл учруулах, төрийн байгууллагаас үзүүлэх ажлын үнэлэмж буурах зэрэг асуудал үүссээр байна. Харин UB Engineering цогц системийг бий болгосноор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон бусад есөн чиглэлийн 507 байгууллага, 1245 СӨХ-ны 16 мянган инженер, техникийн ажилтан, алба хаагчдыг хамруулан, нэгдсэн удирдлагаар хангах юм. Ингэснээр хот нийтийн аж ахуйн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах сувгийг нээлттэй, хүртээмжтэй, ил тод болгох давуу талтай юм.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Балдандорж “UB Engineering цогц системийн тусламжтайгаар төрийн байгууллагууд хоорондоо нэгдэж, уялдаа холбоотой ажилласнаар иргэд болоод аж ахуй нэгжид аливаа хүнд суртал үүсгэхгүй, мэдээллийг хурдан шуурхай, хүртээмжтэй, ил тод солилцох боломжийг үүсгэх юм. Гол нь цахимаар асуудлаа хэлэлцдэг, ил тод шийдвэрлэдэг байх нь чухал” хэмээн онцолж байлаа.
UB Engineering цогц системийг энэ ондоо нийслэлийн дотоод хэрэгцээнд туршилтын журмаар хэрэглэх бөгөөд 2022 оны нэгдүгээр сараас эхлэн олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар ашиглахаар төлөвлөж байна. Тус систем нэвтэрснээр иргэд хотын нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний талаар санал хүсэлт, өргөдөл гомдлыг цаг тухай бүрд нь системээрээ дамжуулан хүргэх боломжтой. Иргэдийн илгээсэн санал хүсэлтийг системд бүртгэлтэй нийслэлийн 1800 орчим төрийн болон хувийн байгууллага шууд хүлээн авч, хариуцсан холбогдох албаныхан нь цаг алдалгүй шийдвэрлэх, эргэн тайлагнах боломж үүсэх юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Цаг үе
Татварын хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ III улиралд багтаан илгээгээрэй
Та хялбаршуулсан горим ашигласнаар жилдээ нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогын 1 хувиар татвар төлнө.
Өмнөх татварын жилийн тайлангаар баталгаажсан борлуулалтын нийт орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс бага бол тухайн албан татвар төлөгч тухайн татварын жилийн 3 дугаар улиралд багтаан хүсэлт гаргасныг харьяалах татварын алба бүртгэж авсан тохиолдолд дараагийн татварын жилээс эхлэн тухайн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. Татварын хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд холбогдсон байна.
Дараах албан татвар төлөгч ААНОАТ-ын тухай хуулийн 29.1-д заасан хүсэлт гаргахгүй:
1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгүүлсэн албан татвар төлөгч;
2.Доор дурдсан үйл ажиллагаа эрхэлдэг албан татвар төлөгч:
- ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах;
- согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох;
- тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох;
- газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах.
Хялбаршуулсан горимд бүртгэх
Хуульд заасан шаардлагыг хангасан татвар төлөгчийн цахимаар ирүүлсэн хүсэлтийг харьяалах татварын албаны татварын улсын байцаагч хянаж, хүлээн авснаар хялбаршуулсан горимд шилжүүлнэ. Хувь хүний орлогын албан татварын хялбаршуулсан тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.
Хялбаршуулсан горимоос гарах
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болсон өдөр /Үйл ажиллагааны орлогын дүн 50 сая төгрөгт хүрч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх үүрэг үүссэн бол/
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.3.2-т заасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс.
Хялбаршуулсан горим ашиглан тайлагнах орлогыг тодорхойлох
- Татвар төлөгч нь хялбаршуулсан горим ашиглан тайлан гаргаж байгаа тохиолдолд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 29.9-д зааснаар үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж 1 хувийн албан татвар ногдуулна.
- Хялбаршуулсан горим ашиглах албан татвар төлөгч нь бараа борлуулах, үйлчилгээ үзүүлэх тухай бүрдээ цахим төлбөрийн баримтыг олгоно.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчийн
- бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;
- төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны үйл ажиллагаанаас олсон орлого;
- техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлого;
- үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;
- дээрхтэй адилтгах бусад орлогын нийт дүнгээр тодорхойлно.
Сэтгэгдэл