Үзэл бодол
Монгол Улсын Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ноён хурлын дарга аа,
Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,
Хүндэт төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлыг зохион байгуулж буй Британийн Засгийн газарт чин сэтгэлийн халуун баяр хүргэж, бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэж байгааг минь хүлээн авна уу.
Парисын хэлэлцээрээр тохирсон 2050 онд хүрэх зорилтоо биелүүлэхэд улс орон бүр хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ эргэн харж, зоримог шийдвэртэй нэгдсэн цогц бодлого гарган хамтдаа тэмцэх шаардлагатай болж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.
Мөн түүнчлэн хүн төрөлхтөн КОВИД-19 цар тахалтай нүүр тулж буй энэ цаг үе бидэнд байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, ногоон хөгжлийг эрчимжүүлэх зоримог, шийдвэртэй алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг сануулж байна.

Хурлын дарга аа,
Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орнуудын нэг болох Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө бүх боломж нөхцөлөө дайчлан ажиллах болно гэдгээ дахин нотолж байна.
Монгол Улс “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар ахиулан тодорхойллоо.
Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байгааг энэхүү дээд түвшний уулзалтын индэр дээрээс дуулгахад таатай байна.
Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний харилцан холболтыг хөгжүүлэх нь чухал үүрэгтэй.
Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цаашлаад Зүүн хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээ санаачилгыг дэмжиж байгаа билээ. Энэ хүрээнд говийн бүсийн нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан томоохон эрчим хүчний цогцолбор байгуулахаар бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.
Манай улс СОР-26 дээд хэмжээний уулзалтыг угтаж, нийслэл Улаанбаатар хотноо хоёр долоо хоногийн өмнө “Монгол Улс-Ногоон хөгжил” сэдэвт олон улсын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулсан гэдгээ Та бүхэнд дуулгахад таатай байна.
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.
Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг хөрөнгө, санхүүг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршгийг бууруулахад зориулж байхаар шийдвэрлэж байна.
“Амьдралын эх ус, усны эх мод” гэж манай ард түмэн ярьдаг. Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг соёл уламжлалын нэгэн илрэл болох тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилга хэрэгжсэнээр Ази тив төдийгүй Америк тив хүрч байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж байгаа шар шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Эрхэм хурлын дарга аа,
Эцэст нь хэлэхэд бага, дунд орлоготой орнуудад чиглэсэн уур, амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь зориулсан хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд бүс нутаг болон олон улсын нягт хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй болохыг цохон тэмдэглэж байна.
Дэлхий нийтийн бүх цаг үеийн хамгийн том асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эх байгальдаа хариуцлагатай хандан үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгоо биелүүлэхэд гагцхүү та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл нэн чухал юм.
Энэхүү үйл хэргийн төлөө дэлхийн улс түмнүүд хүчээ нэгтгэх цаг болжээ.
Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Улстөр нийгэм2024/11/21
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х...
-
Цаг үе2019/10/08
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
-
Шударга мэдээ2025/07/03
Засгийн газрын агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн чиг үүрэг, бүт...
-
Улстөр нийгэм2026/04/29
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо
