Улстөр нийгэм
Хотын дарга түгжрэл бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр түгжрэлийг бууруулах есөн бүлэг ажлаа Засгийн газарт танилцуулж, энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ:
-Монгол Улсын Засгийн газар нийслэл Улаанбаатар хотын түгжрэлд зарцуулах 420 тэрбум төгрөгийн задаргааг хэлэлцлээ. Төслүүдийн талаар, тэдний хэрэгжих хугацаа, ямар төслүүдээр эхлүүлэх зэргийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн гол тушаа болж байсан зүйл бол эрх зүйн түгжигдмэл байдал. Үүнээс болж Улаанбаатар хотын эдийн засгийн тэлэлт, авах арга хэмжээнүүд төдийлөн оновчтой байгаагүй. Сүүлийн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг сууриар нь залруулах бодлогыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд эхлүүлсэн. 2020 оны арванхоёрдугаар сарын сүүлд нийслэл Улаанбаатар хотын гол хуулийн нэг болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсан. Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын төсвийн шуудын орлого 420 тэрбум төгрөгийг хотын хөрөнгө оруулалт хэлбэрээр үлдээх түүхэн шийдвэрийг анх удаа гаргалаа. Тиймээс би Нийслэлийн Засаг даргын хувьд Улаанбаатар хотын эдийн засгийн шинэ үүд хаалга нээгдэж, 2022 оны нэгдүгээр сараас нэн шинэ бодлогоор хөгжиж эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.
Өнөөдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд 2022-2024 онд үе шаттайгаар хийж, хэрэгжүүлэх нийт есөн бүлэг ажлыг танилцуулсан. Үүнд: Нэгдүгээрт, авто замын сүлжээн дэх гудамж, замуудыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Зарим дутуу ажлууд байна. Түүнийг гүйцээж, зургаан байршилд 21.5 км авто замыг өргөтгөж барих ажлыг 2022 онд хийнэ. Энэ бол түгжрэлийг бууруулах гол төслүүдийн нэг. 420 тэрбум төгрөгийг тухайн жилийн хийгдэх ажлын 28 хувь гэж тооцсон.
Хоёрдугаарт, газар чөлөөлөлттэй холбоотой асуудлууд байна. Улаанбаатар хотод газар чөлөөлнө гэдэг хамгийн хүнд асуудлын нэг. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутагдалтай учир Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил уддаг, хойшилдог. Гадаадын эх үүсвэрээр ажил хийхэд мөн л хойшилдог. Учир нь газар чөлөөлөлтийн асуудал ярвигтай. Хувь хүний өмч, эзэмшилтэй холбогддог. Иймд санхүүгийн эх үүсвэр болох Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран Улаанбаатар хотын авто замын тогтвортой хөгжил, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 499 нэгж талбар буюу нийт газар чөлөөлөлтийн зардал буюу 169.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Газар чөлөөлөлтийн зардал эх үүсвэрийн 13 хувьтай тэнцэж байгаа.
Гуравдугаарт, хотын түгжрэл ихтэй бүс болох Бага тойрууд төлбөртэй гарааш хийх ажлыг төлөвлөсөн. Үүнд 13.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь төсөвт өртгийн нэг хувьтай тэнцэж буй.
Дөрөвдүгээрт, авто замын түгжрэл үүсэхэд нөлөөлж байгаа томоохон шалтгааны нэг бол уулзварын нэвтрэх чадамжийн асуудал. Тиймээс уг харилцан адилгүй, тэнцвэргүй байдлыг зохицуулах үүднээс Улаанбаатар хотын 30 байршилд дахин авто замын инженерчлэл хийхээр 30 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ нь нийт төсөвт өртгийн хоёр хувьтай тэнцэж байна.
Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх, зам тээврийн хөдөлгөөний нэгдсэн системд оруулах зайлшгүй шаардлага байна. Тиймээс Улаанбаатар хотод ухаалаг удирдлагын нэгдсэн системийн зохицуулалтыг хийх үүднээс “RFID” системийг үргэлжлүүлж хийхээр төсөлд оруулж ирсэн. Уг системийг хэрэгжүүлснээр автомашиныг бүртгэх, төлбөртэй зогсоолуудад холболтууд хийх зэрэг ажлууд төлөвлөсөн. Энэ төслийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд явж байгаа төслүүдтэй уялдуулахаар ярьсан. Тиймээс бид энэ төсөлд 43.2 тэрбум төгрөг буюу нийт өртгийн гурван хувийг тооцож танилцуулсан.
Зургаадугаарт, 2009 оноос хойш Улаанбаатар хотод нийтийн тээврийн парк шинэчлэлийг дорвитой хийгээгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн 75 хувь гаруй нь стандарт хангахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийг орчин үеийн шийдэл бүхий зорчигч нарт ээлтэй, ая тухтай, эрүүл, аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн 500 автобусыг оруулж ирэх зохицуулалт хийж байна. Энэ бол 420 тэрбум төгрөгийн эх үүсвэр дээр хийх төсөл биш, тусдаа хийж буй ажил юм.
Долоодугаарт, гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээвэр гэх нэр томьёоллыг анх удаа Засгийн газарт оруулж байна. Энэ нь 60-70 км цагийн хурдтай хот доторх нийтийн тээвэр юм. Дэлхийн хотуудад гүүрэн тулгуурт нийтийн тээвэр нь хот хооронд явдаг жишиг байна. Ийм шинэ нийтийн тээврийг оруулахаар бэлдэж, энэ ажилд урьдчилгаа болгож, 130 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зохицуулахаар мэргэжилтнүүдтэй ярилцаж байна. Энэ ажил мөн 420 тэрбум төгрөгийн эх үүсвэрт ороогүй, нэмэлтээр хийх ажлуудын жагсаалтад орсон.
Наймдугаарт, Богдхан төмөр замын төсөлд 30 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зайлшгүй газар чөлөөлөлтөд тавьж, Богдхан төмөр замын трассын ажил амжилттай явна гэж үзээд, нийт 420 тэрбум төгрөгийн хоёр хувьтай тэнцэх эх үүсвэрийг тавьсан.
Хамгийн сүүлд нь, иргэдийн дугуйгаар зорчих боломжийг бид цаашдаа нэмэгдүүлэх ёстой. Явган болон дугуйн замыг нэмэгдүүлэх, туслах үүрэгтэй хороолол дундах авто замыг хөгжүүлэх хүрээнд нийт 242.1 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг төсөвт тавихаар ажиллаж байна. Энэ нь нийт төсөвт өртгийн 32 хувийг эзэлж байна. Эдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зайлшгүй чадварлаг, сайн боловсон хүчин хэрэгтэй. Нэгж байгуулахад 4.8 төгрөгийн эх үүсвэрийг тавилаа хэмээн танилцуулав.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав
АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой айлын талын хүсэлтээр хоёр талын уулзалт хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын дүнгээр талууд ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий хоёр улсын Стратегийн түншлэлийг шат ахиулж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохирсныг сайшаан тэмдэглэв.
Тэрбээр уг түншлэлийн ирэх арван жилийн “замын зураглал” болох үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад Монгол, Японы төр, Засгийн газар нягт хамтран ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.
Хоёр улсын бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд бодит илрэлээ олж, гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч мөн Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагааг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв.
Талууд харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын нөхцөл байдал зэргийн талаар ярилцан, “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” үзэл санааны хүрээнд бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хувь нэмрээ оруулж, дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх нэгэн санаа зорилгын дор хамтдаа хүчин зүтгэхийн төлөө буйгаа нотлов.
Уулзалтын дараа Японы Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдийн зоог барилаа.
Тэд 2021 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Глазгоу хотод, 2022 онд Токио хотноо уулзаж байсан юм.
Улстөр нийгэм
Серби улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Гадаад Харилцааны сайд Ивица Дачичтай уулзав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ есдүгээр сарын 20-ны өдөр Серби Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Ивица Дачичтай НҮБ-ын Төв байранд уулзлаа.
Энэхүү уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бэхжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглэж, харилцан ашигтай салбаруудад харилцаа, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхийг эрмэлзэж байгааг илэрхийлэв.
Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол, Сербийн Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт Белград хотноо амжилттай болсонд сэтгэл ханамжтай байгаагаа мөн илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж байгааг танилцуулж, энэхүү бодлогын хүрээнд экспортын чиг баримжаатай эдийн засгийг төлөвшүүлэх, улмаар гуравдагч улсын зах зээлд бараа бүтээгдэхүүний гаргахад онцгой анхаарч байна гэв.
Монгол, Сербийн худалдааны нийт эргэлтийн хэмжээ боломжит түвшнээс харьцангуй бага байгааг онцолж, худалдааны харилцааг идэвхжүүлэх чиглэлээр хамтын зорилго тавьж, хамтран ажиллахад бэлэн байна гэв.
Түүнчлэн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, “Дэлхийн тусгай экспо 2027/28” арга хэмжээг Белград хотноо зохион байгуулах болсонд баяр хүргээд Серби Улс уг экспог амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.
Улстөр нийгэм
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймагт ажиллаж байна. Тэрбээр дулааны станц болон шинэ суурьшлын бүс дэх мах, хүнсний ногооны зоорь болон ингэний сүү боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Баянхонгор суманд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийг хэрэгжүүлж буй бөгөөд энэ оны тавдугаар сард ажил нь эхэлсэн, 2024 оны зургадугаар сард ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.
Хүрээлэн буй орчинд бохирдол бага ялгаруулах 30 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станцын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан Инженеринг” компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “МЭЗ” ХХК ажиллаж байна.
Ерөнхий сайд дараа нь Баянхонгор сумын шинэ суурьшлын бүсэд байгуулж буй зарим бүтээн байгуулалттай танилцлаа. Мах, ногооны зоорийн барилгын ажил энэ оны арванхоёрдугаар сард дуусна.
Хөдөө аж ахуйн кластер байгуулах зорилготой мах, ногооны 1000 тн-ын зоорь ашиглалтад орсноор Баянхонгор аймгийн газар тариалан эрхлэгч болон малчид зориулалтын стандарт агуулахтай болж тарьсан ногоо, малын мах, түүхий эдээ удаан хугацаанд хадгалах нөхцөл бүрдэн шинэ, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангана.
Баянхонгор аймаг 2022 оны мал тооллогоор 45529 тэмээ тоолуулжээ. Үүнээс 17457 нь ингэ байна. Нийт ингэний 50 хувийг нэг ээлжийн саальд хамруулан тооцоход өдөрт найман тонн шингэн сүүний нөөц бүрдэх боломжтой. Энэ нөөцдөө түшиглэн олон улсын стандартад нийцсэн шингэн сүү боловсруулан хатаах үйлдвэр байгуулах гэж байна. Аймгийн хэмжээнд ингэний 30-40 ферм байгуулахад тус аймгийн удирдлага Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ.
Цагт 500 литр шингэн сүү хатаах хүчин чадалтай үйлдвэр байгуулах төслийг “Ингэн эрдэнэ” ОНӨААТҮГ хариуцаж байна. Үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай байна.

-
Шударга мэдээ2022/02/01
ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонго...
-
Улстөр нийгэм2020/11/20
Цаг үеийн асуудлаар сумдын онцгой комисст үүрэг чиглэл өглөө
-
Цаг үе2020/01/30
Шенгений визийн мэдүүлэгт орсон өөрчлөлтүүд
-
Шударга мэдээ2020/07/21
“Жи-Тайм”-ын хохирогчдын хохирлыг шүүгдэгчээс хураасан хөрөнгөөс бар...
Сэтгэгдэл