Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хэрэгцээгүй зөвшөөрөл, захиргааны актуудыг хүчингүй болгоно

Огноо:

,

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Захын хорооллын иргэд 1-2 цаг автобус хүлээж байна. Нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх боломж бололцоо хэр байна вэ?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэх хэрэгтэй. 2021 онд 60 автобус  авахаар тендер зарласан боловч одоог хүртэл шийдэгдээгүй байна. Нэг ч автобус авч чадаагүй. Шалтгаан нь Тендерийн тухай хууль,  аж ахуй нэгж хоорондын маргаанаас үүдэлтэй. Цаашид 500 автобусны тендер зарлавал юу болох бол? Эрх мэдэлтэй хүмүүс нь дарамтлаад, парк шинэчлэлтэд саад учруулаад байна. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 500 автобусны талаарх асуудлаа оруулж, шууд гэрээ хийх боломж бололцоог судалж байна. Мөн УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай Тендерийн тухай хуулиа эргэн харж, ойлгомжтой болгох талаар зөвлөлдөнө. Тендерийн тухай хуулиас болж төлөвлөсөн ажил, төсөл хөтөлбөрүүд дандаа хугацаа алдаж, гацдаг. Одоо байгаа нөөцөөр 537 автобусны ашиглалтын хугацаа дуусаж, стандартад нийцэхээргүй болж байгаа. Нэг ёсондоо, 2009 оноос хойш автобусны парк шинэчлэл хийгээгүй гэхэд болно. Хяналт, шалгалт, хэмжилт хийхэд автобуснуудын ашиглалтыг дахин нэг жилээр сунгах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Бид ч гэсэн автобусны парк шинэчлэлтээ аль болох хурдан хиймээр байна. Гэвч хуульдаа баригдаад, хуулиар тоглосон зарим аж ахуй нэгжээс болж энэ ажил гацаанд ороод байна. Хурдны зам, хөнгөн галт тэрэг зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх гэхээр энэ мэт томоохон компаниудын лобби орж ирдэг.

-Түгжрэлийг бууруулах зөвлөх үйлчилгээнд 11 тэрбум төгрөг төсөвлөснийг тайлбарлахгүй юу?

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:

-Түгжрэлийг бууруулах зураг төсөл, судалгаа, зөвлөх үйлчилгээ гэж байгаа. Нийслэлд 2022 оноос томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Түгжрэлийг бууруулах зорилгоор нийт 90 байршилд холбоос зам, туслах зам, гол замын зураг төслийн ажлыг хийж байгаа. Мөн 1800 метр гүүрний зураг төслийн төсөв, Улаанбаатар хотод шинээр хийх гэж буй тулгуур байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний суурь судалгаа, урьдчилсан ТЭЗҮ, зогсоол, уулзвар шинэчлэлт, явган хүний зам, дугуйн зам, шугам сүлжээ, ногоон байгууламж, үерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтуудын зураг төсөл, зөвлөх үйлчилгээг цогцоор нь хийхээр оруулсан байгаа. 

-Богд Зонхов бурхныг барих зөвшөөрөл олгосон байсан уу?

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга:

-Тасганы овоо орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2004 онд баталсан байдаг. Ерөнхий төлөвлөгөөгөөр бурхан багшийн сэрэг дүр, цэцэрлэгт хүрээлэн байхаар тусгагдсан. Харин 2007 онд Гандан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа уг төлөвлөгөөнүүдийг нэгтгэн, түүх, шашин, соёлын цогцолбор буюу аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөсөн байна. Монгол Улсын Засгийн газар болон Соёлын яамнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургууд батлагдсан. Гэхдээ барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгоогүй. Энэ бол нийслэлээс хийж байгаа ажил биш. 

-Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөж буй хуульд зааснаас бусад бүх төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэсэн үү?

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

–Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулсан. Үндэсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаарддаг аж ахуйн үйл ажиллагаа буюу хуульд зааснаас бусад төрлийн зөвшөөрөл гэж бий. Үүнд нийслэлийн хэмжээнд 42 байгууллагын 600 гаруй зөвшөөрлийн шинжтэй үйлчилгээ байгаа гэж үзсэн. Эдгээрээс судалгаа хийж, шаардлагатай буюу хуульд зааснаас бусад бүх зөвшөөрлийг хүчингүй болгоно. Нөгөө талаас хүнд суртал, шат дамжлагыг бий болгож байгаа шаардлагагүй захиргааны актууд, захиргааны хэм хэмжээг хөнгөвчлөх, хүчингүй болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Сая хэлсэн 600 төрлийн зөвшөөрөл бол зөвхөн мөсөн уулын орой. Үүний цаана бидний нарийн тооцоолоогүй,  хүнд суртал үүсгэдэг үйлчилгээ байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд, бичил бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийн зүгээс уг Ажлын хэсэгтэй идэвхтэй хамтран ажиллаасай гэж хүсэж байна.

-Гараараа давс цацсан асуудалд тайлбар хийнэ үү?

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд:

-Улаанбаатар хотод хоёр удаа багагүй хэмжээний цас орсон. Тухайн компани, удирдлага, ажилчдын хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэн хүний эрүүл мэнд хохирох магадлалтай нөхцөл байдал үүссэн асуудлыг анхааралдаа авсан байгаа. Цаашид уг төрлийн үйл ажиллагааг стандартын дагуу хийж гүйцэтгэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн зам, талбайн цэвэрлэгээ, цас, мөс арилгах үйл ажиллагаанд 20 гаруй аж ахуй нэгж ажилладаг. Тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай зүйлүүд зөндөө бий. Улаанбаатар хотын хэмжээнд давс цацдаг 18 машин байдаг. Энэ мэдээж хангалтгүй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын зүгээс цас арилгах ажилтай холбогдуулан техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхтэй холбоотой төсвийн асуудлыг НИТХ-д танилцуулахаар ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн:

-Ирэх жил зургаан тэрбум төгрөгөөр энэ чиглэлийн техник, тоног төхөөрөмжүүдийг авахаар төлөвлөсөн. Мэдээж бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ тулгамдаад буй гол асуудлуудаа шийдвэрлэхийн тулд эхний ээлжид хөрөнгө, санхүүгээ шийдэх шаардлагатай.

-Туул голын далан дээгүүр авто зам барьж байгаа асуудалд тайлбар өгөхгүй юү?

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:

 -“Хан хиллс” хотхоноос баруун тийш гарсан Туулын гүүр хүртэлх нэг км замын ажлын явц 30 хувьтай үргэлжилж байна. Далангийн ажил бол маш нарийн бөгөөд үе, шат дараалалтайгаар нягтаршуулах үйл ажиллагаа явдаг. Даланг эвдэж, сүйтгэнэ гэсэн тооцоолол байхгүй. Харин далангийн түвшнийг дээшлүүлж, замынхаа ажлыг дуусгана гэсэн байр суурьтай байна.

-Нийслэл дээр хэрэгцээгүй олон төсөл байгаа. Тухайлбал, “Дүүжин тээврийн төсөл” байна. Хэрэгцээгүй төслүүдээ зогсоож болохгүй юу?

-Засгийн газрын хэмжээнд Дүүжин тээврийн төсөлд Ажлын хэсэг байгуулсан бөгөөд одоогийн байдлаар гурван удаа хуралдсан. Дүүжин тээврийн эхний трасс буюу Баянхошууны эцсээс III хорооллын эцэс хүртэлх шугам бий. Тус шугам нь трасст өртсөн буюу газраа өмчилж авсан айлуудын дээгүүр явах тул тухайн айл өрхүүдийн зүгээс трассыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бусад эрсдэлүүдийг тооцоолоод эхний трассыг өөрчлөх чиглэлийг Ажлын хэсэг гаргасан. Дүүжин тээвэр бол хоёр улсын Засгийн газрын хэмжээнд, нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй төсөл. Уг төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд оновчтой байршлын маршрутыг гаргах ажил хийгдэж байна. 2022 он гараад дэлгэрэнгүй танилцуулгыг хийнэ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав

Огноо:

,

Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөт 23, төлөвлөгөөт бус 48 удаагийн хяналт шалгалт зохион байгууллаа.

Зөрчилд холбогдсон 8627 гадаадын иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, 27 аж ахуйн нэгж, байгууллагад зөрчил арилгах талаар албан шаардлага хүргүүлэв.

Зөрчил гаргасан гадаадын иргэдийн 91.1 хувь нь уригч байгууллагаар, 8.6 хувь нь уригч иргэнээр, 0.2 хувь нь хувь хүнээр зөрчилд холбогдсон байна. Зөрчлийг төрлөөр нь авч үзвэл, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх зөрчил 46.1 хувь, хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй зөрчил 41.3 хувийг тус тус эзэлж байна.

Мөн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр 33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

2026 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зөрчилд холбогдсон гадаадын иргэдийн тоо 25.1 хувиар, зөрчил гаргасан уригч хуулийн этгээдийн тоо 16.5 хувиар тус тус өссөн байна. Харин зөрчил гаргасан уригч иргэний тоо 10 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 0.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ

Огноо:

,

Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.

Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ

Огноо:

,

Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.

Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.

Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.

Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.

“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.

Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе20 цаг 1 минут

Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдий...

Цаг үе20 цаг 3 минут

Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт х...

Цаг үе20 цаг 6 минут

Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жу...

Улстөр нийгэм20 цаг 8 минут

Монгол, Тажикистаны хооронд хамтран ажиллах 11 баримт бичигт гарын ү...

Улстөр нийгэм20 цаг 11 минут

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь М...

Шударга мэдээ20 цаг 16 минут

Гадаадын 465 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тог...

Улстөр нийгэм20 цаг 20 минут

Хүүхэд хөгжүүлэх төвийн төсөлд түншлэгч урьж байна

Улстөр нийгэм20 цаг 23 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Цаг үе20 цаг 27 минут

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална

Цаг үе2026/07/21

Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэл...

Санал болгох